Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

М.Оюунцэцэг: Орон нутагт ядуурал улам гүнзгийрч, тэтгэмжээр амьдардаг бүлэг үүсч байна

М.Оюунцэцэг: Орон нутагт ядуурал улам гүнзгийрч, тэтгэмжээр амьдардаг бүлэг үүсч байна
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 10
Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Хамгийн сүүлд буюу 2020 оны ядуурлын түвшин 27.8 хувьтай гарлаа. Энэ нь 2018 онтой харьцуулахад 0.6 хувиар буюу ядуу хүний тоо 1500-аар буурсан дүн. Гэхдээ Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэдэг статистикт мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүйг мэргэжилтнүүд онцолж байна. 
2020 онд ядуурлын шугамын дөнгөж дээр буюу ядуу гэдэг ангилал руу орох иргэдийн тоо нийт хүн амын 15 орчим хувийг эзэлж байгаа аж. Орлого нь тасалдах, эсвэл төрөөс олгож буй хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмж зогсоход ядуу иргэдийн тоо улам өсөх дүр зураг ч ажиглагдсан байна. Хөдөө орон нутагт ядуурлын хувь хэмжээ буурахгүй, ажил эрхлэлт нэмэгдэхгүй, зөвхөн халамжаар амьдардаг бүлэг үүсжээ. Аймгаар нь ядуурлын түвшин авч үзвэл, Говь-Алтай аймаг хамгийн өндөр /42.4 хувь/ бөгөөд хоёр хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Харин ядууралд бага өртөж байгаа аймгаар Өмнөговь аймгийг нэрлэжээ. 
2020 оны ядуурлын түвшингийн талаар Үндэсний статистикийн хорооны Өрхийн судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Хөдөө орон нутагт ядуурал өндөр, буурахгүй байгаа шалтгааныг хэрхэн дүгнэсэн бэ?
-Нийт хүн амын 30-40 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 30 хувь нь ядуу амьдарч байна гэдэг нь өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, аймаг, сумын төвд амьдарч байгаа гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Ядуу амьдарч байгаа гол шалтгаан нөхцөлийг гарахаар ажлын байр байхгүйтэй шууд холбоотой. Ялангуяа аймаг, сумын төвд амьдарч байгаа иргэдэд ажлын байр алга. Ажилгүй хүмүүс төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн орлогоос л хамааралтай байна. Тэтгэвэр тэтгэмж нь нэмэгдэхгүй бол хэрэглээ нь нэмэгдэхгүй өрхүүд олон. Зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байхад нөгөө талд халамжаар амьдарч байгаа хүмүүсийн орлого бага, хязгаарлагдмал байгаа тул ядуурал буурахгүй байна.
Хоёрт, малчин өрхүүдийн дийлэнх нь ядуу амьдарч байна. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа тохиолдолд тухайн өрхүүдийн орлого өснө. Гэхдээ энэ нь улирлын шалтгаантай. Жишээ нь, малаа худалдаалсан орлого нь намар өндөр байдаг. Ноолуурын орлого нь хавар өндөр байна. Үндсэндээ намар, хавартаа л өндөр орлого олж, бусад үедээ орлогогүй шахуу амьдарч байна. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ унасан тохиолдолд орлого нь буурч, түүнийгээ дагаж хэрэглээ, амьжиргаа нь сайжрах боломжгүй болж байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өндөр, үнэ цэнэтэй байлгахын тулд аж үйлдвэрээ хөгжүүлж, боловсруулах шаардлага байсаар байна. Малаас гарч байгаа бүтээгдэхүүнийг байнгын эргэлтэд оруулаад байвал малчин өрхүүдийн орлого тогтмол өсөх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.
undefined
-Олон нийтийн дунд ядуурлын түвшин буурсан гэдэгтэй санал нийлэхгүй байх хандлага байсан. Нөгөө талд цар тахал ард түмний амьдралд илүү дарамт болж, орлого буурсан байх?
-Ядуурлын түвшин 2018 оныхоос мэдэгдэхүйц буурсан гэж үзэх боломжгүй. Ядуу өрхүүд орлогоо өсгөж чадаагүй, нэгэн хэвийн амьдралдаа л байна. 2018 онд ядуурлын түвшин 28.4 хувь буюу 905 мянган хүн ядуу байсан.  2020 онд 27.8 хувь буюу 903 мянган хүн ядуу амьдарч байна. Үндсэндээ 900 гаруй хүн ядуу амьдарсан хэвээр л  байна шүү дээ. Хэдийгээр өмнөхөөсөө 0.6 хувийн бууралттай байгаа ч үүнийг бодит байдал дээр бууралт гэж хэлэхэд хэцүү. 2018 онд ядуу байсан хүн 2020 онд явуу хэвээрээ л байна. Цар тахалтай холбоотойгоор ядуурлыг нэмэгдүүлэхгүй барьж авсан зүйл бол Засгийн газраас санхүүжүүлсэн мөнгөн тэтгэмж. Сарын 500 мянгаас дээш орлоготой өрхийн 50-иас дээш хувийг тэтгэвэр тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа юм. Цар тахлын үед Засгийн газраас шилжүүлж буй тэтгэмж нь тухайн өрхийн өдөр тутмын хэрэглээг хангахад зарцуулагдсан. Бэлэн мөнгөний тэтгэмж нь өрхийн амьжиргааг торгоож, ядуурал руу гүнзгий унагаачихгүй байлгахад дэм болсон.
