Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Б.Лакшми: Мөнгө хэвлэх нь олон эрсдэл дагуулна, Монголбанк хараат бус ажиллаж чадахгүй байна

Б.Лакшми: Мөнгө хэвлэх нь олон эрсдэл дагуулна, Монголбанк хараат бус ажиллаж чадахгүй байна
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 9
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч  Б.Лакшмитай ярилцлаа.
-Нийгэмд тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд нэлээд маргаан дагуулж байна. Таны хувьд тэтгэврийн зээл тэглэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Монголын эдийн засаг энэ шийдвэрийг даах боломжтой юу?
-Монголын эдийн засаг бэлэн мөнгө тараах эрсдэлийг даах боломжгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Ахмадуудын тэтгэврийн зээлийг  нэг удаа тэглэнэ гэж байгаа нь МАН, АН өнгөрсөн сонгуулиар иргэн бүрт 1, 1.5 сая төгрөг олгоно гэж бэлэн мөнгө тараасантай утга нэг амлалт юм. Үүний төлөөсийг намууд, эрх баригчид биш Монголын ард түмэн, улсаараа үүрдэг. Гол аюулд нь төгрөг суларч, инфляц өсөхөөс эхэлдэг. Хоёрт, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр зорилтот бүлгээ онилж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэтгэврийн зээлийг ахмадууд ихэнхдээ үр хүүхдүүд нь авсан байдаг. Гуравт энэ шийдвэрийн цаана дараа нь үүсч болох гинжин  эрсдэл байна. Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа юм бол малчдын зээл, цалингийн зээл, ипотекийн зээлийг тэглэх хүлээлт үүснэ шүү дээ. Ер нь тэтгэврийн зээл тэглэнэ гэдэг бол богино хугацааны шийдэл, урт хугацаанд ахмадуудын амьдралын чанарыг сайжруулж чадахгүй. Харин урт хугацаанд Монгол Улс тэтгэврийн реформ хийх ёстой. Ингэж чадвал бид тэтгэврийг хангалттай төвшинд нэмэх боломжтой. Өнөөдөр нийгмийн даатгалын эх үүсвэрээр төсвийн алдагдлыг нөхөж ирсэн. Үүнийг өөрчлөх цаг болсон.
-Тэтгэвэр тэглэх эх үүсвэрийг бонд босгох замаар олно гэж тайлбарлаж буй. Гэхдээ бодлогын хүүгээс хоёр дахин бага хүүтэй бондыг худалдан авагч зах зээлд бий юу?
-Дотоодын зах зээлд бонд гаргана гэж зарласан. Өнөөгийн нөхцөлд дотоодод бонд босговол худалдан авагч байхгүй юм болов уу гэж харагдаж байна. Учир нь гол худалдан авагч ихэнхдээ банкууд байдаг.  Банкуудын нөхцөл байдлыг харахад эрүүл тогтолцоотой, тодорхой хэмжээний нөөц бололцоотой банк төдийлөн харагдахгүй байгаа.  Үүнтэй холбоотойгоор дотоод зах зээлд бонд босгоход хүндрэлтэй байна. Хоёрт зах зээлийн үнээс хамаагүй бага хүүтэй бонд босгох нь гэж харж байна. Энэ хэр зөв шийдэл вэ гэдэг дээр нь асуулт гарч байна.
-Хэрвээ худалдан авагч байхгүй бол Төв банк эх үүсвэр гаргах байх л даа?
-Бонд гаргахаас үүдэн Монголбанкнаас мөнгө хэвлэх арга хэмжээг авбал эргээд эдийн засагтаа том дарамт авчирна. Хамгийн түрүүнд төгрөгийн ханш хүчтэй суларч, инфляц  өснө. Монгол Улсын эдийн засаг маш жижиг, эмзэг учраас их хэмжээний мөнгө оруулсан тохиолдолд төгрөгийн ханшийн огцом сулралд нөлөөлнө. Энэ  нь цаашлаад  ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Эрх баригчид тэтгэвэр тэглэнэ гэдэг амлалтаа биелүүллээ гэхэд эцсийн дүндээ хохирлыг нь нийт ард түмнээрээ үүрнэ. Хамгийн их өртөх, нөлөөлөх хэсэг бол эмзэг бүлгийнхэн байх болно. Дунджаас доогуур орлоготой айл өрхүүдэд төгрөгийн ханшийн сулрал, хэрэглээний үнэ өсөх нь хамгийн хүндээр тусна.
-Уг нь Төв банкны гол үүрэг, бодлого нь  төгрөгийн ханшийг чанга, инфляцыг нам, тогтвортой байлгахад  чиглэж байгаа шүү дээ. Гэтэл энэ бодлогынхоо эсрэг ажиллах улс төрийн байгууллага болох нь гэж  харагдаад байна шүү дээ?
-2020 онд инфляцын төвшинг найман хувьд барих бодлого баримтална гэж Төв банк мөнгөний бодлогын баримт бичигтээ тусгасан. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрийг харахад инфляцыг найман хувьд барих боломж багасаж байна. Хоёрт, Монголбанк хараат бус үйл ажиллагаа хэзээ ч явуулж чадахгүй гэдэг нь харагдаж байна.  УИХ-аас удирдлагуудынх нь томилгоо хийгддэг, улс төрөөс хараат байгууллага болсон. Уг нь хуульдаа Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жил сонгоно гэсэн байдаг ч өнгөрсөн 30 жил ганцхан хүн бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээсэн, бусад нь дандаа сонгуулийн мөчлөгөөр томилогдож байна. Сүүлдээ бүр богиносож, Засгийн газар шиг хоёр, хоёр жилээр солигддог хандлага ажиглагдаж байна. Хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал бүрдэхгүй байх шиг.
-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Төсвөөс гадуур бэлэн мөнгө хэвлэх, тараах зэрэг халамжийн бодлого нь валютын сангийн хөтөлбөрийн үр дүн болоод гаднын байгууллагуудын цаашдын харилцаанд ямар байдлаар нөлөөлнө гэж та харж байна вэ?
-ОУВС-гийн хөтөлбөр энэ жилийн тавдугаар сард дуусна. Сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирж, ээлжит үнэлгээгээ хийгээд явсан. Энэ үеэр Монгол Улсад хоёр гол зөвлөмжийг өгсөн. Төсвийн  хөрөнгө оруулалтыг багасгах. Хоёрт, 2021 оноос эргэн төлөгдөх хуваарьтай өр төлбөрүүдийн бэлтгэлийг хангах чиг өгсөн. Гэтэл энэ жилийн төсвийг харахаар хөрөнгө оруулалтын зардлыг хэтэрхий өндөр тавьсан байгаа. Энэ бүгдээс харахад Засгийн газар болон Монголбанк хөтөлбөрийн хүрээнд тохирсон амлалт үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болж байна. Цаашдаа ОУВС-гаас хийх ээлжит төлбөрүүд гацах магадлалтай. Хэрвээ  хөтөлбөр амжилттай хэрэгжээгүй гэсэн мэдэгдлийг гаргавал олон хүндрэлийг дагуулна. Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, өр төлбөртэй холбоотой зардлууд өснө.
-Ярилцсанд баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн