АН-ын гишүүн П.Цагаантай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-ҮХ-ийг яаж өөрчлөх гэж байгаа нь тодорхойгүй, төсөл ч алга байна. Олон нийтийн дунд хэлэлцүүлэгдэж байна. Үндсэндээ гишүүдийн тоог нэмэх тухай яриад байна.
-Та Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулсан Б.Чимэд гуайн туслахаар ажиллаж байсан. Үндсэн хуулийг боловсруулах, хэрэгжүүлэх үед гарсан алдаа оноог өнгөрсөн хугацааны туршид ажиглалаа шүү дээ?
-Үндсэн хуулийг хэрэгжүүлэх болоод хүссэн үр дүнд хүрэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлттэй уялдуулаад хийх зайлшгүй өөрчлөлтүүд бий. Түүнээс ганцхан жишээг хэлье.
Улс төрийн намуудын тухай хуулийг зайлшгүй хамт өөрчлөх ёстой. Яагаад гэвэл улс төрийн намууд төр төвхнөхөд оролцдог онцгой эрхтэй субъектүүд юм. Гэтэл монгол төрийг авч явах, төр төвхнүүлэх үүрэгтэй байгууллагууд өөр өөр тоглоомын дүрмээр ажлаа явуулж байна. Дарга, гишүүд, зохион байгуулалт нь ямар байх тухай жигд бус байдаг. Хэрвээ төрийг төвхнүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, сайн засаглалтай болъё гэвэл улс төрийн намуудын төлөвшлийг эн тэнцүү авч үзэх хэрэгтэй. Компанийн хуультай адил намуудыг жигдлэх цаг болсон.
-Улс төрийн намыг төлөвшүүлэх тал дээр та ямар саналтай байдаг вэ?
-Намуудын дүрэм нь өөр өөр, санхүүгийн тайлан гаргадаггүй, аудит ордоггүй. Гэтэл тэр хүмүүс төр улсыг авч явах хүнээ нэр дэвшүүлж байна. Ямар хүн дэвшүүлж, ямар үзэл баримтлалаар юуг болгож, юуг болохгүйг заах хэрэгтэй. Ийм том хариуцлага үүрэх гэж буй субъектүүдийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Оролцож байгаа хүмүүсийн үүрэг хариуцлага, зохион байгуулалт нь маш тодорхой байх ёстой. Нам гэж юу вэ, ямар бүтэцтэй байх вэ гээд бүх юм нь тодорхой байж, сайн зохион байгуулалт, адил дүрэмтэй байх хэрэгтэй.
Намын зохион байгуулалт гээд байгаа боловч Монгол Улсыг авч явах төрийг төвхнүүлэхэд оролцож байгаа тэдгээр намын байгууллагуудын үйл ажиллагааг жигдлэхийг л хэлээд байна. Сайн нь хол явж, муу нь хасагддаг байх хэрэгтэй. Улс төрийн намууд цэвэрлэгдээгүй цагт Үндсэн хуулийг хэчнээн өөрчлөөд үр дүн гардаггүйг өнгөрсөн 30 гаруй жилийн түүх харууллаа.
-2019 онд ҮХНӨ оруулсан. Гэвч гуравхан жилийн дараа дахиад нэмэлт, өөрчлөлт хийх талаар яриад байгаа нь Үндсэн хуулийн дархлааг алдууллаа гэж харж байна уу?
-Бид хэтэрхий өнгөц хандаад байна. УИХ гэдэг чинь айлаар яривал гэрийн хоймор. Үндсэндээ УИХ бол монгол төрийн хоймор нь. УИХ хэдий чинээ чадавхтай болно тэр хэмжээний чадавхтай Засгийн газар бүрдэнэ. Харин Засгийн газар хэдий сайн байна түүний чинээ төрийн байгууллагууд чадварлаг байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын энэ оны судалгаанаас харахад, Монгол Улсын хамгийн том толгойны өвчин нь засаглалын чадавх байгаа юм. Энэ бол улсын эдийн засаг, цаг үеийн саад бэрхшээл бүгдэд голлох үүрэгтэй. Засаглал гэдэг чинь зөвхөн Засгийн газар биш. Их хурал, Засаг дарга, Засгийн газар, шүүх гээд төрийн менежментэд оролцож байгаа бүх хүмүүсийн асуудал яригдана.
Өнөөдөр улс орон ядуу, төгрөгийн ханш унаад өсөхгүй орон гарантаад байгаа чинь засаглалаас л болж байна. Засаглалын эх ундарга болсон УИХ булингаргүй, чадавхтай, алсын хараатай болчихвол манай улсын түвшин ахина. Хэрвээ усны эх нь булингартай бол хаанаас нь ч хувингаар хутгаж авахад булингартай хэвээр л байна шүү дээ.
-Төрийн сүлдийг шинэчлэх тухай бас яриад байгаа?
-Төрийн сүлдийг солиод гоё харагдаж болно. Гэхдээ эдийн засагт тэр ямар нөлөөтэй юм. Бодит материал зүйлд бус тоо, чанар агуулгын шинжтэй зүйлд хүч хаямаар сан. Насаараа төрд ажилласан төрийн захиргааны албан хаагч хүн их хуралд нэр дэвшиж болдоггүй хуультай. Гэвч наймаа хийж байсан, бичиг үсгийн боловсролгүй хүн их хуралд нэр дэвшчихдэг. Их хуралд дэвшихийн тулд яагаад ажлаасаа хагас жилийн өмнө гарах ёстой гэж. Энэ бүгд шударга биш байна.
-Тэгэхээр таны хувьд Үндсэн хуулийг бус түүнийг дагалдах хуулиудад шинэчлэлт хийх нь зүй гэж үзэж байгаа байх нь ээ?
-Тийм. Үндсэн хуулийн нэмэлт гэдгээр бус холбогдох хуулиуд дээр суурь зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оруулахгүй бол болохгүй. Зөвхөн Үндсэн хуульд холбоотой бус маш олон хуульд иж бүрэн шинэчлэл хийж байж үр дүн гарна. Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль гээд олон хуульд өөрчлөлт хийж байж үр дүн гарна. 10 хөлтэй ширээний хөлүүд урт, богино болчихвол догонцоно доо. Үүнтэй адил догонцуур хуультай байж болохгүй.