Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзжээ

Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзжээ
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 21
Нийслэлийн прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал татаад байгаа зарим хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтын асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн
Энэ талаар НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажилд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс тодорхой баримтуудыг гарган өгч, шалгуулах хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Уг хэрэгт 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ сарын 22-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж байцаалт авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Уг хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг тухайн дүүргийн Прокурорын газраас авах боломжтой.
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг нарийвчлан шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаасан 
Худалдаа хөгжлийн банк "Эрдэнэт"-ийн 49 хувийг ОХУ-аас 400 сая ам.доллараар худалдан авсан асуудлын эх үүсвэр нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Д.Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуульд заасан залилах болон мөнгө угаах хэрэгт яллагдагчаар татах санал ирүүлсэн. Мөн О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг банкны чадварыг алдагдуулсан гэсэн зүйл ангиар тус тус яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа явуулахаар буцаасан. Учир нь "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан 400 сая ам.долларын эх үүсвэрийг төрийн мөнгөнөөс авсан болох нь тогтоогдвол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны асуудал яригдана. Одоогийн байдлаар дээрх дөрвөн хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэсэн асуудал шалгаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд одоогийн байдлаар яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан.
Тагнуулын хоёр ажилтныг саатуулсан байгаа
Зориг агсны хэргийн хувьд өмнөх шүүхийн шийдвэрийн тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тухайн үед хяналт шалгалт хийж байсан хоёр тагнуулын ажилтныг саатуулсана. Энэ асуудал нь нууцын зэрэглэлтэй учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нарийн мэдээлэх боломжгүй.
Хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байна
Нэр бүхий долоон шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Албан ёсоор яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгээгүй. Харин хоёр шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгээс өөр үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн