Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Г.Хулан: Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ зөв харилцахын тулд дараах хэрэгцээг нь хангахыг зөвлөж байна

Г.Хулан: Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ зөв харилцахын тулд дараах хэрэгцээг нь хангахыг зөвлөж байна
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 11
Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хэрхэн зөв сургаж, хүмүүжүүлэх талаар сэтгэл зүйч Г.Хулантай  ярилцлаа.
-Манайд өнөөдөр эцэг эх, хүүхэд хоёрын харилцаа ямар түвшинд байна вэ. Хүүхэдтэйгээ харилцахдаа эцэг, эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа, хэлдэг буруу үгс юу вэ?
-Хүүхэд хүмүүжүүлэх дөрвөн төрлийн хэв маяг байдаг. Монголд бүх хэв маяг байдаг ч хоёр төрөл нь илүү түгээмэл ажиглагддаг. Үүнийг та цахим орчинд ээжүүдийн группээс олж харах боломжтой. Жишээлбэл, манай эцэг эхчүүдийн дийлэнх нь нэг бол захиргаадагч эсвэл хүлцэнгүй буюу хүүхдийнхээ бүхий л зүйлсийг зөвшөөрдөг төрлийн байдаг.
Захиргаадагч эцэг эх - Хүүхэд үргэлж эцэг эхийн үгээр байх ёстой. Эцэг эхийн үг бол хууль гэдэг. Гэхдээ энэ хууль нь өөрсдийн сэтгэл санааны байдлаас хувирч өөрчлөгдөх боломжтой.  Хэрэв хүүхэд үгэнд орохгүй байвал "Муу хүүхэд, хүмүүжилгүй хүүхэд, би муу аав, ээж"  зэрэг бодлууд бий болдог тул хүүхдийг ямар ч хамаагүй аргаар өөрийн үгэнд оруулах зорилготой. Үүний тулд сүрдүүлэх, хашгирах, зодох аргуудыг ашигладаг бөгөөд энэ нь хурдан хугацаанд үр дүн өгдөг. Гэвч үүнээс үүдэж өөр олон асуудал бий болох ба алсыг харах юм бол эерэг үр дагаврыг дагуулдаггүй юм шүү.
Хүлцэнгүй эцэг, эх - Хүүхэд муухай аашилж байвал загнаж болохгүй, уурлаж болохгүй гэдэг төрлийн хүмүүс. Энэ төрлийн эцэг эхчүүд өөрийн хүүхдээс буруу, өөг хайхгүй үргэлж бусдыг буруутгадаг.
Дээрх хоёр төрлийн эцэг эхчүүд бие биенийхээ хүүхэд хүмүүжүүлэх хэв маягийг буруутгадаг. Гэхдээ энэ хоёр арга хоёулаа хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлэх юм. Хүүхдийг зодож загнах бол зөв биш мөн түүнчлэн хэт их бөөцийлж, буруу зөвийг ялгах чадваргүй болгож болохгүй. Хамгийн гол нь буруу зүйл хийсэн бол хүүхдэд зөв аргаар ойлгуулах хэрэгтэй. 
Аль нэг хэв маягийг баримтлах бус алтан дунджийг олох нь чухал. Таны хүүхдийг танаас илүү мэдэх хүн энэ хорвоо дээр байхгүй. Тиймээс хүүхдийнхээ онцлогийг мэдэж, түүнд тулгуурлан хүүхдээ хүмүүжүүлэх нь үр дүнтэй. Жишээлбэл, нийгмийн сүлжээнд "Хүүхдээ ингэх хэрэгтэй" гэдэг зөвлөмжүүдийг зарим эцэг эх өгдөг. Гэтэл таны хүүхдэд тухайн аргыг ашиглах нь эсрэгээрээ асуудлыг улам хурцдуулах боломжтой тул мэргэжлийн хүмүүст хандан туслалцаа хүсэж байгаарай.
-Тэгвэл хүүхдэд хэрхэн буруу зүйл хийж байгааг ойлгуулах вэ. Зөв, эерэг байдлаар шийтгэх арга гэж байх уу?
