Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Эрдэмтэд ‘Сугар’ гарагаас боломжит харийн амьдралыг илрүүлжээ

Эрдэмтэд ‘Сугар’ гарагаас боломжит харийн амьдралыг илрүүлжээ
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 15
Шинжлэх ухаан төдийгүй хүн төрөлхтний хувьд задгай сансарт биднээс өөр харь гаригийн амьдрал оршин тогтнодог уу гэх асуулт хамгийн чухал асуудлуудын нэг юм. Тиймээс эрдэмтэд сүүлийн хагас зуун жилийн турш телескопын тусламжтай манай нарны аймгийн бусад гаригууд болон тэдгээрийн дагуул гаригуудаас амьдралын шууд ба шууд бус хэв шинжийг эрэн хайх судалгааг хийсээр ирсэн.
Тэгвэл даваа гаригт олон улсын эрдэмтэд Сугар гарагийн хатуу хүчиллэг үүлнээс бичил биетний амьдралын орчныг илтгэдэг фосфин хэмээх хий илрүүлсэн талаар мэдээллээ. Энэ нь манай дэлхийн хөрш гариг дээр боломжит харийн амьдралын ул мөрийг илрүүлсэн анхны тохиолдол юм.
Эрдэмтдийн баг Сугар гараг дээрхи фосфины хийг Хавай дахь “Жеймс Клерк Максвелл” дурангаар анх олж илрүүлсэн бөгөөд дараа нь Чили дэх “Atacama Large Millimeter/submillimeter Array” буюу “ALMA” радио телескоп ашиглан баталгаажуулсан байна. Шинжлэх ухааны “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар судлаачид Сугар гараг дээрхи галт уул, солир, аянга цахилгаан, янз бүрийн химийн урвал зэрэг биологийн бус эх үүсвэрүүдийг судалж үзээд амьдралын бодит хэлбэр байх боломжтой нэг ч нотолгоо илрүүлээгүй ч манай гаригийн хувьд фосфины хийг хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үржих чадвартай бактери үүсгэдэг болохыг цохон тэмдэглэсэн байна.
Эрдэмтэд Сугар гарагийн агаар мандлын тэрбум нэгж тутамд агуулагдах 20 нэгжийг фосфин хий бүрдүүлдэг болохыг тогтоосон бөгөөд гурван устөрөгчийн атомын нэгдэл бүхий фосфорын атом нь хүний биед маш хортой нөлөөтэй юм.
Судалгааны ажлыг ахалсан Уэльсийн Кардиффын их сургуулийн одон орон судлаач Жейн Гривз энэхүү нээлтийнхээ талаар “Би үүнийг олж хараад анх маш их гайхсан. Дараа нь нягталж үзсэнийхээ дараа цочирдсон” гэх сэтгэгдлийг илэрхийлжээ.
Харин АНУ-ын Массачусетсийн Технологийн их сургуулийн молекулын астрофизикч Клара Соуса-Силва “Бидний Сугар гарагийн талаар одоогоор нээж илрүүлсэн, мэддэг бүхэн фосфиныг тайлбарлахад үнэмшилтэй сонсогдохоор гайхалтай байсан. Бидний хийсэн нээлт бол Сугар гараг дээр амьдрал байх боломжтой гэдгийг илрүүлсэн явдал болохыг онцлох нь зүйтэй. Энэ бол маш чухал ач холбогдолтой нээлт. Учир нь хэрэв фосфин байгаа тохиолдолд тэнд амьдрал байгаа буюу хүн төрөлхтөн нарны аймагт ганцаараа биш гэсэн үг юм. Мөн энэ нь Сугар гараг дээр амьдралын ийм төрөл нийтлэг байх боломжтой бөгөөд манай галактикийн бусад олон гаригууд дээр амьдрал оршин байх ёстой гэсэн үг юм. Аз болж Сугар гараг яг бидний дэргэд байдаг. Тиймээс бид тийшээ очоод үнэхээр амьдрал байгаа эсэхийг судалж үзэж болох юм” гэжээ.
Эрдэмтэд үүнээс өмнө амьдрал оршин байх боломжит нөхцөл, уур амьсгалаас шалтгаалан Ангараг болон тодорхой бусад гарагуудад илүү их анхаарал хандуулж, Сугар болон нарны аймгийн бусад гарагуудаас амьдралын ул мөр хайх ажилд төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан аж. Гэтэл Сугар гараг нь дэлхийтэй хамгийн ойр орших нарны аймгийн гараг бөгөөд бүтцийн хувьд манай гарагтай төстэй ч биднээс бага зэрэг жижиг гариг юм. Сугар гараг нь өтгөн, хортой агаар мандлаар бүрхэгдсэн маш халуун цаг ууртай. Гадаргуу дээрээ Цельсийн 471 хэм хүртэл халдаг буюу тугалга хайлуулахад хангалттай хэмжээний халуун гариг юм.
НАСА-гийн тэргүүн Жим Бриденстайн Сугар гарагийн шинэ нээлтийн талаар өөрийн твиттер хаягтаа “Энэ бол дэлхийгээс бусад гараг дээр амьдрал хайх судалгааны хувьд хамгийн чухал дэвшил юм. АНУ-ын Сансар судлалын агентлаг одоогоор Сугар руу түүний агаар мандлыг судлах робот илгээхээр төлөвлөж байна. Сугар гарагийг нухацтай судалж эхлэх цаг болжээ” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн