Дэлхийн банк даваа гаригт Монголын хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний талаарх “Mongolia Jobs Diagnostic” судалгааны тайланг танилцууллаа.
Судалгааны тайланд Монгол Улс эдийн засгийн өнөөгийн зогсонги байдлыг даван туулахын тулд сүүлийн 10 жилд бий болгосноос илүү олон ажлын байр шинээр бий болгож, хувийн сектор болон залууст ээлтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2000-2019 оны хооронд дунджаар 5.4 хувьтай байж ирсэн. Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн энэхүү өсөлт нь ажлын байр болон иргэдийн цалин хөлс өсөж, өрхийн амьжиргаа дээшлэх гол түлхэц болж байв. Гэвч “COVID-19” цар тахал манай улсын эдийн засагт бодит сорилтуудыг бий болгож, 2021 оны байдлаар ажил эрхлэлт 5 хувь орчим буурсан. Тухайн үед, Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ажлын байрыг тодорхой хэмжээнд хадгалах нэгэн хөшүүрэг болсон.
Гэвч Орос-Украины дайн, инфляц, төгрөгийн ханшийн сулрал зэргээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл иргэдийн амьжиргааг өдөр ирэх тусам дордуулсаар байна. Улмаар ажлын байргүй, цалин хөлс хүрэлцээгүй, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чаддаггүй байдал нь нийгмийн хамгийн том бухимдал болж, тэрхүү бухимдал нь өнөөдөр Төв талбайд болж буй жагсаалын хөрс болсон гэж хэлж болох юм.
Тэгвэл Дэлхийн банкны зүгээс манай улсын хөдөлмөрийн зах зээл залуу ажиллах хүчийг чанартай ажлын байраар хангаж, ажилгүйдлийг бууруулахуйц хангалттай хүчтэй биш байгаа нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй гол асуудал гэж дүгнэсэн байна.
Монгол Улсад суугаа Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев энэ талаар “Боловсролтой, залуу боловсон хүчин Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд тасралтгүй орж ирсээр байгаа. Гэвч тэдний хүсэл тэмүүлэлд тохирсон сайн ажлын байр ангалтгүй байна. Тиймээс хувийн хэвшилд илүү олон, илүү сайн ажлын байр бий болгоход чиглэсэн бизнесийн орчны таатай бодлого явуулах шаардлагатай” гэх байр суурь илэрхийлсэн байна.
Мөн тус тайланд манай улсын хөдөлмөрийн насны хүн амын 60 хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож, 2021 оны байдлаар нийт ажиллах хүчний ердөө тал орчим хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Ялангуяа, хөдөлмөрийн оролцоо эмэгтэйчүүд болон дээд боловсролтой хүмүүсийн дунд хамгийн бага. Хөдөлмөрийн зах зээлийг залуу үе сэлгэх процесс хангалтгүй. Дээд боловсролтой залуучуудын дунд ажилгүйдэл өндөр байгааг онцолсон юм.
Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий салбаруудад мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх байдал хангалтгүй. Энэ нь эргээд хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуус ажлын байранд ур чадвараар гологдох шалтгаан болдог. Хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа шинээр төгсөгчдийн дийлэнх нь тухайн ажлын байранд шаардагдах шаардлагатай ур чадвар, тэр дундаа өндөр ур чадвар шаардсан ажлын байранд тэнцдэггүй байдал нь манай хөдөлмөрийн зах зээлд бий болсон өөр нэг томоохон бэрхшээл болохыг дурджээ.
Тиймээс Дэлхийн банкны зүгээс хувийн хэвшилд илүү сайн ажлын байр бий болгох, залуусын ур чадварыг хөгжүүлэх, боловролын тогтолцоог сайжруулах замаар ажиллах хүчийг чадавхижуулах. Мөн халамжаар амьдардаг хүмүүсийг ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлэхийг зөвлөжээ.