МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш С.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Ерөнхий сайд БНХАУ-д айлчлаад ирлээ. Айлчлалыг та судлаач хүний хувьд юу гэж дүгнэх вэ?
-Айлчлалаар нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн бодлого зохицуулалтын хүрээнд зөвхөн БНХАУ-ын хил дээр нарийн царигийг хүлээн зөвшөөрлөө. Харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өргөн цариг байна гэдгийг хуулиар баталгаажуулсан. Айлчлалаар боомтын асуудлыг эцэслэн шийдэж, баримт бичгээ албажууллаа.
2015 онд гурван улсын эдийн засгийн коридор буюу БНХАУ, ОХУ, Монгол Улсыг хамарсан эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, стратегийн шинжтэй асуудлыг гурван улсын төрийн тэргүүн хэлэлцэж шийддэг байхаар болсон. Энэ хүрээнд хийсэн ажлууд одоо албажиж байна. Тэрнээс дан ганц энэ Засгийн газар, Ерөнхий сайд үүнийг хийсэн юм биш. Монгол Улсын эдийн засгийн гадаад бодлого тасралтгүй үргэлжилж байгааг харуулсан гэсэн үг. Ингэж царигийн асуудлыг шийдсэн нь чухал үйл явдал. Тиймээс нийгэм өргөн, нарийн царигийн асуудлаар маргалдах шаардлагагүй. Төмөр зам бол эдийн засгаас гадна геополитик шинжтэй асуудал юм. Үүнийг хоёр хөрштэйгөө зохицож шийдвэрлэсэн нь хамгийн чухал ололт.
Гадаад харилцааны яам бусад орнууд дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан мэдээллээ тасралтгүй солилцож байгаа. Тэгэхээр ОХУ-тай юу ярих вэ, БНХАУ-тай юу ярих вэ гэдэг нь тодорхой. Нөгөө талаас манай улс тусгаар улсын хувьд хөршүүдтэйгээ аль асуудлаар хэзээ ярилцах вэ гэдгээ өөрөө мэднэ. Энэ бол засаглах эрх, тусгаар улсын үндсэн эрх шүү дээ. Үүнийг иргэд нь шүүмжлээд байвал тусгаар улсынхаа тусгаар эрхийг хүндэтгэхгүй, эх оронч хандахгүй байгаагийн илрэл. Харин ч гадаад харилцаагаа дэмжиж, тулгуур бодлого шүү гэдэг талаас нь харах ёстой. Тэрнээс биш гадаад харилцааны бодлогыг дотоодын улс төрийн нөхцөл байдлаар харж болохгүй. Гадаад харилцаа бол үндэсний эрх ашиг учир дотоодын улс төрийн асуудлаас огт өөр. Дотроо Монголчууд мянган дуутай, нэг асуудалд олон талаас шүүмжлэлтэй ханддаг байж болох ч гадагшаа гарч буй дуу хоолой нэг л байх ёстой.
Олон улсын харилцаанд олон улс өрсөлдөж байгаа. Өрсөлдөхийн хэрээр нэр хүндээ хамгаалах, нөлөөллөө нэмэгдүүлэх бодлого давхар явж байгаа. Тиймээс улстөржихдөө учир шалтгаантай л улстөржих хэрэгтэй. Дотоодод болж буй аливаа зөрчилдөөн, улс төрийн үймээнийг гадаад бодлогод наах хэрэггүй. Жишээлбэл, “Их өр”-ийн асуудлыг дотоодын нам хүчний бодлогын өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж, улстөржүүлж байсан нь ОХУ, Монголын харилцааны түүхийг сэвтээж байсан гунигт түүхтэй. Ийм гашуун түүхийг давтахгүй байх нь чухал.
-Монголчуудын хоёр хөрштэйгөө харилцах харилцааг ямархуу байна гэж хэлэх вэ?
