Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон АНУ-ын Корнеллийн их сургууль нар хамтран 2007 оноос эхлэн “Global Innovation Index” буюу “Инновацийн индекс” судалгааг жил бүр эрхлэн гаргах болсон. Улс орнуудын инновацийн чадавх, амжилтыг эрэмбэлдэг уг судалгааны 2020 оны үзүүлэлтийг өнгөрсөн сард танилцуулжээ.
Судалгааны өмнөтгөлд дурдсанаар цар тахлын улмаас өнгөрөгч онд дэлхийн хэмжээнд боловсрол, технологи болон инновацийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурсан ч эрүүл мэнд, харилцаа холбоо, боловсролын технологи, цахим худалдаа, хүргэлт, тээврийн салбарт цоо шинэ дэвшлүүд гарсан болохыг онцолсон юм.
"Инновацийн индекс 2020" судалгааг Швейцар улс тэргүүлсэн байна. Швейцар нь 2011 оноос хойш инновацийн үзүүлэлтээр тасралтгүй манлайлж байгаа улс юм. Харин араас нь Швед, АНУ, Их Британи, Голланд, Дани, Финланд, Сингапур, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд судалгаанд хамруулсан дэлхийн 131 орноос эхний аравт эрэмбэлэгджээ. Харин манай хоёр хөршийн хувьд БНХАУ 14-т, ОХУ 47-д тус тус бичигдсэн байна.
Улс орнуудын инновацийн үзүүлэлтийг бүс нутгаар авч үзвэл Европ тивийг Швейцар, Швед, Их Британи тэргүүлсэн бол Зүүн өмнөд Ази, Зүүн Ази, Далайн орнуудыг Сингапур, Өмнөд Солонгос, Хонконг, Төв болон Баруун өмнөд Азийг Энэтхэг, Иран, Казахстан улсууд тус тус тэргүүлсэн юм.
Тэгвэл улс орнуудын инновацийн үзүүлэлтийг орлогын төвшинд харьцуулсан байдлаар “өндөр орлоготой орнуудыг - Швейцар, Швед, АНУ” тэргүүлж байгаа бол “дунджаас дээш орлоготой улсуудыг - БНХАУ, Малайз, Болгар”, “дунджаас доогуур орлоготой орнуудыг – Вьетнам, Украин, Энэтхэг”, “бага орлоготой орнуудыг – Танзани, Руанда, Балба” зэрэг орнууд тэргүүлжээ.
Монгол Улсын хувьд “Инновацийн индекс 2020” судалгаагаар дэлхийн 131 эдийн засгаас 58-д эрэмбэлэгдсэн нь өмнөх оноос 5 байр ухарсан үзүүлэлт юм. Бүс нутгийн хэмжээнд 12-т жагссан нь мөн л 2019 оноос нэг байр ухарсан үзүүлэлт болжээ. Харин Монгол Улс эдийн засгийн хувьд ижил статус бүхий дунджаас доогуур орлоготой 29 орноос 5-т бичигдэж байсан өмнөх амжилтаа хадгалсан байна. Манай улс “Инновацийн индекс 2019” судалгаагаар дэлхийн 130 орноос 53-т бичигдэж байв.
Гэсэн ч “Инновацийн индекс” судалгаанд Монгол Улс сүүлийн хоёр жил орлогын төвшинтэй харьцуулсан инновацийн үзүүлэлтээр эдийн засгийн хөгжлийн нөхцөл, боломжоосоо давсан инновацитай орон гэж тодорхойлогдож байна. Энэ оны судалгаанд ердөө 41 улсыг инновацийн хөгжил нь эдийн засгийн хөгжлөөсөө түрүүлсэн гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, эндээс монгол залуусын бүтээж буй инноваци статистик дахь бодит хүлээлтээс давжээ гэж дүгнэж болох аж.
"Инновацийн индекс 2020" судалгаанд дурдсанаар Монгол Улсын институцийн зохицуулалтын орчин, зах зээл талаасаа зээлийн орчин, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт сайтай, мэдлэг болон технологийн хувьд ашигтай загварууд зохион бүтээдэг, бүтээлч байдал талаасаа биет бус өв ихтэй байгаа нь инновац хөгжүүлэхэд давуу тал болж байна гэжээ.
Харин институцийн хувьд бизнесийн салбарын төлбөрийн чадвар, боловсрол, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт болон төсвийн зарцуулалт орхигдсон, дээд боловсролын чанар, инновацийг кластер байдлаар хөгжүүлээгүй, технологийн салбарт “High-tech” болон “medium-high-tech”-ийн үйлдвэрлэл байхгүй, мэдлэгийн тархалтын хувьд оюуны өмчийн баримт, гаднаас “High-tech” импортлох, мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээний экспорт, гадаадын цэвэр хөрөнгө оруулалтын урсгал тааруу зэрэг байдал нь инновацийн хөгжилд сул тал болж байгааг онцолсон юм.
Тэгвэл бидний зүгээс инновацийн хөгжилд цаашид анхаарах нэг үзүүлэлт болох кластер байгуулах тал дээр дэлхийн топ 10 кластерын 6 нь Азийн кластер байгаа юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн хамгийн шилдэг бөгөөд амжилттай хэрэгжиж байгаа нээлтүүд Японы Токио-Ёкохама кластерт бий болж байна. Харин араас нь БНХАУ-ын Шенжен-Хонконг-Гуанжоу, Өмнөд Солонгосын Сөүл, БНХАУ-ын Бээжин, АНУ-ын Сан-Хосе- Сан-Франциско буюу цахиурын хөндий, Японы Осака-Кобэ-Киото, АНУ-ын Бостон-Кембриж буюу Массачусетс, Нью-Йорк, БНХАУ-ын Шанхай болон Францын Парис гэх кластеруудыг эрэмбэлжээ. Тэгвэл монгол залуусын хувьд эдгээр томоохон технологи, шинжлэх ухааны төвүүдэд боловсрол эзэмшиж, инновац солилцох замаар өөрсдийн кластерыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа юм.