Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн тааз гуравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө нурсан байна. Азаар хичээлийн бус цагаар нурсан тул сурагчид бэртээгүй аж.Сургуулийн тааз нурсан асуудлаар Цэцэг сумын орлогч дарга Б.Отгонбаяраас тодруулахад “Сургуулийн барилга дээр үед баригдсан. Хоёр жилийн өмнө таазыг өнгөлж дүүжин тааз хийсэн байсны цаад тааз нь дундуураа цөмөрсөн асуудал гарсан. Үйл ажиллагааг тасладуулахгүйн тул цэвэрлэж, шалгаж байна” гэв.Гэтэл энэ нь анхны удаа биш тус сургуулийн тааз нурж буй хоёр дахь тохиолдол юм байна. Энэ талаар сургуулийн захирал Д.Мөнхтөр “Өмнөх нуралтын үеэр хоёр ширхэг дүүжин тааз нурсан байсан. Тухайн үед би хотод ажлаар явж байсан учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай сургуулийнхан засвар хийсэн компани руу ярьж хэлсэн” хэмээлээ.Тус сургууль нь хоёр жилийн өмнө 420 сая төгрөгийн засвар хийсэн байна. Цэцэг сумын ЕБС нь хичээлийн хоёр байртай бөгөөд А байр нь 1978 онд, Б байр нь 1990 онд ашиглалтад орсон аж. Уг сургуульд нийт 600 хүүхэд суралцдаг. Сургуулийн удирдлагууд тус өдөр Цэцэг суманд хүчтэй салхи шуурсан тул тааз нурахад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн таамаглаж буй. Түүнчлэн, Ховд аймгийн мэргэжлийн хяналтаас шалгаж байгаа юм байна.