Open iToim app
Анализ | 6 мин уншина

Монголбанк: Хаан банкны 60 хувийн бүртгэлийн 'эзэн' ба бодит эзнийг ч мэдэхгүй

Монголбанк: Хаан банкны 60 хувийн бүртгэлийн 'эзэн' ба бодит эзнийг ч мэдэхгүй
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 8
Хошигнолд ч хамгийн багадаа л чимхээр хэмжигдэх үнэн бий гэж үгтэй. Монголд өнөөдөр “Хаан” банкны дансгүй монгол хүн байтугай, зээлийн барьцаанд нь бүртгүүлээгүй мал ч байхгүй гэх юм билээ. Хаан банк бол Монгол орон даяар 547 салбар нэгжтэй, 2.6 сая харилцагчтай Монголын хамгийн том арилжааны банк.
2020 оны эцсийн байдлаар тус банкны нийт хөрөнгө 13.1 их наяд, өөрийн хөрөнгийн хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрэв. Хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа банк /ХХБ/-наас нийт  актив нь таван их наядаар илүү. Зах зээлд гаргасан нийт зээлийн хэмжээ нь 6.6 их наяд, татан төвлөрүүлсэн хадгаламж нь 7.7 их наяд төгрөг.  Энэ нь банкны системийн хэмжээнд гаргасан нийт зээлийн 30 гаруй хувь, нийт хадгаламжийн 40 гаруй хувь Хаан банкнаас хамааралтайг илтгэнэ.
Монголын банкны салбар төдийгүй санхүүгийн зах зээлийн хамгийн том тоглогчийн хувь эзэмшигч өөрчлөгдөж байгаа мэдээ сүүлийн үед эрчээ авлаа. Харин тэр нь хэн бэ...?
undefined
Хаан банкны 45.55 хувийг Японы “Савада Холдингс”, түүний охин компани “Эйч Эс Интернэшнл” 14.45 хувийг буюу нийт хувьцааны 60 хувийг японууд эзэмшдэг. 2019 оноос “Савада Холдингс” өөрийн хувиа зарж, Монголоос гарах сонирхолтой байгаа талаарх яриа улс төр, банк, санхүүгийнхний дунд хүчтэй явсан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг, мөн Худалдаа хөгжлийн банкны хувьцааг бараг бүхлээр нь эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарыг худалдан авсан яриа нэлээд эрчимжиж байгаад намжсан юм. Саяхнаас уг яриа дахин сэдэрлээ. Ингэж сэдрэхдээ хувьцаа зуучлагчаар Ассашёрюү Д.Дагвадорж, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар нарын нэр шинээр нэмэгдэж, мөн ах дүү аваргын эзэмшил бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байрших төрийн буюу ард түмний мөнгө болох  /НДС, ЭМДС/ 134.6 тэрбум төгрөгийг Хаан банкны 60 хувийн арилжаанд ашигласан юм биш биз гэх хардлага нийгмийн сүлжээнд эрчээ авлаа.
Хамгийн гол нь энэ бүхнийг, өөрөөр хэлбэл Хаан банкны хувьцааг хэн авч байгааг, авч байгаа мөнгө нь цэвэр эсэхийг мэдэж байж холбогдох зөвшөөрлөө өгөх үүрэгтэй Монголбанкны ерөнхийлөгч өөрийг нь томилсон УИХ-ын өмнө бараг л юу ч мэдэхгүй гээд сууж байна. Хаан банкны хувьцааг худалдах хэлцэл өнгөрсөн гурван сард хийгдсэнийг илтгэх Монголбанкны Ерөнхийлөгчийн газрын үсэгтэй зарим баримтуудаасаа эргэж буцав.  
Баримт-1
undefined
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр Хаан банкны 60 хувийг эзэмшигч “Савада Холдингс”-ийн хувьцааг худалдан авах тендерт оролцогч Японы “Упсилон” ХХН, “Мета Капитал” компанийн саналтай танилцаж, хянаад зөвшөөрсөн хариуг оролцогч талд хүргүүлсэн байна. Тодруулбал, тендерт оролцогч нь Банкны тухай хуульд заасан шалгуурыг хангаж байгаа учраас татгалзах зүйлгүйг мэдэгджээ. Бүр тодруулбал, албан бичигтээ Банкны тухай хуулийн:
-19.1.4.банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;
-20.1.5.үүсгэн байгуулагч болон тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, тэдгээрийн холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн гурван жилийн, энэ хуульд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
-20.3.Банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, тэдгээртэй холбогдох этгээд нь энэ хуульд заасан шаардлагыг хангах нотлох баримт бичгийг тухайн этгээд бүртгэгдсэн улсын эрх бүхий төрийн байгууллага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар нотлуулсан байх бөгөөд эдгээр баримт бичиг нь банк үүсгэн байгуулах баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болно.
36.15.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн шаардлагыг хангасан тул татгалзах зүйлгүй гэсэн утгатай байв.
Өөрөөр хэлбэл, Хаан банкны нөлөө бүхий хувь эзэмшигчийн хувьцааг худалдах арилжааг Монголбанк зөвшөөрснийг нотолж байна. Тэгсэн хэрнээ хувьцааг яг хэн авсныг Монголбанкны ерөнхийлөгч мэдэхгүй гэж хэлж байгаа. Үнэхээр мэдэхгүй юм бол бүртгэлийн цаадахь бодит эзэн нь Банкны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүйг мань ерөнхийлөгч яаж мэдээд байна вэ..? Бас Хаан банкны хувьцааг худалдан авч байгаа мөнгө, эх үүсвэр нь цэвэр л юм бол уг мөнгөний эзэн хэн болохыг мэдэхгүй байна гэж байх уу. Өөрөөр хэлбэл, түрүүвчний эзнийг нь мэдэхгүй танихгүй байж, түрүүвчинд байгаа мөнгөний эх үүсвэр, цэвэр бохир эсэхийг мэдэх боломжтой юу...?  
Баримт-2
undefined
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны аравдугаар сарын 26-нд Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад албан бичиг хүргүүлжээ. Уг бичигт Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХХК-ийн хувьцааг худалдахтай холбоотой бичиг баримтыг байнга шалгаж ирснийг дурдаад, олон улсад хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кролл” байгууллагын Ази-Номхон далайн бүс хариуцсан салбараас Японы хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий /31.2%/ хувьцаа эзэмшигч болох “Юнайтэдбэнкинг корпорэйшн” ХХК-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээлэл авлаа. Энэ нь Банкны тухай хуулийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэснийг зөрчихөөр байгаа тул хувьцаа эзэмшигчээр бүртгэх зөвшөөрлийг олгох боломжгүй болсныг мэдэгджээ.
Эндээс нэгд, “Савада Холдингс”-ийн хувьцааг Японд бүртгэлтэй “Упсилон” ХХН, “Мета Капитал” нэгдэл худалдан авсан нь тодорхой болов. Хоёрт, Монголбанк долдугаар сард оролцогч талд хүргүүлсэн бичигтээ Банкны тухай хуулийн 36.15 дахь хэсгийг хангаж байгааг дурдаад тендерт оролцох зөвшөөрлийг олгосон ч, булхай нь хөндлөнгийн олон улсын компанийн хийсэн шалгалтаар илэртэл яаран өмнөх албан бичгээ үгүйсгэж, мөн өөрсдийнхөө хяналт шалгалт сул, эсвэл мэдсэн ч санаатай нуусан байх магадлалтай харагдана. Монголын хамгийн том арилжааны банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааг худалдах асуудалд Монголбанк хатуу хяналт тавьж, хуулийн дагуу бүх оролцох талын хамаарлыг шалгаж, нягтлах үүрэгтэй.
Баримт-3
Монголбанкны ерөнхийлөгч  Б.Лхагвасүрэн өнгөрсөн пүрэв гаригийн чуулган дээр Хаан банкны хувьцааг худалдах асуудалтай холбоотой тайлбар өгөхдөө өмнөх албан бичгүүдээ дахиад үгүйсгэж, бөөрөнхийлөв. Хэдхэн хоногийн өмнө “Кролл” гэх компаниас ирсэн мэдээллээ ч дурдаагүй. Тэрээр “Японы хөрөнгө оруулагч “Мета капитал”  компани ХХБ-ны хөрөнгө оруулагч Юнайтедбэнкинг корпорэйшнтэй ямар нэг холбоотой эсэхийг "Савада Холдингс" болон аудитын компаниас тодруулахад тийм зүйл байхгүй гэдэг мэдээлэл өгсөн. Үүнээс ХХБ-ны оролцоо байхгүй гэдэг нь харагдаж байна. Гэхдээ бид илүү нарийн судлах болно” гэсэн юм. Өмнө нь судлахгүйгээр албан бичиг өгсөн юмшиг!
Зөвхөн энэ хэдэн баримт, өөрийнх нь албан бичиг, мөн УИХ-д өгсөн эргэж буцсан тайлбараас нь харвал Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл нь зөрүүтэй, эргэлзээтэй, магадгүй хувьцааны наймааны оролцогч байж ч магадгүй зэрэг хардлага төрүүлж байна.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн арилжаан дээр монголчууд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн. Засгийн газар нь өөрөө хууль зөрчсөн, хуйвалдаанд оролцсон гэж УИХ, Цэц мөн шүүх үзэж, түүнийг тойрсон улс төрийн балаг өнөөдөр ч дуусаагүй байна. Хаан банкны тухайд хувийн хэвшлийн хувьцаа шилжиж байгаа боловч цаад агуулгаараа хэрвээ хувьцааны арилжааг санхүүгийн бохир схемээр хийсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн "Монгол Улс хар жагсаалтад орох магадлалтай шүү" гэдэг зүй ёсны анхааруулга юм. Хэрвээ тэгвэл горыг нь улсаараа үүрнэ, Хаан банкны хувьцааг худалдаж авсан хүн нь ганцаараа хожно. Яг “Эрдэнэт”-тэй ижлээр өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө.
Санаж байгаа бол анхандаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн арилжааны бүртгэлийн эзэн нь өөр нэртэй, цаасан дээр цэвэр нэгэн байсан. Харин дараа нь УИХ, Засгийн газраас бүртгэлийн эзний цаадахь бодит эзний арилжаа хийсэн мөнгөний эх үүсвэрт хуулийн зөрчил байна гэж үзсэн билээ. Одоогоор Хаан банкны 60 хувийн арилжааны бүртгэлийн эзнийг ч, бодит эзнийг ч Монголбанк мэдэхгүй, танихгүй, мөн хувьцаа худалдан авах мөнгө нь цэвэр эсэхийг мэдэхгүй гэдгээ УИХ-д ерөнхийлөгч нь хэлээд байна.
Өөрөөр хэлбэл, улсаараа олон улсын санхүүгийн хар жагсаалтад орох ажлыг улсын Төв банк өөрөө хийж байгаа юм биш биз!
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн