БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд Хятадыг Төв Ази, Европ, Африк тивтэй төмөр замын сүлжээ, авто зам, далайн боомтоор холбох “Бүс ба зам" санаачилга хөтөлбөрийг танилцуулсан. Хятадыг дэлхийн худалдааны төв болгох асар том зорилго бүхий энэхүү төсөлд дэлхийн 70 гаруй улс орон, олон улсын байгууллагууд нэгдэн ороод байгаа юм.
АНУ-д төвтэй ашгийн бус “CFR” байгууллагын тооцоолсноор 2017 оны байдлаар "Бүс ба зам" санаачилгын дэд бүтцийн төслүүдэд Бээжингийн эрх баригчдын зүгээс нийт 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хятадын геополитикийн тэргүүлэх төсөл болох уг хөтөлбөр нь сүүлийн жилүүдэд нэгдэн орсон орнууддаа дэд бүтцийн чиглэлд их хэмжээний зээл, тусламж өгөх замаар өрийн дарамт, өрийн боолчлолд автуулах замаар нөлөөлөл тогтоож, урт хугацааны бодлогоо хэрэгжүүлдэг гэх шүүмжлэлд өртсөөр ирсэн. ОУВС болон Дэлхийн банк эдийн засгийн хувьд Хятадын зээл тусламжаас хэт хамааралтай 23 улсыг тодорхойлсон. Мөн Вашингтонд төвтэй Глобал хөгжлийн төвөөс Монгол, Киргизстан, Тажикстан, Пакистан, Мальдив, Монтенегро болон Жибути зэрэг улсуудыг Хятадаас хамааралтай өрийн дарамтад орох хамгийн өндөр эрсдэлтэй орнуудаар нэрлэж байв.
Тухайлбал, “CFR”-ын судалгаанд дурдсанаар 2017 оны байдлаар Монгол Улсын ДНБ эзлэх импортын 11.9 хувь, гадаад хөрөнгө оруулалтын 25.6 хувь, ДНБ-д эзлэх нийт өрийн 23.3 хувь нь БНХАУ-аас хамааралтай гэжээ. Энэ тоо Жибути улсад хамгийн өндөр буюу ДНБ эзлэх импортын 108.4 хувь, ДНБ-д эзлэх нийт өрийн 79.2 хувь нь Хятадаас хамааралтай байгаа юм. Харин Киргизстан улсын ДНБ-д эзлэх импортын 74.6 хувь, гадаад хөрөнгө оруулалтын 26.2 хувь, ДНБ-д эзлэх нийт өрийн 42.3 хувь, Тажикстан улсын ДНБ эзлэх импортын 18.5 хувь, гадаад хөрөнгө оруулалтын 44.5 хувь, ДНБ-д эзлэх нийт өрийн 24 хувь тус бүр БНХАУ-д хамаарах аж. Шри-Ланка улс Бээжингийн эрх баригчдаас зээлсэн их хэмжээний өрөө төлөх боломжгүй болсны улмаас 2017 онд Хамбантота боомтоо Хятадын төрийн мэдлийн “Merchant Port Holdings” компанид эзэмшүүлэхээр шилжүүлэн өгсөн байдаг. Монгол Улсын хувьд 2021 оноос Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийг эргэн төлөх хуваарьтай. Энэ бол манай улс урд хөршдөө тавьсан их өрийн ердөө нэг хэсэг билээ.
Тэгвэл Бээжингийн эрх баригчид цар тахлын улмаас эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон Бүс ба зам санаачилгын гишүүн орнуудаас авах зээлийн эргэн төлөлтүүдийг тодорхой хугацаанд царцаах, зарим зээлийн төлбөрийг цуцлах асуудал яригдаж эхэлсэн талаар “CNBC” мэдээлсэн юм. Зарим ажиглагчид Хятадын энэхүү алхмыг “COVID-19” тус улсаас үүдэлтэй гэдэг утгаар үүнд тодорхой хэмжээний хариуцлага хүлээж байна гэж дүгнэсэн юм. Харин бусад судлаачид Бээжингийн энэхүү бодлогыг "Бүс ба зам" санаачилгын бүтээн байгуулалтыг цар тахлын үед амьтай байлгаж, ирээдүйд гарах улс төрийн үл ойлголцол, хүндрэлээс зайлсхийх зорилгоор хэрэгжүүлэх гэж буй бодлогын чанартай арга хэмжээ гэх байр суурийг илэрхийлсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрөгч оны дөрөвдүгээр сард болж өнгөрсөн "Бүс ба зам" санаачилгын олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар форумд илтгэл тавих үеэрээ уг хөтөлбөрийг зөвхөн Хятадад чиглэсэн өрийн дарамт авчрах схем бус олон улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн зорилт болохыг онцолж байв.
"Бүс ба зам" санаачилгын хүрээнд Ази, Европ, Африк болон Ойрхи Дорнодын 70 гаруй орны 4.4 тэрбум хүн амийг байгаль орчинд ээлтэй дэд бүтцээр холбож, эдийн засгийг хөгжүүлэх хөшүүргийг бий болгох зорилт дэвшүүлдэг. Азийн хөгжлийн банк НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахын тулд зөвхөн Ази тивийн орнуудад 2030 он гэхэд 26 их наяд ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагатай гэх тооцоог гаргасан байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад танилцуулагдсан Хятадын "Бүс ба зам" санаачилгын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд энэхүү хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг Хятад улс уг хөтөлбөрийн хүрээнд хийхээ илэрхийлсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд Азийн орнууд "Бүс ба зам" санаачилгын хүрээнд дэд бүтцийн чиглэлд БНХАУ-аас маш их хэмжээний санхүүжилтийг авах болсон. Харамсалтай нь,өнөөдөр дэлхийн 180 гаруй улсад бүртгэгдсэн цар тахлын улмаас Азийн зах зээлүүд Хятадад өрөө хугацаанд нь төлөх боломжгүй, хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байгаа юм. Харин нөгөө талд Бээжингийн хувьд "Бүс ба зам" санаачилгын хэрэгжилт нь хөдөлмөрийн хүч, зээлийн эргэн төлөлтөөр өөрийгөө дахин санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр, техник, технологийн хангамж зэргээс ихээхэн хамааралтай. Гэвч цар тахлын улмаас улс орнууд хөл хорио тогтоож, хилээ хаах болсон явдал нь "Бүс ба зам" санаачилгын хөтөлбөрүүд зогсонги байдалд орох шалтгаан болоод байгаа юм.
Зөвхөн “XXI зууны далайн торгоны замд нэгдэн орсон” Индонез, Малайз, Тайланд, Камбож, Шри-Ланка зэрэг орнууд л гэхэд хөл хорио тогтоогоод байна. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын гурван улс ч хөл хорио тогтоосон. Евразийн шинэ гүүр төслийн хувьд ОХУ, Казахстан, Беларусь, Польш, Герман зэрэг оролцогч гол орнууд мөн л хөл хорио тогтоосон аж. Хятад-Төв Ази-Баруун Азийн эдийн засгийн коридорын Киргизстан, Узбекистан, Иран, Турк зэрэг орнуудад мөн хөл хорио хэрэгжиж буй.
Хятадын гадаад бодлогыг судлаачид болон эрх баригчид үргэлж хоёр талдаа иртэй илд шиг бодлого хэрэгжүүлдэг болохыг онцолдог. Тиймээс энэ удаад "Бүс ба зам" санаачилгыг урагшлуулах зорилгоор өрийн уучлал үзүүлж байгаагийн цаана мөн давхар зорилго агуулж байх талтай юм.
Олон улсын стратеги, эрсдэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Maplecroft” фирмийн Азийн зах зээлийг хариуцсан мэргэжилтэн Кахо Юу цар тахлын улмаас нэгэнт зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй болсон орнуудтай Бээжингийн эрх баригчид “Бартер”-ын тохироо хийж эхэлсэн нь тэдний Хятадаас хамааралтай байдлыг улам эмзэг болгох талтай болохыг анхааруулсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч орнууд бартерын гэрээний дагуу түүхий эд, газрын тос зэргийг зээлийн эргэн төлөлт хэлбэрээр өгөх юм. Мөн олон эдийн засгаар дагнан бичдэг “The Economist” сэтгүүлийн судлаачид Бээжингийн эрх баригчид зээлдэгч орнуудад өр төлбөрөө барагдуулах шахалт үзүүлэх болсон талаар мэдээлсэн. БНХАУ аль хэдийн зарим бага орлоготой орнуудад өр төлбөрийг буруулах хөтөлбөрүүд санал болгохоо илэрхийлээд байгаа аж.
Эх сурвалж: CFR.org, OECD.org, The Economist, CNBC, Reuters