Нөгөө талд энэ нь 2020 оны судалгааны дүн. Хэдий 2020 онд  цар тахал гарсан ч манай улс хатуу хөл хорио тавиагүй, ажил үйлчилгээ хэвийн байсан. Харин дотооддоо 2020 оны сүүлээс  хөл хорьж эхэлсэн. Тиймээс 2020 оны үзүүлэлтэд цар тахлын нөлөө төдийлөн сайн суугаагүй. 2021 он нэгдүгээр улирлаас өрхүүдийн цалингийн орлого буураад эхэлсэн. Мөн хил хаалттай, барааны хомсдолд орж, үнийн өсөлттэй, эдийн засгийн хувьд хямралтай жил болсон. Тэгэхээр 2022 оны судалгааны дүнд 2021 оны хямралтай байх эрсдэл байгаа учраас ядуурал өсөх магадлал өндөр.
-Ядууралд өртөх эгзэгтэй бүлгийн тоо нэлээд өндөр гарсан байсан. Хэрвээ Засгийн газраас хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмжийг зогсоовол нийт хүн амын 15 хувь ядуу ангилал руу орох эрсдэлтэй гэж байсан. Энэ хэр бодитой вэ?
-2018 оны судалгаагаар нийт хүн амын 13.9 хувь нь ядууралд өртөх өндөр эрсдэлтэй гэж харсан. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 40-50 хувь ядуу болох эрсдэл байсаар нь байгаа. 2020 онд энэ эрсдэлийг торгоож чадсан зүйл нь бэлэн мөнгөний шилжүүлэг байсан. Хэрвээ Засгийн газраас ямар нэгэн байдлаар шилжүүлэг хийгээгүй байсан бол 2018 онд ядуурлын шугам руу ороход бэлэн байсан 15 хувь ядуу ангилалд орж, 2020 оны ядуурлын түвшин 40 хувьтай гарах магадлалтай байсан.
-Ядуурлын түвшинг гаргахдаа хэрэглээгээр тооцож гаргасан. Нэг хүний сард хэрэглэх хэрэглээний зардал 184 мянга 747 төгрөгөөс доош байгаа нөхцөлд ядуу хүн ам гэж үзсэн байсан. Тэгэхээр хэрэглээгээр нь нийгмийн тэгш бус байдлыг харж болох уу?
-Монгол Улсын хэмжээнд 3.3 сая иргэний нийт хэрэглээндээ зарцуулж байгаа зардлаар нь таван тэнцүү бүлэгт хуваадаг. Ингэхэд хамгийн бага хэрэглээтэй 20 хувь нь нийт хэрэглээний наймхан хувийг зарцуулж байгаа юм. Гэтэл хамгийн их хэрэглээтэй 20 хувь нь нийт хэрэглээний 40 хувийг эзэлж байна. Маш өндөр хэрэглээтэй нь зардал өндөр гаргадаг. Ядуу хүмүүс хэрэглээндээ маш бага зардал гаргадаг. Энэ нэг талаараа хэрэглээний зардлыг харуулж байгаа ч цаанаа нь баян, хоосны ялгаа хэт зөрүүтэй байгааг харуулж байна.
-Статистикийн газраас дундаж цалинг танилцуулдаг. Улсын хэмжээнд дундаж цалин 1.3 сая төгрөгт хүрсэн байсан. Гэхдээ бодит байдал дээр 1.3 сая төгрөгийн цалин авахгүй байна гэж шүүмжилдэг шүү дээ. Үүнийг тайлбарлаж өгөөч?
-Дундаж цалинг сар бүр НДШ төлсөн дүнгээр нь тооцсон дүн бөгөөд албан ёсоор цалингаасаа НДШ төлдөг  хүмүүсийг дунджилж тооцоход дундаж нь сардаа 1.2-1.3 сая төгрөг гэж гардаг. Үүнийг олон нийт “бид ийм цалин авдаггүй” гэж дургүйцдэг. Гэтэл дундаж гэдэг нь өндөр цалинтай хүмүүсийн цалингийн нөлөө ордог. Нийт ажиллагсдын 50 хувь нь 900 мянгаас доош цалинтай. 900-1.2 сая цалинтай нь 20-30 хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл нийт ажиллагсдын 70 хувь нь 1.2 саяас доош цалинтай байхад үлдсэн 30 хувийн 5-10 хувь нь тав, арван сая төгрөгийн цалин авдаг. Эдгээр хүмүүсийн цалинг оруулж дунджлаад бодоход 1.2 сая орчим гардаг. Гэхдээ цалинтай ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 50 хувь нь 900 мянгаас  доош цалин авч байна. Хөдөлмөрийн хөлс бага үнэлэгдэхээр ажил хийх сонирхол буурч байна. Төрөөс олгож байгаа 460 мянга гаруй төгрөгийн тэтгэмжээ аваад ажил хийхгүй байх сонирхол байгаа нь ажиглагдсан. 2018 онд нэг өрх ойролцоогоор 200 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийн орлоготой байсан. Харин 2021 оны хоёр, гуравдугаар улиралд нэг өрх дунджаар 461 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.
Төрөөс өгч байгаа халамжаар өнөө маргаашийнхаа хэрэглээг болгож байгаа учраас ажил хийх идэвх буурах хандлагатай байна. Тиймээс дундаж цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, цагийн хөдөлмөрийн хөлсний өртгийг нэмэгдүүлэх бодлого барих шаардлагатай. 
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн