“Монгол Базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболдтой ярилцлаа.
-Та сайхан өвөлжиж байна уу. Таны ажил сайн уу?
-Сайн. Ах нь хашаандаа мөсөө хөлдөөчихсөн. Зээ нартайгаа хоккей тоглосон шиг амралтын өдрүүдээ өнгөрүүлж байна.
-Таныг хүмүүс Базальт Ариунболд, Шарк Ариунболд гэдгээр нь илүү мэднэ. Харин хоккейн спортын фен. Бүр “Монголын хоккейн холбоо”-ны дэд Ерөнхийлөгч гэдгийг төдийлөн мэдэхгүй байх. Та мөсний спорт тэр дундаа хоккейн спорттой нөхөрлөсөн түүхээ манай уншигчдад ярьж өгөөч?
-Монгол Улсад хоккейн спортын үүсэл хөгжил нэлээд эрт тавигдсан. Намайг хүүхэд байхад Багануур, Шарын гол, Дархан, Улаанбаатарт бол Сансар, 5-р сургууль, Хүүхдийн паркад өвөл болохоор задгай том мөсөн талбайнууд байдаг байлаа. Манай үеийнхэн дунд өвөл Туул голын мөсөн дээр гулгаж үзээгүй хүн бараг байхгүй байх.
Би Таван шарын хүүхэд л дээ. Тиймээс Дунд голын мөсөн дээр гулгана. Манай тэнд хуучин Оросын 12 гэж байлаа. Хайрганы карьерт жижиг нуур тогтчихдог. Эсвэл хойно Мах комбинатаас наашаа урсдаг байсан Бааст голын мөсөн дээр л гулгаж өнждөг байлаа.
Би яг яагаад хоккейн спортод дурласнаа мэдэхгүй юм. Ер нь бол дөрөвдүгээр ангиасаа хойш л гулгасан. Манай аав бас гулгадаг хүн байсан. Би аавынхаа 41 размерын том коньки дотор эсгий дэвсэж байгаад кеттэйгээ баглаад л анх мөсөн дээр гарч байснаа санадаг. Тэгээд л манай ангийнхан шалны модны завсар панер зангидаад клужны урд тал хийгээд мөсөн дээр хамт тоглоно.
Нээрээ амьдрал сайхан шүү. Манай гэр бүлийн хүн бид хоёр арван жилийн нэг анги. Тэгээд л найз охиноо найрах гээд хүүхдийн паркийн мөсөн талбай руу дагуулж явна. Найзуудыг нь хүртэл дагуулж яваад, гулгуулж сургана. Тэгээд гулгаад байж байтал тэр хавийн хүүхдүүд малгай, бээлийг нь шүүрнэ. Тэрийг нь давхиж очоод булаацалдаж авч өгөх чинь баатарлаг үйлс.
Харин оюутан болоод ОХУ-ын Уралын холбооны их сургуульд оюутны лигт тоглож байсан. Тэр үед хамт сурч байсан арав гаруй оюутан хамт хоккей тоглож байсан. Харин сургуулиа төгсөөд армид орж, армийн тэмцээнүүдэд оролцож явсан түүхтэй. Ингэж явсаар өөрийн эрхгүй мөсний спорттой холбогдсон.
-Спортоор хичээллэсэн хүн тодорхой төлөвшил, дадалд суралцдаг шиг санагддаг. Тэгвэл хоккейн спорт хүнд юу өгдөг вэ. Эсвэл танд юу өгсөн бэ?
-Би зээ нартаа “хоккей бол сайхан спорт” гэж хэлдэг юм. Хүн болгон тамирчин болох албагүй. Угаасаа бүгд “NHL”-ийн тамирчин болох албагүй. Гэхдээ миний туршлагаар хүүхдийг багаас нь төлөвшүүлж, хоккейн спортоор хичээллүүлэх нь ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэх, бизнес хийхэд нь нэг том давуу чанар болж хувирдаг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, хасах хорин хэдэн градуст үдээсээ үдээд зогсох тийм ч амар биш.
Би өөрөө ч энэ олон жил зах зээлийн хүнд хүчир даваануудыг туулж, 1990, 2000 оны хэцүү бэрх цаг үеийг туулахад багаасаа хичээллэсэн хоккейн спорт надад тэвчээр, хатуужил өгсөн гэж боддог. Ер нь бол миний хувьд хоккей амьдралын сургуулийн нэг чухал хэсэг байсан. Нөгөө талд болох, болохгүй сошиал хэрүүл, муу муухай улс төрийн хэрүүл ярьж суусны оронд найзуудтайгаа сайхан тоглолт үзээд пиво уугаад, цаг хагас ч гэсэн өөр юм бодохгүй стрессээ тайлна гэдэг сайхан. Тэр хугацаанд толгойд “Яанаа хил хаасан уу, нээсэн үү. Ковид яаж байна” гэдэг бодол нэг ч орж ирэхгүй. Дээр нь хоккей бол сагсанбөмбөг, хөлбөмбөг, регбигийн адил хурд, хүч, тэсрэлт, мэдрэмж, шийдвэр гаргалт гээд хүнээс байж болох бүх чадварыг шаарддаг өрсөлдөөнтэй спорт.
-Цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд гэдгээс гадна спортын нэг гайхалтай зүйл нь хүмүүсийг нөхөрлүүлж, нэг гэр бүл болгон нэгтгэж чаддаг. Дэмждэг багынхаа талаар ярихаараа хамаатнаа, найзаа ярьж байгаа юм шиг байдаг. Болохгүй байгаа тоглогчоо ярихаараа айлд нэг жоохон архи уугаад болдоггүй тэр нөхрөө ярьж байгаа юм шиг ярьдаг. Ингээд харахаар спорт бидний нүдэнд харагдаггүй маш гоё үнэ цэнийг өгдөг юм шиг санагддаг?
-Спорт маш том үнэ цэнэ бүтээдэг. Хамгийн жижиг зүйлээс хэлэхэд би өнөөдөр өвөө болчихсон хүн. Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдүүдээ гар утас, компьютероосоо сал, гадаа гарч тогло гэдэг. Гэхдээ хүүхэд гараад юугаар тоглох юм бэ. Хөөгөөд гаргачихаар хийх юм байхгүй. Бидний үед яаж ийгээд тоглох юмаа олдог байсан. Гэтэл орчин үеийн хүүхдүүдэд нэг юмыг нь хориглочихоор тэрийг нь нөхөх зүйл байдаггүй. Тэгэхээр хамгийн наад зах нь хашаандаа жижиг каток байгуулчихаар манай зээ нар гараад тэрэн дээр гулгадаг.
Дээр нь би өөрийн охин, хүргэнтэйгээ маш том харьцааг үүсгэж байгаа юм. Хэрэв манай гэр бүлд ингэж нэгдэх шалтаг байхгүй бол хүүхдүүдтэйгээ баярын өдрүүдээр ч юм уу хааяа нэг уулзаад зээ нартаа пластик тоглоом ч юм уу ямар нэг бэлэг өгөхөөс өөр харилцаа үүсэхгүй байх. Тиймээс бид нар хамт хоккей тоглодог нэг баг гэсэн үг. Өвөө, эмээ, аав, ээж нь хөтлөөд хамт тоглоно гэдгийн цаана гэр бүлийн хайр, бие биенээ хүндлэх, улам илүү ойлгох үнэ цэнийг бидэнд мэдэгдэхгүйгээр бий болгож байгаа юм.
Түүнээс миний насан дээр хүүхдүүдээ хааяа нэг гэртээ хоол ид гэж дуудна. Тэгээд дуртай дургүй ирэхийн хажууд ямар нэгэн зүйлийг хамтарч хийнэ. Нэг багийг хамтарч дэмжинэ гэдэг амьдралын том үнэ цэнэ. Ийм үнэ цэнэ байж байж бие биенээ дэмжих суурь болдог. Тэрнээс сайхан байлгана гээд заавал баахан үнэтэй байшин сав, машинтай байна гэдэг ердөө л амьдралын хэрэгцээ болохоос бодит үнэ цэнэ биш. Бодит үнэ цэнэ гэдэг бол үр дүн нь 10, 20 жилийн дараа гарах байсан ч хамаагүй бүгд нэг зүйлд дурлаж, нэг зорилготой байх зэрэг харилцааг үүсгэж байгаа зүйлс юм. Үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа энэ харилцаа магадгүй 10, 20 жилийн дараа тэдний амар амгалан амьдрахад хүмүүжил, ёс суртахууныг багад нь шингээж өгөх байх.
