Нэгдүгээр эмнэлгийн бөөрний төвийн их эмч Д.Хурцбаяртай ярилцлаа. Тэрээр бөөр бол дүлий эрхтэн тул өвдөж байгаа нь мэдэгддэггүй. Тиймээс өвдсөнөө илэрхийлэх шинж тэмдэг болоод гэрийн нөхцөлд бөөрний өвчлөлөөс сэргийлэх зөвлөмжийг ярьсан юм.
-Манай улсын бөөрний өвчлөл сүүлийн үед ямар байна вэ, шалтгаан нь юу вэ?
-Бөөрний өвчин бол манай улсад зонхилон тохиолддог халдварын бус таван өвчний нэг. Тэгэхээр хүн амын дунд элбэг байдаг гэсэн үг. Дэлхийн хүн амын 10 хувь нь бөөрний архаг өвчтэй гэсэн статистик бий. Бөөрний архаг өвчин гэдэг нь бөөрний үйл ажиллагаа алдагдаж байсан болон шээсний шинжилгээнд зургаан сараас доошгүй хугацаанд өөрчлөлттэй гарч байсан болон дүрс оношилгоо, багажийн шинжилгээгээр бөөрний бүтцийн өөрчлөлттэй илэрч байсан бол бөөрний архаг өвчинтэй гэсэн үг.
Манай улсад бөөрний түүдгэнцэр болон тэвшинцрийн үрэвсэл, чихрийн шижин, цусны даралт ихсэлт зэрэг бөөрийг нэмтээдэг өвчин их байдаг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл өвчнөөр ялангуяа 20-40 насны залуус өвдөх нь элбэг. Энэ өвчнөөр эрчүүд эмэгтэйчүүдээс гурав дахин илүү өвчилдөг. Энэ өвчин нь бүтцийн хувьд олон янз байдаг бөгөөд ямар хэлбэрт байгаагаас болон хэр оновчтой эмчилгээ хийгдсэн зэргээс хамаарч бөөрний дутагдалд орох хугацаа харилцан адилгүй байна. Зарим нь маш хурдан бөөрний дутагдалд оруулдаг. Зарим нь аажуу явцтай байна. Эрт оношилгоо, зөв эмчилгээг хийж чадвал бөөрний архаг дутагдлаас сэргийлнэ. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл бүтцийн ямар хэлбэрт байгааг бөөрний эдийн шинжилгээгээр л оношилно.
-Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчилж байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Шээсний замын бактерийн халдвар эмэгтэй хүмүүст илүү тохиолддог. Энэ нь шээс дажуулах замын эрхтэний физиологийн онцлогоос шалтгаална. Шээсний замаар дамжих халдвар гэдэгт бөөрнөөс шээсний сүв хүртэлх бүх эрхтэн үрэвсэл багтана. Шээс дамжуулах сувгийн үрэвсэл, тэвшинцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл гээд олон өвчин орно. Эдгээр өвчинд бэлгийн ариун цэвэр маш чухал. Эмэгтэйчүүд элбэг өвчилж байгаа нь шээсний сүв ил мөн хошноготой ойрхон учраас бохирдох нь амархан. Тиймээс өгсөх замын халдвар их байдаг.
Ханиад шуухинаа, хатгаа, шүд, хоолой өвдөх гээд идээт голомттой үрэвслүүдээс цусаар бактери дамжин бөөрний тэвшинцрийг үрэвсүүлэх элбэг. Сүүлийн үед бөөрний тэвшинцрийн цочмог үрэвсэл их байна. Энэ нь бөөрний эд болон бөөр орчмын өөхөн эдэд идээт цочмог үрэвсэл юм. Энэ нь сүүлийн үед цар тахал, агаар орчны бохирдол, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэргээс улбаатай дархлаа суларснаас үүдэлтэй байх магадлалтай. Энэ өвчин эмчилгээ маш удаан хийх, хянуулж байхыг шаарддаг. Хэдхэн жилийн өмнө энэ өвчин маш ховор байсан бол сүүлийн жилүүдэд элбэгшчихлээ.
-Бөөр өвдөөд шинжлүүлэхийн тулд хүний биед ямар нэг өөрчлөлт орж таарна. Ер нь шинжилгээ өгөх шаардлагатай юм байна гэдгээ хүн ямар шинж тэмдгээр мэдэх вэ?
-Бөөр бол дүлий эрхтэн. Түүнд өвдөлтийн мэдрэх эс байдахгүй. Хэр баргийн өвдөлт мэдрэхгүй. Харин бөөрний гадна хальс болон шээс дамжуулах замын салст өвчин мэдэрнэ. Иймээс бөөрний чулуу өвчний үед маш хүчтэй, тэсвэр алдтал бэрх өвддөг. Хүмүүс нуруугаар өвдөөд байна гээд бөөрний эмч дээр ирдэг. Нуруугаар өвдсөн бүхэн бөөр биш. Ихэнх нь нуруу нугалмын эмгэг байдаг. Бөөрний өвчний үед цөөн тохиолдолд ар нуруугаар өвдөх боломжтой.
Бөөр дүлий эрхтэн тул хүн өөрийн биеэ сайтар ажиглаж чагнаж байх хэрэгтэй. Бөөр нь өөрчлөлтөд орсон бол шээсний гарцад өөрчлөлт ордог. Ойр ойрхон шээнэ, шээхдээ дүлэх, шээхэд өвдөх, дутуу болон даралттай дүлж шээх зэрэг нь шээсний доод замын үрэвслийн шинж тэмдэг юм.
Даралт ихсэх, хавагнах, цонхийж цайх, шээсний өнгө өөрчлөгдөх, өтгөрөх, цустай шээх, шээс хөөсөрч гарах зэрэг шинж тэмдгүүд бөөрний өвчний үед гарна. Өглөөний шээс цайвар өнгө муутай байх, унтахын өмнө ус уугаагүй үед шөнө шээх, арьс загатнаж байвал бөөрний үйл ажиллагаа доголдож байна гэсэн үг. Түүнчлэн, бөөрний үйл ажиллагаа алдагдаад ирэхээр хүн маш их ядардаг. Нойргүйдэх нь элбэг болдог. Мөн дутагдлын эхэн үед хоолны дуршил муудна. Хоолны үнэр авахаар дотор муухайрна, огиж бөөлжүүлнэ. Аманд төмөр эсвэл шивтэр амтагдана. Ийм олон төрлөөр бөөр өөрийгөө өвдсөн гэдгийг илтгэдэг. Эдгээр шинж тэмдэг бүгд нэгэн зэрэг илрэхгүй.
Дээрхээс гадна лабораториор оношлогдоно. Шээсний ерөнхий шинжилгээ, дүрс оношилгооны шинжилгээ, эхогоор бөөрний өвчнийг оношилдог. Цаашлаад бүр нарийн шинжилгээ ч авдаг.
-Бөөрний чулуу юунаас болж үүсдэг вэ?
-Бөөрний чулуу бол бодисын солилцооны шалтгаантай. Хүний идэж байгаа хоол болон шингэн зүйлтэй холбоотой. Шингэн бага уувал чулуу үүсэх эрсдэлтэй. Бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүс мөн бөөрний чулуугаар өвдөх хандлагатай байдаг. Дээрээс нь бөөрний чулуу оксалат, урат, холимог, фосфатын гээд бүтцээсээ хамаараад хоорондоо ялгаатай. Бөөрний чулуу гэдэг бол давсны хуримтлал юм. Дээрх төрлүүдийн давс байдаг. Хагас боловсруулсан хүнс, зарим төрлийн ногоонууд оксалат агуулсан байдаг. Жишээлбэл авакадонд оксалатын агууламж өндөр байдаг. Гэхдээ авакадо сайн чанарын өөх тос агуулсан сайн зүйл ихтэй ногоо. Тэгэхээр ямарваа хүнсийг зохистой хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Зарим давс гөлгөр чулуу үүсгэдэг бол зарим нь талсттай чулуу үүснэ. Тиймээс юуны чулуу вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэр бүрт нь өөр гам барьдаг. Учир нь нэг чулуу үүссэн бөөрөнд дахин чулуу үүсэх элбэг байдаг.