-Манай улс хоёр хөрштэйгөө хийх харилцан ойлголцол хамгийн сайн хөгжиж байгаа. Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцах. Хоёр хөрш бол Манжуур, Казахстан, Монгол гээд Төв Азид эдийн засгийн хоёр, гурван коридороор холбогддог. Гэтэл манай улсаар эрчим хүчний томоохон төслөө дайруулж байгаа нь харилцан ойлголцол, итгэлцэл нь хангалттай түвшинд байгаагийн илрэл. Энэ нь сүүлийн 30 жилд манай улс хоёр хөрштэйгөө холбоо харилцаа сайтай байсныг илэрхийлж байна. Ийм итгэлцэл удаан хугацаанд үргэлжсэний хүрээнд том төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Гурвалсан эдийн засгийн коридорын хүрээнд төмөр зам, автозам, эрчим хүчний төслүүд, байгалийн хий, нефтийн хоолой, нүүрсийг цахилгаанжуулж түгээх сүлжээ зэрэг 35 төсөл хэрэгжихээр болсон. Үүгээр дамжиж Монгол Улсын геостратегийн байдал, бүс нутагтаа жин дарах байр суурь нэмэгдэнэ.
Мөн хоёр хөршөөрөө гуравдагч хөршийн бодлогоо хүлээн зөвшөөрүүлж чадсан. Манай улсын 1990 оноос хойш хэрэгжүүлж буй гадаад бодлогын хамгийн чухал ололтуудын нэг бол гуравдагч хөршийн бодлого. Бид БНХАУ, ОХУ-тай харилцан ойлголцол, итгэлцлээ хадгалсан хэвээр АНУ-тай улс төр, эдийн засгийн харилцааны түүхийг бүтээж байна. Энэ хүрээнд “Мянганы сорилын сан” төсөлд хоёр удаа хамрагдана гэдэг бол стратегийн ач холбогдолтой улсын тоонд орж буйн шинж. Төв Азийн бүс нутаг, Орос Хятад хоёрын дунд байгаа байршил АНУ-ын сонирхолтой нийцэж байна. Нөгөө талаас манай улсын нээлттэй, ардчилсан байдал мөн гуравдагч хөршийн бодит сонирхолтой нийцэж байна гэсэн үг. Бидний ардчилалд тодорхой хэмжээгээр алдаа дутагдал бий. Гэхдээ ардчилсан байна гэдэг нь өөрөө давуу тал.
-Иргэд, олон нийт бол хоёр хөршийг дургүйцнэ гээд байгаа шүү дээ?
-Бид тусгаар улс учир хэнтэй яаж харилцах вэ гэдгээ хоёр хөршөөрөө хянуулаад байж болохгүй. Монголын ард түмэн өөрийн тусгаар улсын засаглах эрхэнд яагаад ийм эргэлзээтэй хандаж байна вэ. Энэ бол утгагүй. Гадаад харилцааг яг дотоодод болж буй улс төрийн нөхцөл байдлаар хараад байна. Юм болгоныг хардаж, сэрдэж байгаа нь буруу. Ард түмний нэрийг барьж, төрийн бодлогод шахалт үзүүлж өөрт ашигтай шийдвэр гаргуулдаг сонирхлын бүлэг бий болсон. Тэр хүмүүсийн хувийн ашиг сонирхлын дагуу гадаад бодлогыг дүгнэх нь өрөөсгөл. Яг ийм сонирхлын бүлгүүдийн сонирхлыг хэвлэл мэдээллийн байгууллага тасалж чадна. Монголчууд хөршүүдтэйгээ маш сайн ойлголцдог, чадварлаг дипломатын түүхтэй улс шүү дээ. Тэгэхээр өөрсдийн чадварыг дутуу үнэлж болохгүй.
Сүүлийн үеийн айлчлалуудыг харахад дипломат ёс алдагдаж байгааг харлаа. Айлчлалд оролцож буй УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын биеэ авч явах байдал, монгол төрийн хүний төлөвшил учир дутагдалтай байна. Сая Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа сэтгэл хөдлөлдөө автаж байгаа нь зарим үгнээс нь харагдсан.
Гадаад харилцааны бодлого гэдэг бол нэг улс төрийн хүчний нөлөөнөөс шууд хамаарахгүй. Манай улсын гадаад бодлого бол бие дааж, тасралтгүй, системтэйгээр хөгжсөн. Тиймдээ ч сүүлийн 30 жилд эдийн засгийн харилцаа сайн байсан учир гадаад худалдаа сайн байна. Манай дотоод бодлого замбараагүй боловч гадаад бодлого нь маш цэгцтэй.
-Зөвлөлт холбоот улсын нөлөөний хүрээнд байсан бүс нутгуудад гадаад харилцааны томоохон зөрчил гарах боллоо. Казахстаны үйл явдал бага зэрэг намжаад ирлээ. Мөн Украйны хямрал үргэлжилсээр байна. Энэ үйл явдлууд манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-Манай улс энэ бүгдээс сургамж авах ёстой юм. Украин, Казахстан улс засаглалын хувьд ардчилсан систем рүү шилжиж чадаагүйн улмаас том хямралд орж байна. Бидний нэг бахархах зүйл бол 1990 оноос хойш парламентын засаглал руу тайван шилжиж, шинэ Үндсэн хуулиараа засаглалаа улам бэхжүүлсэн. Энэ нь манай улс тогтвортой парламентын засаглалтай улс болж, цаашид хөгжинө гэсэн сэтгэгдлийг гадаад улсуудад төрүүлж байна. Тиймээс л гуравдагч хөрш гэж нэрлэгдээд байгаа улс орнууд манай улстай хамтарч ажиллах бодит сонирхолтой байна. Бидний ардчилал алдаа дутагдалтай ч ямар нэг байдлаар ардчилал байна гэдгийг тэд харсан байна. Нэг хүний дарангуйлалд орохгүй яаж ийгээд Ерөнхийлөгчөө сольж байна, улс төрийн намууд ээлжилж төр барьж байна. Энэ бүгд аажимдаа сайжирна шүү дээ.
Манайх шиг бага буурай улс ардчилалгүй, хүчтэй хоёр хөршийн дунд зоригтойгоор парламентын засаглалтай болж, ардчиллыг тодорхой түвшинд хэрэгжүүлж байгаа нь зоримог бодлого юм. Тэр хэрээр гаднын улс орнуудын итгэлийг дааж, хамтарч ажиллах нь ирээдүйн боломжоо баталгаажуулж буйн хэлбэр. Тэгэхээр бид эдийн засгийн гадаад бодлогын асуудалд гудамны улс төр хийж болохгүй гэдгийг хатуу сана.
-Монголчууд хятадуудыг үздэггүй шүү дээ. Муу хужаа гээд л эхэлдэг. Энэ хандлага хоёр улсын харилцаанд нөлөөлдөг үү?
-Нөлөөлнө. Нэг талдаа зөв. Бидний түүхээр дамжсан ард түмний оюун санааны дархлаа юм. Үүнийг үгүйсгэж болохгүй. Хамтарч ажиллана, гэхдээ сэрэмжтэй байна. Одоо БНХАУ-ыг олон улсын түвшинд итгэл даах чадвар муутай түнш гэж ярьдаг. Монгол Улс БНХАУ-ыг хамгийн сайн мэддэг, түүхэндээ хамгийн их зөрчилдсөн улс. Бид ямар нэг байдлаар сэрэмжилж байсан учраас ХХ зуунтай золгосон гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дархлаа, оюун санааны хүчинд тусгаар улс болж тэсэж үлдчихээд, одоо үндэсний дархлаагаа өөрчлөх хэрэгтэй гэж ярьж байвал бид БНХАУ-ын зөөлөн хүчний бодлогод автагдсаны шинж.