Баяр наадмын өдрүүдээр Монгол Улсад олон жуулчин ирдэг билээ. Тэдний нэг болох OZY сэтгүүлийн нийтлэлч Жеймс Ватсоны Монгол Улсад зочилсон наадмын тэмдэглэлийг хүргэж байна.
Монголд өнгөрүүлсэн хоёр сар гаруйн хугацаа одоо ч надад мартагдаагүй байна. Дэлхийн алс хязгаар нутаг Монголд очих боломж олдсон нь 20 настай сониуч миний хувьд үзэж харсан бүхнээ сонсохыг хүссэн хэн бүхэнд дуулгах хүсэл дүүрэн байна. Монголыг орхиж явахаас ердөө 10 хоногийн өмнө та бүгдийн өмнө нь хэзээ ч харж үзэж байгаагүй “Наадам” хэмээх баяртай танилцах боломж надад олдож, дэлхийн газрын зураг дээр энэ улсыг тодоос тод тэмдэглэн үлдээх болсон юм.
Энэхүү баяр зун бүр болдог нэг ёсны Монголын спортын наадам бөгөөд ихэнх газарт долдугаар сард болж өнгөрдөг. Үндэсний уламжлалт баяр нь Чингис хааны өдрүүдээс огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр байгаа мэт надад санагдсан. Бид бүтэн нэг өдөр хагас явж байж нийслэл хотоос гарч хаа ч харж болох “Хөдөө” гэж тодорхойлогдох газарт нэгэн айлд зочилж очсон юм.
Гэрийн эзэн бид хоёр анлиар дутуу дулимагхан ойлголцож, харин түүний эхнэр болон хүүхдүүд нь англиар огт ярьдаггүй байлаа. Өргөн уудам тал хээр нутагт амьдарсаар ирсэн өвөө, эмээ нарын хувьд бүр ч “таг” гэдэг нь ойлгомжтой биз. Бид Монголын уламжлалт сууц болох гэрт орж ирэхэд айлын өвөө өөрийн өсгөж хариулдаг хэдэн зуун мал сүргээ хураахад туслуулахаар намайг авч явсан юм.
Бидний харилцаа ердөө л дохио зангаагаар ойлголцож, мал сүргээс эрүүл харагдаж буйг нь сонгон гэрт авч ирэн түүгээрээ хоол хийж идэцгээв. Хонины тархинаас эхлээд чөмөгний ясыг хүртэл хоолондоо ашиглаж, үндэсний цай болох давстай сүүтэй цайг өглөө, өдөр, орой гээд бүх хоолон дээр ууж байв. Нэг шөнө гэдэс минь эвгүйрхэж, суулгаж эхлэх нь тэр. Бүх л шөнийн турш үргэлжилсэн суулгалтыг минь зогсоох гэж айлын өвөө намайг хундага архи уухыг санал болгосон ч тэр нь надад дэмий санаа шиг санагдаж татгалзсан юм.
Ингээд наадмын өдрүүд боллоо. Отог болон буудалласан хэдэн зуун хүн цугласан суурин руу бид гэр бүлээрээ явлаа. Үндэсний уламжлалт баяр наадам үргэлжилж буй тэрхүү газарт уртын дуу хаа сайгүй эгшиглэж, үндэсний хувцас “дээл”-ээр гоёсон хүмүүсийг харахад аргагүй л Чингис хааны өлгий нутаг гэдгийг илтгэн харуулна. Наадмын талбайд машин олон байхаас гадна морьтой хүмүүс тал хувийг нь эзэлж байв.
Наадмаар бөхийн барилдаан, нум сум харвах, морь уралдах гэсэн гурван төрлийн “эрчүүдийн наадгай” бий гэж гэрийн эзэн надад тайлбарласан. Харин морийг зөвхөн унаач хүүхдүүд л унаж уралддаг ёстой. Харин бөхийн барилдаан бол жинхэнэ эр бяр, хүч чадлын оргил болсон тэмцээн юм.
“Чи урьд нь барилдаж үзсэн үү?” гэж гэрийн эзэн надаас асуув. Мэдээж миний хариулт “хэзээ ч үгүй” гэхэд гэрийн эзэн хөмсөг өргөн жуумалзан инээд алдаад зохион байгуулагчдын майхан руу алга боллоо.
Ингээд би барилдаж үзэх болж эхний тойрог дахь өрсөлдөгч минь 12 настай хүү болов. Эхэндээ би хүүхдүүдийг барилдуулах нь зүгээр л нэг зугаа болгож байгаа юм байна гэж бодсон ч үнэндээ залуу хөвгүүдийг сургах зорилгоор жил бүр ийнхүү барилдуулдаг ёстойг мэдэж авсан. Би 75 кг жинтэй, харин өрсөлдөгч маань 45кг-аас доош жинтэй байсан ч надаас илүү арга техник эзэмшсэн байх гэдэгт миний санаа зовинож байв. Биеийн чинь аль нэг хэсэг л газарт хүрэхэд, ялангуяа хөлөө алдах юм бол ялагдах болно гэдгийг би мэдэж авав. Бөхчүүдийн дотор барилдаж харагдаж байгаа ганц цагаан арьст хүн би байсан учраас бүгд л над руу цоо ширтэж байв. Эхний давааг би амжилттай давж чадсан. Харин миний хоёр дахь өрсөлдөөн тийм ч сайн үргэлжлээгүй юм.
Барилдаан бүр Чингис хааны үеэс улбаалан ирсэн бөхийн зан үйлээр эхэлж цол дуудан засуулын өмнө бөхийж улмаар малгайгаа авхуулан барилдаан эхэлдэг. Тэдний хувцас их нарийн агаад харин миний хувцас өмдөө тойруулан цамцаа ороож, бүрх малгай өмссөнөөс цаашгүй. Хоёр дахь тойргийн барилдаан эхлээд ердөө 10 секундын дараа л би нуруугаараа дээш харан хэвтэж байсан юм.
Хэдэн цагийн дараа бид явахаар зэхэж байхтай зэрэгцэн барилдааны турш миний малгайг барин зогссон хүн (засуул) над руу чиглэн гүйн ирж надад хоёр мөнгөн дэвсгэрт атгуулсан нь Монгол мөнгөөр 30 мянган төгрөг буюу арав гаруй доллартай тэнцэх хэмжээний мөнгө өглөө. Гэрийн эзэн энэ бол эхний тойрогт амжилттай өрсөлдсөний шагнал болохыг надад тайлбарлаж өгсөн юм. Жаал хүүг давсны төлөө ийнхүү намайг шагнана гэж би төсөөлөөч үгүй билээ.
Тэр орой наадам тэмдэглэхийн тулд оройн зоогт зориулан айлын өвөө тарвага агнаж ирсэн байв. Тарваганы толгойг таслан авч гэдэс дотрыг нь салгаад оронд нь халуун чулуу хийж битүүлж боогоод нэг ёсондоо дотроос нь болгож идэх зоог бэлтгэсэн. Монголын эртний энэхүү хоол надад тун чиг амттай санагдсан билээ.