Зөвхөн ганцхан гэр бүл дээр гарч ирж байгаа энэ том үнэ цэнэ нийгэмд бүр өргөн хүрээтэй очно. Олон хүүхэд үнэ цэнээр тэжээгдэж өснө гэдэг ирээдүйд нийгэм үнэ цэнэтэй болно гэсэн үг. Монгол Улсад биеэ даасан, дэлхийн иргэдтэй өрсөлдөх чадвартай тийм иргэд зөвхөн спорт гэлтгүй, шинжлэх ухааны бусад салбаруудад нэмэгдэхийн хэрээр монгол хүний үнэ цэнэ дэлхийд нэмэгдэнэ.
Бидэнд ийм л үнэ цэнэд хөрөнгө оруулах нь чухал. Түүнээс өнөөдөр хэдэн алт, нүүрсээ зараад барилга гүүр барих бол бид нарын өнөөдрийн хэрэглээ. Мэдээж энэ бүхэн байх ёстой. Гэхдээ хамгийн том үнэ цэнэ бол дэлхийд өрсөлдөх чадвартай иргэд. Эх орныхоо төрийн дуулал далбаан доор бахархаж, эх орноо хайрлах мэдрэмжийг өгөх нь илүү чухал. Тиймээс бид өнөөдөр яаж ч хэцүү байсан хойч үе, ирээдүйнхээ төлөө тэр дундаа бага насны хүүхдүүдээ маш их хөрөнгө, цаг хугацаа хаях ёстой. Магадгүй хүүхдүүд өнөөдөр алт, зэс, нүүрсийг ойлгохгүй. Гэхдээ энэ хүүхдүүд дөрөв, тавхан сонгуулийн дараа нас биед хүрнэ. Тэр хүүхдүүдийнхээ төлөө өнөөдөр эцэг эх, төр, хувийн хэвшлийн компаниуд нь бүгд анхаарал тавьж байж Монголын ирээдүй гэрэл гэгээтэй болно.
Тэрнээс 1000 машин нүүрс гаргаж чадсангүй, 300 боллоо гэдэг бол ердөө л нэг айл гэрт байдаг цалин их бага буусан тухай л асуудал. Цалин бага буусан үед яаж ийж байгаад л ард нь гардаг биз дээ.
-Та Монголын Хоккейн спортын холбоог танилцуулахгүй юу?
-Монгол Улс өвлийн улиралтай болохоор мөс болон цасан спортын төрлүүд тодорхой хэмжээнд өөр өөрийнхөөрөө хөгжиж ирсэн. Монголын Хоккейн холбоо 1995 онд үүсгэн байгуулагдсан. Холбооны анхны Ерөнхийлөгчөөр Багануур ХК-ын дарга асан Д.Басандорж ажиллаж байсан. Одоо бол Сангийн сайд Б.Жавхлан манай холбооны Ерөнхийлөгч. Харин миний хувьд сүүлийн таван жил Монголын Хоккейн холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Манай хоккейчид сүүлийн жилүүдэд үнэхээр сайжирсан. Залуучууд маань Азийн лигийн хошой аварга болж, бөмбөгтэй хоккейн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн том амжилт гаргасан. Ирээдүйд манай залуучууд хоккейн спортоор өндөр амжилт гаргаж чадна гэдэгт би итгэдэг. Цаашдаа монголд дан ганц хоккей гэлтгүй шорт-трек, уран гулгалт зэрэг мөсний олон спорт хөгжих боломж өндөр харагддаг.
Нэг хэсэг, ялангуяа 2000 оны эхээр хоккейн спорт бараг зогсонги байдалд орчихсон байсан. Тамирчид голцуу задгай талбайд бэлтгэл хийдэг байсан. Бүр Хоккейн холбооны ахлах дасгалжуулагч А.Мэргэн өөрөө тамирчдаа дагуулаад автобусанд суугаад Оросын Улан-Удэ, Чита руу бэлтгэлд явдаг байлаа. Хоккейн спорт өөрөө хэрэгслээсээ эхлээд нэлээд өртөг өндөртэй спорт. Үндсэндээ энэ бол зөвхөн тав, арван төгрөгөөс илүү маш их сэтгэл, зүтгэл гаргаж байж үр дүнд хүрдэг спорт.
Харин одоо бол хөгжил дэвшлээ дагаад өвлийн спорт илүүтэй ордны спорт болж хөгжиж байна. Хэдхэн сарын өмнө Яармагт “Steppe Arena” буюу мөсөн өргөө ашиглалтад орсон. Бид шинэ мөсөн өргөөнд хэдхэн хоногийн өмнө Монголын Хоккейн холбооны лигийн аварга шалгаруулах тэмцээн болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
-Тэмцээний талаар танд нэлээд их ярих сэдэвтэй байгаа болов уу гэж бодож байна. Тэмцээн амжилттай болов уу? Мөн үзэгчийн хувьд гайхалтай байсан гэдгийг хэлье.
-Манай Хангарьд, Шарын гол, Отгон-од Бласт багууд гайхалтай өрсөлдсөн. Хамгийн гайхалтай нь, өмнө нь урлагийн тоглолт, улстөрчдийн сонгуулийн уулзалт дээр л хардаг байсан тийм олон хүн 2600 хүний суудалтай ордон дүүрэн цуглаж, дэмждэг багынхаа хувцсыг өмсчихсөн, бөмбөр нүдэж, уухайлж дэмжиж байгааг харах үнэхээр сайхан байсан. Би өмнө нь Монголд хөлбөмбөг, сагсанбөмбөг, үндэсний бөхийн олон тоглолт, барилдаан үзэж байсан ч хөгжөөн дэмжигчдийн тийм сайхан уур амьсгал, эерэг энергийг анзаарч байгаагүй юм билээ.
Залуусын хувьд ч амралт чөлөөт цагаа соёлтой өнгөрүүлэх, сэтгэлийн хөдлөлөө спортоор дамжуулан гаргах тренд үүсгэх том боломж гарч ирж байгааг олж харсан. Цаашид энэ урам зоригоороо лигийн аварга, өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг улам өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Ирэх жил өрсөлдөх багуудын тоо, чансаа улам нэмэгдэж, сайжрах байх.
-Үзэгчийн хувьд мөсөн өргөө чөлөөт цагаа өнгөрүүлэхэд үнэхээр сайхан орчинтой, ая тухтай санагдсан. Харин зохион байгуулагчид болон хоккейн тамирчдын хувьд дотор ордонд бэлтгэлээ хийж, өрсөлдөх үнэхээр өөр байгаа байх?
-Хоккейн спорт гэлтгүй мөсөн спорт хөгжих нэг том суурь нь бэлтгэлийн заал, төвүүд байдаг. Өмнө нь манай тамирчид өвөл хүйтэнд гадаа бэлтгэл хийдэг байсан. Хүйтэн контейнерт тийм ч тухтай байхгүй нь тодорхой. Зөвхөн үүнээс болоод олон авьяастай залуус шантраад спортоо орхиж байсан. Харин сая шинэ мөсөн талбайтай болсны дараа олон хүн спортдоо эргэн ирж, бүр тарчихсан байсан баг хүртэл буцаад нэгдсэн нь үнэхээр урамтай байлаа.
Сайхан мэдээ дуулгахад Чингэлтэй дүүрэгт бараг энэ ондоо багтаад дахиад нэг мөсөн спортын заал бий болох гэж байна. Мөн ирэх жил Сонгинохайрхан дүүрэгт бас нэг мөсөн спортын өргөө бий болох гэж байгаа. Дээр нь хоккейн спортын өлгий нутаг болох Дархан хотод дараа жил гэхэд мөсөн ордон ашиглалтад орно. Эрдэнэтэд ойрын нэг, хоёр жилдээ бас нэг мөсөн ордон ашиглалтад орох байх.
Улмаар хот болгон мөсөн талбайтай болж, бэлтгэл сургуулилт сайжрахын хэрээр тэмцээнүүд чанартай, өрсөлдөөнтэй болно. Цаашлаад Ази тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцох сайхан үүд хаалга, боломж нээгдэнэ гэж харж байна. Магадгүй ойрын 10-15 жилд Монголын Хоккейн шигшээ баг өвлийн олимпын наадамд өрсөлдөөд явж байхыг үгүсгэхгүй. Надад ийм итгэл төрдөг.
-Өвлийн олимпод өрсөлдөх шигшээ баг бэлтгэгдээд эхэлсэн харагдсан. Танай компани саяхан байх “Базальт цом 2021” хүүхдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Та энэ тэмцээний талаар ярьж өгөхгүй юу. Та нэлээд сэтгэл хөдлөлтэй, баярласан харагдсан?
-Үйлдвэр технологийн компанийн хувьд “Монгол Базальт” ХК хүүхдийн инженерийн боловсролыг хөгжүүлэхэд олон жил анхаарч ирсэн. Манай Юнимат клуб хүүхдийн технологийн зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Мөн дунд сургуулиудыг технологийн танхимтай болгож, сурагчид математик, байгалийн шинжлэх ухааны хичээлээр сурсан мэдлэгээ технологийн хичээл дээр тоглонгоо баталгаажуулж, гар ур чадвараа дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Монгол Улсад ерөнхий боловсролын мянга гаруй сургууль байдаг. Үүний 30 хувь буюу 330 гаруй сургуульд гадна болон дотоодын хөрөнгө оруулалтаар Юнимат сургалтын технологийн танхимтай болгосон. Бидний энэ ажил шинэ үеийн дараагийн инженер, зохион бүтээгчдийг бэлтгэхэд том хувь нэмэр оруулна гэж боддог.
Үүнтэй зэрэгцэн хүүхдийг спортоор хичээллүүлэх, биеийн хөгжил, эрүүл мэндэд анхаарах шаардлагатай. Тиймээс би өөрөө хоккейн спортод дуртай. Олон жил тоглосон. Мөн Монголын Хоккейн холбооны дэд Ерөнхийлөгчийн хувиар энэ жил өсвөрийн хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнийг компанийнхаа нэрэмжит болгож, “Базальт цом 2021” нэртэй зохион байгуулсан. Мөсөн өргөөнд болсон “Базальт цом 2021” тэмцээнд 5-10 насны гурван баг, 10-12 насны гурван баг амжилттай оролцсон.
Хүүхдүүд одоо 3-5 наснаасаа мөсөн дээр гулгаж эхэлж байна. Бидний үед 12-15 насандаа голын мөсөн дээр анх гулгаж үзэж байлаа. Ер нь ямар ч спортод хэдий чинээ багаасаа хичээллэж эхэлнэ төдий чинээ амжилтад хүрдэг. Жишээ нь, монгол хүүхдүүд дөнгөж гурван наснаасаа морь унаж эхэлдэг учир монголчууд моринд эрэмгий байдаг. Тиймээс Монголын хоккейн ирээдүй надад маш гэрэл гэгээтэй харагдаж байгаа.
Монголын Хоккейн холбооны ахлах дасгалжуулагч А.Мэргэн Нүхт спорт төвд “Мэргэн хоккейн сургалтын академи” байгуулсан. Би өвөл хүүхдүүдтэйгээ тэнд очиж хоорондоо нөхөрсөг тоглолт хийдэг.
Мөн Яармагийн Хүннү моллд өглөө 08:00 цагаас, орой 09:00 цагт тоглодог. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ дур сонирхлыг дэмжиж, шөнө орой болтол хүлээж, хүүхдийнхээ төлөө явдагт маш их баярладаг. Манай зарим хүүхдийн ээж жирэмсэн, дүүг нь тэвэрчихсэн л хүлээж байдаг. Дээр нь овор хэмжээ ихтэй, хүнд хоккейн хувцас хэрэглэлийг бараг чемодан шиг том цүнхэнд хийгээд ирдэг.
Хүүхдийнхээ төлөө ийм их сэтгэл гаргаж байгаа эцэг эхчүүдийн ачаар мөсөн өргөөд болсон хүүхдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маш үзүүштэй, өрсөлдөөнтэй болсон. Тэмцээн дээр хүүхдүүдийн харуулсан ур чадвар, техник бол тэдний ард байгаа уйгагүй эцэг эхчүүдийн гавьяа юм. Манай хүүхдүүдийн аав ээжүүд ер нь ихэнх нь чам шиг залуу эцэг эхчүүд байдаг. Гэтэл нэг коньки гэхэд л хамгийн багадаа 250 мянган төгрөг, цохиур мод гэхэд шинээрээ 300 мянгаас сая гаруй төгрөгийн үнэтэй байдаг.
Мөн спортын тэмцээн уралдаан, тамирчин хүний хамгийн гол амжилт нь бэлтгэл, сургуулилтаа таслахгүй байх явдал. Долоо хоног болгоны баасан, бямба, ням гаригийн оройн 09:00 цагаас шөнө 00:00 цаг хүртэл бэлтгэлээ нэг ч таслалгүй хийдэг 8-10 настай хүүхдүүд маань надад гайхалтай санагддаг. Энэ их сэтгэл, зүтгэл надад маш их урам зориг, итгэл найдвар төрүүлдэг. Харин цаашид хүүхдийн авьяас, хүсэл сонирхлыг улам хөгжүүлж, чадварыг сайжруулах мэргэжилтэн болон дасгалжуулагчдыг бэлдэж, сайжруулах шаардлага харагдаж байгаа.
-Нээрээ манайд хоккейн хэдэн клуб байдаг вэ. Монголын хоккейн спортын хөгжил ямар шатанд явна вэ?
-Монголд хүүхдийн 12 клуб байдаг. Өнгөрсөн тэмцээнд зургаан баг нь өрсөлдсөн. Нэг баг нь хүүхдүүд нь бүрдээгүй учраас бусад багуудтай нэгдэж тоглосон. Харин насанд хүрэгчдэд Бласт-од, Хангарьд, Шарын гол, Багануур, Дарханд хоёр, гурван клуб гээд нийт арав гаруй клуб байна.
Энэ дашрамд Монголын хоккейн спортын хөгжлийн төлөө маш их хүчин чармайлт, сэтгэл гарган ажилладаг багийн эздэд талархах нь зүйтэй болов уу. Ер нь өнгөрсөн тэмцээнээс харахад олон бизнес эрхлэгч, компаниуд багтай болох сонирхол ажиглагдсан. Нэг талдаа хоккей спорт боловч цаанаа компаниуд ивээн тэтгэдэг багаараа дамжуулан өөрсдийн бизнесийг сурталчлах, маркетинг хийх том боломж, зах зээл байдаг.
Өмнө нь бид нас насны ангилалд жил бүр тэмцээн уралдаанаа тогтмол зохион байгуулдаг байсан ч бараг хэн ч мэддэггүй байсан. Хааяа нэг телевиз ирж гадаа хөлдөж үхэх гээд зогсож байгаа дуртай хэдэн нөхдийг сурвалжлахаас хэтэрдэггүй байлаа. Одоо бол мөсөн өргөөнд үзэгчид гоё хувцсаа өмсөөд, ундаа, пиво уугаад, хоолоо идээд, дуртай багаа хөгжөөн дэмжиж, аз жаргал мэдэрч байгааг Монголын хоккейн спортын шинэ түүх гэж хэлж болох юм. Үндсэндээ Монголын спортын түүхийг бараг мөсөн ордноос өмнөх болон дараах гэж хоёр хувааж болох байх.
