iToim агентлаг “Миний Улаанбаатар” булангийнхаа энэ удаагийн дугаарт Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах “Шинэ Хан-Уул” жишиг цэцэрлэгт хүрээлэнгийн шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлыг онцолж байна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн голоор алхаж эхлэхэд байгальд байгаа мэт зөөлөн чийгийн үнэр анхилна...
“Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт байрлах усан оргилуурыг тойрсон ойн төгөл бүхий ногоон байгууламжид хүүхдийн амьдаар нь харж байгаагүй, хүүхэлдэйн киноноос л хардаг амьтад нь нэгэн дор чуулжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд таван тивийн 41 төрлийн 200 гаруй амьтад үр төлтэйгөө байх нь сэтгэл татам. Тухайлбал, Антарктидаас цагаан баавгай, оцон шувуу, араатны хаан арслан, барс, бүлтгэр бүжин, урт хүзүүт анааш, тэмээнээс эвэр авсан буга, согоо, ойн хүрэн баавгай, моншоо тэврэн суух сармагчин, гэгээн хайрын хун шувуу зэрэг олон төрлийн амьтан байлаа. Тэд яг бэлчээртээ, байгальдаа байгаа мэт харагдана.
Холоос ирсэн ховорхон амьтадтай уулзсан бяцхан үрс инээд цалгиулан зургаа даруулж, хүрч үзэхийн хүслэн болж байв. Гэвч амьтдад хүрч болохгүйг үйлчилгээний ажилтан анхааруулах нь харамсалтай ч аргагүй нөхцөл юм.
Амьтдын баримал нь бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй пластик материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог аж.
Хан-Уул дүүрэг энэ жил “Эко дүүрэг” болох зорилтыг тавьж, уг ажлынхаа хүрээнд дүүргийнхээ цэцэрлэгт хүрээлэнгийн 2,2 га талбайг 49 сая төгрөгөөр иж бүрэн шинэчилж, хүүхэд, гэр бүлд инээд хөөр бэлэглэх, амрах тухтай орчныг бий болгожээ. Тухайлбал, ойн төгөл бүхий ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.