“Монгол цэрэг” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд XIII-XIV зууны үеийн цэргийн амьдрал ахуй, эд зүйлс, зэр зэвсгийг дэлгэн харуулж байгаа юм. Жил бүр ийнхүү үзэсгэлэн гардаг ч энэ удаагийнх нь монгол цэргийн нэрийн хуудас болохуйц ховор үзмэр болсон сэлмийг цогцоор нь дэлгэн харуулж буй.
Үзэсгэлэнгийн хүндтэй хойморт заларч буй хотгор илд үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байв. Учир нь тухайн үеийн цэргүүд махир сэлэм хэрэглэдэг байжээ. Гэтэл үзэсгэлэнгийн голд байрлуулсан сэлэм хотгор. Тайлбарлагчийн хэлж буйгаар энэ сэлмийг 2013 оны Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад багтаажээ. Энэхүү сэлмийг Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаас 1987 онд олсон байна. Хотгор илдийг XIII, XIV зууны үеийн монголчууд, монгол цэргүүдийн сэлмийг төлөөлөх цорын ганц илд хэмээн тайлбарлалаа.
Ийнхүү үзэсгэлэнд зөвхөн илд, сэлмээс гадна монгол цэргүүдийн эдэлж байсан гархин хөө хуяг, дуулга, бамбай, нум сум, хаадын хөрөг, зуун цэрэг захирах түшмэлийн далбаа, дун бүрээ, төрийн ёслолын цэргийн цагаан тугийн анхны эх загвар, Монгол ардын хувьсгалт цэргийн түүхэнд холбогдох 20 гаруй архивын баримт бичиг зэрэг үзмэрүүд дэлгэгджээ.