-Ажиглаад байхад ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудад багийн спорт өндөр хөгжсөн байдаг. Эсрэгээрээ хөгжил буурай болон хөгжиж буй орнуудын багийн спорт нэлээд хойно үлдсэн нь харагддаг. Жишээ нь, хөлбөмбөг л гэхэд Азийн хамгийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгосын тамирчид л ихэвчлэн Европын топ лигүүдэд тоглодог. Та мөсөн өргөөтэй болсон нь Монголын хоккейн спортын хөгжлийн шинэ түүхийг эхлүүллээ гэлээ. Тэгвэл манайд багийн спортын төрлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь манай улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотой болов уу гэж бодогдож байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?
-Яг зөв. Манай эдийн засаг 1990-2000 онд уналттай байсан. Зах зээлийн шилжилтийн үед юун баг байтугай нэг хүний спорт хүртэл дагаад унасан. Тэр үед талхны мөнгө яая даа гэж явсан олон авьяаслаг тамирчин, мундаг хүмүүс гудамжинд гарч байсан.
Мэдээж өнөөдөр манай улсад сайн, муу зүйлс бий. Гэхдээ эдийн засгийн хөгжилд зах зээлд оролцож байгаа хувийн хэвшлийн олон мянган компаниудын өөр өөрийн салбартаа хийж байгаа үйл ажиллагаа, дэвшил, тэлэлтүүд хамгийн хүчтэй түлхэц өгч байгаа. Хууль эрх зүй, улс төрийн хувьд олон сөрөг зүйл байгаа ч нөгөө талдаа чамлахаар чанга атга гэдэг шиг Монголын эдийн засгийг авч яваа хувийн хэвшил тодорхой түвшинд хүрч чадсан. Тиймээс хувийн хэвшлүүд эдийн засгийн тодорхой хэсгийг тэжээж, тэтгэж байгаагийнхаа хувьд багийн спортыг хөгжүүлэх үндсэн том суурь болж байна.
Саяхан олимпын наадамд Монголын “3x3” сагсанбөмбөгийн шигшээ баг өндөр амжилттай оролцлоо. Хэдий жүдо нэгийн эсрэг нэг тулааны спорт ч багаараа барилдаж, багаараа хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг. Эдгээрийн ард дандаа хувийн хэвшил байж, тэднийг дэмжиж ирсэн. Мөсөн өргөө буюу “Steppe Arena”-гийн хувьд ч үүнийг П.Цагаан, Н.Батмөнх тэргүүтэй “Ачит-Ихт” компани бусад хувийн хэвшлүүдийн хамтаар бий болгосон.
Дэлхий дээр хөлбөмбөгийн Английн прьемер лиг, АНУ-ын хоккейн “NHL”-ын багийн ард дандаа том эзэд, компаниуд байдаг. Тэд нар бол зүгээр нэг манай ноолууран цамцыг аваач, манай махыг аваач гээд явахаасаа илүүтэй өөрийнхөө багаар дамжуулан бизнес, үйл ажиллагаагаа сурталчлах, нэр хүндээ улам өсгөдөг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг спортод дуртай, эсвэл хоббигоороо хийдэг ажил гэхээс илүүтэй дэлхийд өөрийгөө таниулах том боломж юм.
Монголын Хоккейн холбооны лигийн аварга шалгаруулах тэмцээнийг сая түүхэнд анх удаа “MNB Sport” суваг шууд дамжууллаа. Бүр тоглолт бүтэн үзүүллээ шүү дээ. Дээр нь мөсөн өргөөний орчин, гэрэл, дуу чимээ, уур амьсгал бол яг л “NHL”-ын тоглолт үзэж байгаа юм шиг сэтгэгдлийг хүмүүст төрүүлсэн байна лээ. Манай найзууд залгаад “Хүүе манай залуучууд чинь бүр яг Colorado Avalanche, Pittsburgh Penguins хоёр тоглоод байгаа юм шиг харагдаж байна. Манайхан чинь дутахааргүй болчихсон байна шүү дээ” гэж байсан.
Магадгүй манай бизнесүүд хоккейн спорт, багуудаар дамжуулан бизнесээ сурталчлах суваг хайж байж болох юм. Тэгвэл би үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.