-Хүүхдийг шийтгэнэ гэдэг ерөөсөө хүүхдэд муухай мэдрэмж төрүүлнэ гэсэн үг биш. Хүүхдэд яагаад энэ буруу вэ гэдгийг асуулт асуух маягаар ярилцаж, ойлгуулах боломжтой юм. Буруу хийсэн зүйлээ хүүхэд өөрөө мэдэж байдаг. Нүднээс нь харахад л илэрхий байдаг. Харин энэ үед дахин ийм зүйл хийхгүйн тулд юу хийхийг зааж, хамтдаа суралцах хэрэгтэй. Жишээлбэл, хүүхдэд муу дүн авч болохгүй шүү, дүүгээ зодож болохгүй шүү гэж бид хэлдэг. Гэхдээ тэр муу дүнг хэрхэн авахгүй байх вэ гэдгийг заадаггүй. Үүний оронд хамт алдсан хичээл, даалгавар хийж чадахгүй байгаа зүйлсэд нь тусалж, ярилцах нь илүү оновчтой. Хэрэв хүүхэд тань ус асгачихлаа гэвэл тэр үед дахин ус асгахгүйн тулд яаж сэргийлэх, ус асгасан бол юу хийх ёстой зэргээр хүүхдэд үр дагаврыг нь ойлгуулна.
-Зарим эцэг эх хүүхдээ бусадтай жиших байдлаар муу байгааг нь ойлгуулахыг оролддог. Энэ нь хэр зөв бэ?
-Хүүхэд сургуульд орсон цагаас эхлэн өөрийгөө бусад хүүхэдтэй харьцуулж эхэлдэг. Жишээлбэл, тэр надаас хурдан боддог юм байна, хурдан гүйдэг байна зэргээр харьцуулж эхэлдэг. Мөн энэ үед аав, ээж нь ч ялгаагүй бусадтай харьцуулах тохиолдлууд бий. Энэ үед тухайн хүүхдэд дутуугийн мэдрэмж бий болох талтай. Энэ нь насанд хүрсэн хойно "Миний хүүхэд бусдаас илүү байх ёстой, мундаг байх хэрэгтэй эсвэл нөхөр /эхнэр/ бусадтай жишиж харьцуулж бусадтай харилцахад бэрхшээл үүсгэдэг.
Мөн дутуугийн мэдрэмж тухайн хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлдөг. Хийж байгаа зүйл нь бэрхшээлтэй санагдах эсвэл өөрөөс нь илүү хүн гарч ирэх үед “Би чадахгүй юм байна, миний хийх зүйл биш юм байна” гэж шантарч больдог. Гэтэл хүн амжилтад хүрэхийн тулд маш их бэрхшээлийг даван туулах хэрэгтэй байдаг.
Та хүүхдээ бусадтай жишиж харьцуулахын оронд өөрийнх нь өнгөрсөнтэй харьцуулаад үзээрэй.  Хэрэв шинэ ангид орж тоо бодож, зөв бичиж чадахгүй байгаа бол та “Өмнөх нэгдүгээр ангийн дэвтрийг нь үзүүлж, анх ингэж алдаж, муруй далий бичдэг байсан гэтэл одоо ингэж гоё бичдэг болсон байна. Тэгэхээр чи чадна, би чамд итгэж байна. Хэцүү бодлого байна уу, би яаж туслах уу” гэж харилцах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Хүүхэд өөртөө итгэлгүй байх тусам чадахгүй юм байна гэх бодол орж ирдэг. Харин энэ бодлыг арилгахын тулд та хүүхдэдээ чин сэтгэлээсээ хандаж, хамтран зааж өгөөрэй. Хүүхдийг бага ангид нь дүн гэхээс илүү суралцах арга барил эзэмшихэд тусалж өгвөл цаашид таны оролцоогүй онц сураад явах болно. Дүнд ихээр ач холбогдол өгөх тусам хүүхэд алдаа гаргахаас айж эхлэх ба улмаар үр дүнд ач холбогдол өгч онц дүн авч аав ээжийгээ баярлуулахын тулд худлаа хэлэх, хуулах гээд эцэг эхчүүдийн хүсээгүй үйлдлийг гаргаж эхлэх боломжтой.
-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах хэрэгтэй вэ?
-Зөв харилцах гэдэг нь дараах зүйлсийг хэлнэ. Нэгд, хүүхдэд хайр халамжийг мэдрүүлэх, хоёрт, хүүхдээ хүндлэх тухай юм. Хүүхдийг нөхцөл тавихгүйгээр хүлээн зөвшөөрч хайрлах бол хүүхдэд сэтгэл зүйн дархлааг бий болгодог. Хайр халамжийг хүүхэд бүр харилцан адилгүй мэдэрдэг тул ямар үед таны хүүхэд хайрлагдсан мэдрэмжийг авч байна, юуны талаар их гомдоллож байна гэдгийг илүү их ажиглаад үзээрэй. Хүүхдийг хүндлэх гэдэгт хүүхдийн үзэл бодлыг сонсох, сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх, эд зүйлсийг зөвшөөрөлгүй авахгүй байх гээд олон зүйл ордог. Тэгэхээр хүүхэдтэйгээ харилцахдаа энэ хоёр хэрэгцээг хангаж өгч байгаа бол та зөв харилцаж байгаа гэж хэлж болно.
