Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд өчигдөр Герман улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзаж, Загсийн газрын тэргүүн бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн саналыг сонслоо. Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь Улаанбаатар-Берлин чиглэлийн шууд нислэгийг сэргээх хүсэлтийг тавьж байв. Германд амьдарч байгаа иргэдийн олонх нь Берлинд амьдардаг, харин шууд нислэггүй болсноор байнга дамжиж, олон хүндрэл гарч байгааг хэлсэн. Харин Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгийг сэргээх талаар судалгаа хийж нааштай хариу өгөхөө илэрхийлсэн. Мөн Улаанбаатар-Берлин чиглэлд “Монголиан Эйрвэйс” компани шууд нисэх хүсэлтээ өгснийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэв.
Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт “Хуучин нисэж байсан байдлыг судлаад үзэхээр Москва-Берлин, Улаанбаатар-Москва, Москва-Улаанбаатарын чиглэлд оросуудыг нэлээд тээвэрлэдэг, дамжаад Берлин нисэж байсан. Энэ үед МИАТ тухайн чиглэлд харьцангуй орлого, ашигтай ажиллаж байсан. Харин дан ганц Берлин-Улаанбаатар гэж нисэхээр алдагдалтай нисдэг. Төрийн өмчит компанийг ашигтай ажиллуул гэж шаарддаг мөртлөө нөгөө талд алдагдалтай ажиллаж байгаад төдийлөн сайн арга хэмжээ авч чадахгүй яваа. Үүний нэг нь МИАТ. Алдагдалтай нислэгүүдийг зогсоосон. Гэхдээ Германд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүсэлтийн дагуу МИАТ компанийг Улаанбаатар-Берлин-Франкфурт маршрутаар хэрхэн үр ашигтай нисгэх боломж, бололцоо байгааг судалж үзнэ. Хоёрт, “Монголиан Эйрвэйс” компани Улаанбаатар-Берлин чиглэлд нисэх хүсэлтээ тавьсан. Тэгэхээр сайдын хувьд уг компанид Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх зөвшөөрлийг ойрын хугацаанд өгнө. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд Улаанбаатар-Берлин чиглэлд нислэгийг сэргээхийн төлөө ажиллана. Гэхдээ тухайн компани хэзээ боломжоо бүрдүүлж, хэзээ нисч эхлэх нь зөвшөөрлөөс үл хамаарч, тухайн компаний хариуцах асуудал болно. Гол нь яамнаас богино хугацаанд зөвшөөрлийг нь өгнө.
Түүнчлэн, бид олон улсын авиа компаниудтай аяллын дугаар хувааж эзэмших эрхийн асуудлыг ярьж байна. Иргэний агаарын тээврийг либералчлах асуудлын цаана дугаар хувааж эзэмших асуудал давхар яваа. Монгол Улсын иргэд олон чиглэлд шууд болон дамжихдаа аль болох хямд зардлаар нисэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд зөвхөн Монголын өөрийн компаниуд нисэхээс гадна гаднын авиа компаниудтай аяллын дугаар хувааж эзэмжих эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн билетийг гадны авиа компаниудад солилцож болдог, гадны компаниуд МИАТ-ийн тасалбараар бичиж болдог байдал руу орно. Ойрын үед Турк, Герман, Японы авиа компаниудтай ярилцаж байна. Хамгийн түрүүнд “Туркиш Эйрлайнс”-тай шийднэ. Хэрвээ ингэж чадвал монголчууд хаашаа шууд нисэж, дамжиж байгаагаасаа үл хамаарч, аяллын дугаар хуваалцах эрхтэй авиа компануд ОМ гэсэн аяллын дугаараараа нислэгүүд хийгдэж, тасалбарын үнэ буурах боломтой гэж харж байна” гэлээ.