Дахин давтагдашгүй онцгой хувцас загваруудыг толилуулдаг СТА, Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын үүсгэн байгуулсан “O Couture Mongolia” брэндийн өвлийн "High fashion show" зургаа дахь жилдээ боллоо. /2019.11.29/
Энэ жилийн загварын түүний нөхөр, топ модель Э.Энхболд “TARA ENDO” эрэгтэй бэлэн хувцасны брэндээ танилцуулах бөгөөд тэд загварын шоугаа “Есөн эрдэнэ” хэмээн нэртэйгээр зохион байгуулсан юм. Уг загварын шоу нь жил бүр онцгой содон, давуу чанарыг агуулсан эрхэмсэг, цоо шинэ загварын коллекцыг танилцуулдаг. Энэ жил загварын шоу есөн эрдэнийн өнгө, бэлгэдэл, мөн чанарыг дизайнерын нарийн ур ухаанаар баяжуулан урласан гоёлын даашинз, болон эрэгтэй хослолыг танилцуулснаараа онцлог байв.
-Танд баяр хүргэе. Юун түрүүнд есөн эрдэнийг онцолж, загвар зохион бүтээх болсон шалтгаанаа тайлбарлах уу?
-Баярлалаа. Би П.Бадарч гуайг шүтэж, бичсэн бүтээлүүдийг нь уншдаг. Тэгээд “Есөн эрдэнэ” шүлгийг шимтэн уншиж үзээд есөн эрдэнийн утга агуулгыг ямар гоё, уран тансаг шигтгэж өгсөн юм бэ хэмээн бодож, загвартаа шингээхээр болсон юм. Ерөнхийдөө П.Бадарч гуайн “Есөн эрдэнэ” шүлгээс загварынхаа санааг гаргасан.
-Үндэсний хэв маягийг орчин үеийн загварт шингээсэн нь үнэхээр эхэмсэг бөгөөд тансаг харагдаж байсан?
-Тийм шүү. Загварын маань утга санаа бол монголчуудын шүтэж, бэлгэдэл болгон дээдэлж явдаг есөн эрдэнийг судалж үзвэл маш их утга санаа агуулагддаг болохыг мэдэж авсан. Тэгээд энэхүү коллекцоо монгол хэв маягаас орчин үе рүү дөхсөн, ганган, чамин, хээнцэр болгохыг хичээсэн. Бид орчин үед монгол дээл, европ хувцас аль алийг нь л өмсөж хэвшээд байгаа. Сонголтын хувьд ч арвин болж байгаа шүү дээ. Тийм ч учраас үндэсний хэв маягаас орчин үе рүү уусаж байгаа байдлаар зохион бүтээсэн байгаа.
-Гараар урласан гэдгээрээ ихээхэн онцлогтой харагдсан?
-Та бүхэн манай бүтээлийг нэг бүрчлэн очиж харвал их цаг зарцуулсан, хөдөлмөр шингээсэн нарийвчлан оёсон байдаг. Энэхүү загварын шоунд бүтээсэн хувцсыг 20 эмэгтэй өглөөнөөс орой хүртэл сууж хийсэн. Бид оёдол хийх гурван хоног, чимэглэл оёх 14 хоног гэх мэтчилэн төлөвлөж, хуваарилсны дагуу амжилттай ажиллаж, энэ их ажлын ард гарлаа.
-TARA ENDO эрэгтэй хувцасны брэндийн загвар гаргахад өөрийн санал бодлоо тусгасан уу?
-Мэдээж би саналаа хуваалцсан. Дизайнер хүний хувьд загварын чиг хандлага, өнгө, материал зэргийг ямар байх ёстойг зөвлөж чиглүүлсэн. Энэ загвар бол гайхалтай эрч хүч, гал цогийг харуулсан загвар юм. Тийм ч учраас залуучуудад зориулсан гэж үзэж байгаа. Мөн бид хоёр маш их судалгаа хийсэн. Эрэгтэй хүн бол хийморь, сүлд хэмээн дээдэлж явдаг учраас есөн эрдэнийн арга бэлгэдлийг хувцсанд нь шигтгэж өгөхөд ихээхэн анхаарсан. Эрэгтэй загвар маань “Эрдэнэ”, эмэгтэй загвар маань “Есөн эрдэнэ”коллекц гэж нэрлэгдэж байгаа.
Мөн энэ үеэр топ модель Э.Энхболдоос шинэ брэндийн онцлогийг тодруулсан юм.
-Юун түрүүнд жил болгон зохион байгуулагддаг энэхүү шоу өнгөрөгч жилүүдээс ямар ялгаатай, онцлогтой болж байна вэ?
-Уламжлалт "O Couture high fashion show" зургаа дахь жилдээ “Есөн эрдэнэ” хэмээх нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Миний олон жилийн мөрөөдөл болсон эрэгтэй брэндээ танилцуулж байгаагаараа онцлогтой. Мөн дэлхийн стандартад нийцсэн энтертаймент загварын шоу болсон энэ жилийн шоуны онцлог. Үүнд маш олон хүмүүсийн хөдөлмөр, сэтгэл шингэсэн юм. Түүнчлэн есөн эрдэнийн онцлогийг загварт, хувцсанд шингээж болдгийг харуулахыг зорьсон.
-Эрэгтэй шинэ загварын давуу тал, бусдаас ялгарах чанар нь юу вэ?
-Эрэгтэй хувцас эмэгтэй хувцсыг бодоход сонин содон загвар тусгахад хэцүү байдаг. Эрэгтэйчүүд бид нар чинь энгийн хувцасладаг юм шиг харагддаг боловч маш нарийн, үнэ цэнэтэй, стандарт хувцас өмсөхийг хичээдэг. Тиймээс бид материал болон технологи, загварын хувьд онцгой шийдлүүдийг гаргаж өгсөн. Хамгийн гол зүйл л маш их агуулгыг оруул өгсөн. Хэрэглэгчид маань өөрсдөө өмсөж үзээд үүнийг мэдрэх байх аа. Ер нь бол уг загварыг амжилт өөд тэмүүлж байгаа хүмүүс хэрэглэх бүтээгдэхүүн байх болно гэж бодож байна.