Бөөрний чулуу бодисын солилцооноос үүддэг гэсэн тул шингэнээ зохистой хэрэглэж шээсийг хөөж байх чухал. Нимбэгний хүчил чулуу үүсэхээс маш сайн сэргийлдэг. Байгалийн гаралтайг хэрэглэх хэрэгтэй. Ямарваа нийлэгшүүлсэн зүйл хэрэглэх нь дэмий ач тусаас гадна гаж нөлөө ихтэй байдаг. Жишээлбэл аскорутин бол нийлэгшүүлсэн витамин С.
-Бөөрний өвчлөлд өртөхгүй байх хамгийн сайн арга юу вэ?
-Дархлаа сулруулдаг харшил зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эдгээр нь бөөрийг гэмтээх гээд байдаг. Мөн бөөрийг гэмтээдэг маш олон төрлийн эм бий. Иргэд дур мэдэн аливаа өвчний эм эмчлэх гээд дур мэдэн эм их уудаг ялангуяа нэг төрлийн эмийг удаан эмчийн хяналтгүй уух маш буруу бөгөөд бөөрөнд их халгаатай. Ер нь амаар орсон бүх зүйл бөөрөөр ялгарна гээд ойлгох хэрэгтэй. Хамрын хөндийн идээт үрэвсэл, хоолойн ангина зэрэг удаан хугацаанд эмчлэгддэг өвчнүүдийн бактери цусаар дамжин бөөрийг гэмтээдэг. Мөн чихрийн шижин бол бөөр өвдөхөд хамгийн их нөлөөлдөг. Сахар, нүүрс усны хэрэглээгээ багасгаж, хоолны дэг барих чухал. Дасгал хөдөлгөөн сайн хийж, стрессээс хол бай.
Сахар хүний бөөрийг гурван янзаар гэмтээдэг. Нэгд, хялгасан судсыг гэмтээж уураг ихээр алдуулна. Хоёрт, нянгийн гаралтай үрэвсэлт үүсгэнэ. Гуравт, сахартай удаан явбал бөөрний дутагдалд ордог. Мөн даралт, давсны хэрэглээ, архи, тамхийг хязгаарлах хэрэгтэй.
-Та бөөрийг дүлий эрхтэн гэсэн шүү дээ. Тиймээс гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалах вэ?
-Бактерийн гаралтай үрэвслүүдийг удаан хянаж эмчлэх шаардалагатай. Дор хаяж 6 сар хянуулж шээсний шинжилгээ өгч байх хэрэгтэй. Үрэвсэл намжаасны дараа нэг сарын хугацаанд ургамал гаралтай бөөр хамгаалж бөөрийг цэвэршүүлдэг бэлдэл уудвал сайн. Бид ямар ургамал зөвлөдөг вэ гэвэл бөөрний зэхмэл, тэхийн шээг, боролзгоны шар цэцэг, хонин зээргэнэ, цангис жимс болон цистон, канеферон, нефромон, салидагорен, уросепт зэрэг бэлдмэлийг зөвлөдөг. Зарим ургамлыг эм шиг шахмал болгож хүн уухад амар болгосон байдаг. Технологи сайжраад бид ч ургамлуудаа эмэн хэлбэрт оруулж байна. Мөн шээс хөөдөг учраас тарвас, хулуу, ингэний хоормог, цангис жимс зэрэг нь бөөрөнд маш сайн.
Эдгээрийг иргэд гэрийн нөхцөлд бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвдсөний дараах гамд ууж болно. Хамгийн гол нь нэг уухдаа сарын хугацаанд уугаад сар амрах ёстой. Байнга тогтмол ууж болохгүй. Хамгийн гол нь шинжилгээ өгөөд юм гарахгүй бол сэргийлэх зорилгоор уух хэрэгтэй. Хэрэв шинжилгээнд бактери гарсан бол эмийн эмчилгээ хийх шаардлагатай. Даамжруулах эрсдэлтэй. Мөн бөөр хүйтэнд маш мэдрэг тул улирал солилцигдох үед дулаан хувцаслаарай гэж зөвлөе.