Хүүхэдтэйгээ зөв харилцсанаар тэдэнд учрах сэтгэл зүйн асуудлаас урьдчилан сэргийлж чадна. Учир нь, хүүхдэд өөрт нь итгэдэг, хайрладаг, халамжилж, дэмждэг хүн байхын хэрээр өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй өндөр болдог.
Хүүхдийнхээ сэтгэл судлаач болоорой
-Хүүхэдтэйгээ ярилцаж, сэтгэл судлаач нь болоорой. Хүүхдээ илүү сайн таньж, ямар асуудал тулгарч байгааг мэдэхийн тулд заримдаа арван минут гарган, зөвхөн өөрт нь зориулж байгаарай. Энэ 10 минутыг зөвхөн чамд зарцуулна гэдэг үг өөрөө хүүхдэд эерэгээр нөлөөлөх болно. Ингэхдээ “Энэ 10 минутад чи хүссэн бүхнээ ярьж болно. Би шүүмжлэхгүй, уурлахгүй, бухимдахгүй. Чиний ярьсан зүйлийг хэнд ч хэлэхгүй, зөвхөн надтай хамт үлдэх болно. Хэрэв аав/ээж-д нь хэлэх бол чамаас зөвшөөрөл авна” гэж чөлөөтэй ярихад нь тусал. Ингэснээр хүүхэд хэлэхээс айж байсан эсвэл хүссэн зүйлээ асуух болно. Харин энэ хугацаанд та хүүхдийнхээ бүхий  зүйлсийг сонсож сүүлд нь “таны хүүхдэд ямар асуудал байна, юу нь болохгүй байна, ямар чадварыг нь хөгжүүлэх шаардлагатай зэргийг анализ, дүгнэлт хийх хэрэгтэй.
-Мөн хүүхдийг хичээл, сургуульдаа дуртай болоход эцэг эхчүүд хэрхэн зөв хандах хэрэгтэй вэ?
-Өсвөр насны хүүхдүүдтэй ярилцаж байхад “Аав, ээж надтай зөвхөн хичээлийн талаар л ярилцдаг. Өөр зүйлсийн талаар ярьдаггүй. Онц сураасай л гэж хүсдэг. Би муу дүн авбал надад сөрөг шүүмжлэл их хэлдэг” гэж ярьдаг.
Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд орсон цагаас нь хичээлээс гадуур ярилцах сэдэвтэй байгаасай гэж хүсэж байна. Хүүхдэд тухайн хичээлийг яагаад хийх ёстой, яагаад сургуульдаа явах хэрэгтэй вэ гэдгийг зөв ойлгуулах нь чухал юм шүү. Ингэхдээ “Чи өөртөө уйтгартай, чадахгүй, сонирхолгүй байгаа зүйлд өөрийгөө сэдэлжүүлж хийж чадаж байна. Яваандаа чиний анхаарал төвлөрөх чадвар хүртэл сайжрах болно. Магадгүй энэ хичээл чамд хэрэггүй, уйтгартай байж болох ч ирээдүйд чиний дуртай зүйлд сонирхолгүй үе гарах үед тухайн зүйлээ орхихгүй үргэлжлүүлэх энэ чадвар чинь хэрэг болно” гэх  зэргээр тухайн зүйлийг хийснээр юунд суралцаж болох дээр нь төвлөрөөд үзээрэй.
Хүүхэд хичээлээс ганцхан суралцдаггүй. Суралцах гэдгийг өргөн хүрээнд авч үзэн хүүхэдтэй ярилцаж юуг сүүлийн үед сонирхож байгаа, тухайн зүйлээсээ юу суралцаж байна зэргээр харилцах нь илүү үр дүнтэй. Жишээлбэл: Таны хүүхэд “Тик ток”-т бичлэг хийх дуртай бол бичлэг хэрхэн хийдэг гээд янз бүрийн зүйлсийг хамт суралцах боломжтой. Магадгүй танд ч зааж өгч болно. Ингэх юм бол та хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулж ойлголцоход хялбар байх юм.
Түүнчлэн, хүүхэд тайван үедээ амжилттай суралцах боломжтой. Айдас түгшүүр их байх тусам хүүхдийн духны урд хэсэг буюу шүүн тунгаадаг, төлөвлөдөг, бодож сэтгэдэг хэсэг нь бүрэн гүйцэд ажиллах боломжгүй болдог. Тиймээс айлгаж сүрдүүлэх тусам хүүхдэд суралцахад улам бэрхшээлтэй болдог.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн