Бүгд найрамдах Солонгос улсад CSAT буюу коллежид элсэн суралцах эрдмийн шалгалт өнөөдөр эхэллээ. Хэдийгээр тус улсад халдварын тохиолдол 500-аас дээш байгаа боловч Боловсролын яамнаас нь энэхүү шалгалтыг дахин хойшлуулалгүйгээр зохион байгуулав. Энэхүү шалгалт нь жил бүрийн арваннэгдүгээр сард болдог бөгөөд энэ жил цар тахлын улмаас ийнхүү нэг сар хойшилсон ч өнөөдөр эхэлжээ. Жил бүрийн энэ үеүдэд Өмнөд Солонгос даяар нам гүм байдалд ордог байна. Учир нь тухайн суралцагч 12 жилийн турш юу сурч, мэдсэнээ үзүүлэн өөрийн цаашдын орох их сургууль, ажил мэргэжил гээд ирээдүйгээ шийдэх чухал үе юм. Нэг үгээр манайхны ЭЕШ гэсэн үг. Энэ жилийн хувьд 490 мянга орчим ЕБС-ийн ахлах ангийн сурагч, төгсөгчид болон бусад хүмүүс шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 10 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. CSAT шалгалт нь өглөөний 8 цаг 40 минутаас эхлэн бүтэн өдрийн турш үргэлжилдэг шалгалт юм.
Өмнөд Солонгосын боловсролын яамнаас мэдээлснээр мягмар гаригийн байдлаар тус шалгуулагчдын дунд коронавирусийн халдвараар өвчилсөн 35 өвчтөн, мөн өөрийгөө тусгаарлах дэглэмд буй 404 хүн багтсан тухай мэдэгдсэн байна. Мөн тус улсын яамны зүгээс маш өндөр аюулгүй байдлын хяналтан дор шалгалтыг явуулж байгаа гэдгийг онцолж хэлжээ. Тухайлбал улсын хэмжээнд 1383 тестийн төв, 205 хүртэлх ковид өвчтөний эмнэлгийн ор, 3775 гаруй өөрийгөө тусгаарлах тусгайлсан шинжилгээний төв, мөн 31291 анги танхимд вирусын эсрэг хатуу арга хэмжээг авч, шалгалтыг төлөвлөсний дагуу явуулж байгаа юм байна.

Тус улсын Засгийн газраас энэхүү шалгалтын өдөр оюутан бүрийг товлосон цагт нь очиход туслах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэн, мөн англи хэлний сонсох хэсгийн шалгалтын үеэр агаарын нислэг үйлдэхийг ч хориглодог юм. Энэхүү шалгалтыг өгөхийн өмнөхөн шалгуулагчдын гэр бүлийнхэн нь хүүхдүүддээ урам зориг өгөн дэмжихийн тулд амжилт хүсэн чангаар хэлдэг боловч цар тахлын улмаас иймэрхүү үйлдэл хийхийг хотын захиргаанаас хоригложээ. Ийнхүү шалгалтын өмнө эцэг эх болон гэр бүлийнхэн нь хүүхдээ чимээгүйхэн тэврэн амжилт хүсэж, зарим оюутнууд ч нулимсаа арчин шалгалтаа өгөхөөр оржээ.