Нийслэл хотод амьдарч байгаа хүүхэд, залуус, иргэдийн спортын болон оюуны хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд дутмаг байдаг. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод дэлхийн хэмжээний олон төрөлт спортын арга хэмжээг зохион байгуулах, олон улсын стандартын шаардлага хангасан спорт цогцолбор байгуулах ажлыг энэ онд эхлүүлж байгаа юм байна.
Тухайлбал, техник технологийн хөгжлийг даган интернэт, гар утаснаас илүү хамааралтай болж байгаа өнөө үед хүүхэд, залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдараа хөгжүүлж спорт, урлагаар хичээллэх боломжийг бий болгох зорилгоор олон улсын стандартад нийцсэн, 2600 хүний суудалтай "Мөсөн өргөө" спортын ордон барих ажлыг эхлүүлж, өнгөрсөн амралтын өдөр шав тавьсан.
“Мөсөн өргөө” спортын ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн, сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүдээс гадна соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
Урьд өмнө нь хийж байгаагүй томоохон бүтээн байгуулалтуудыг энэ жил хийнэ
Үүнээс гадна энэ онд 50 метрийн урттай усан спортын ордон, 10 мянган хүний суудалтай хөл бөмбөгийн талбай барих ажлыг эхүүлэх юм байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “2019 оны бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлууд эрчимжиж байна. Зам дэд бүтцийн ажлууд эхэлсэн байгаа. Энэ онд Налайх, Чойрын 20.9 км зам энэ ондоо ашиглалтад орно. Урьд өмнө нь хийж байгаагүй томоохон бүтээн байгуулалтуудыг энэ жил хийнэ. Цаашлаад шинэ дүүрэг, шинэ хотхон, шинэ хот байгуулна. Спортын томоохон цогцолборууд баригдана. Тухайлбал, “Мөсөн өргөө” спортын ордноос гадна 50 метрийн усан спортын ордон, 10 мянган хүний суудалтай хөл бөмбөгийн задгай талбай байгуулна. Ер нь Яармаг орчмыг урлаг соёл, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах орчин болгоно” гэж ярьсан юм.