Open iToim app
Анализ | 4 мин уншина

Global Times: Хятад, Монгол Улс харилцаагаа шинэ төвшинд хүргэхээр зорьж байна

Global Times: Хятад, Монгол Улс харилцаагаа шинэ төвшинд хүргэхээр зорьж байна
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 12
Хятадын төрийн мэдлийн "People's Daily" сонины харьяа, Хятадын Коммунист намын дуу хоолой болдог "Global Times" сонинд 2018-2020  оны Хятад-Монголын харилцааны тухай нийтлэл гарчээ. Энэхүү нийтлэлээс харахад БНХАУ-ын зүгээс ирэх онд хоёр орны харилцаа шинэ төвшинд хүрнэ гэх хүлээлттэй байгаа бөгөөд дараах үндсэн дөрвөн асуудлын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг авч үзжээ.
БНХАУ бол Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, гадаадын хөрөнгө оруулалтын хоёр дахь том эх үүсвэр. Хоёр улс 2016 онд 4.46 тэрбум ам.долларын арилжаа хийжээ. Хэдий 2017 оны бүтэн жилийн үзүүлэлтийг хараахан тогтоогоогүй байгаа ч өнгөрсөн оны эхний хагасын байдлаар хоёр орны арилжаа өмнөх оны мөн үеэс 44.2 хувиар өсч, 3.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бээжинд өнгөрсөн жил болж өндөрлөсөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр хоёр орны удирдагчид Монголын “Талын зам” төслийг “Нэг бүс, нэг зам” санаачилгатай уялдуулах талаар зөвшилцөлд хүрсэн. Энэ үеэр хоёр тал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тухай хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн Монгол-Хятадын хоёр дахь үзэсгэлэн өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдаж, хоёр орны хооронд нийт 37 төсөл хэрэгжиж эхлээд байна. Эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээлэл, үүл тооцооллыг хамарсан эдгээр төсөлд нийтдээ 36.4 тэрбум юань буюу 5.58 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүний зэрэгцээ Хятад руу гаргах Монголын нүүрсний экспорт 2017 онд Хятадын хойд хэсэгт байрлах Өвөр Монголын автономит муж дахь Ганцмодны боомтоор голчлон дамжин, ихээхэн өссөн байна.
Товчхондоо, өнгөрсөн жил хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарч, 2018 онд эдийн засгийн харилцаагаа улам ойртуулах үндэс суурь тавигдлаа.
Хоёр улс 2020 он гэхэд хоёр талын худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа бөгөөд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр улсын Засгийн газраас хоёулангаас нь ихээхэн хүчин чармайлт шаардагдана. 2016 онд МАН дахин эрх барьж эхэлснээс хойш төсвийн алдагдлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахын тулд уул уурхайн томоохон төслүүдэд түлхэц өгч байна. Эдгээр арга хэмжээг үр дүнд хүргэхийн тулд Монгол Улс БНХАУ-тай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам ойртуулахыг эрмэлзэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар 2018 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Хэрэв эдгээр айлчлал төлөвлөсний дагуу явагдвал энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар албан үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш БНХАУ-д хийх анхны айлчлал болохоос гадна улс төрийн хүчирхэг тогтолцоо бий болгоход түлхэц өгч, цаашид хамтран ажиллах замын зургийг илүү тодорхой болгох болгоно.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа 2018 онд дөрвөн үндсэн асуудлын хүрээнд явагдана гэсэн хүлээлттэй байна.
Нэгдүгээрт, хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг бий болгоно. Хоёр улсын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх санаачилгууд, тухайлбал зарим мега төслүүд, тэр дундаа Монгол-Хятадын худалдааны чөлөөт бүсэд зориулсан хамтарсан ТЭЗҮ-ийг байгуулах нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байх юм. Энэ нь мөн хоёр орны хөгжлийн стратеги хоорондын харилцан уялдааг хангахад томоохон үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр чиглэлээр ахиц дэвшил гаргах талаар хэлэлцээ нь энэ жил хийх хоёр орны өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээ, уулзалтад тэргүүлэх ач холбогдолтой байх болно.
Хоёрдугаарт, Хятад улс Монголд мөнгө зээлж, санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байгаа. Хятадаас үзүүлж буй санхүүгийн тусламж Монгол Улсын эдийн засгийн хямралыг хөнгөвчлөхөд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа нь харагдаж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах үеэрээ БНХАУ Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, экспортын хөнгөлөлттэй зээл олгох төслийг үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлсэн. 2018 онд Монгол Улсад өгөх Хятадын санхүүгийн тусламжийн үргэлжлэл хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гол чиглэл байх болно.
Гуравдугаарт, Монгол-Хятадын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах хүчин чармайлтыг эрчимжүүлэх болно. Монголын шинээр сонгогдсон Засгийн газар энэ бүсийг байгуулахад чухал ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа. Монголын талын идэвхтэй үйл ажиллагаа нь энэхүү төслийг хэрэгжүүлэх хоёр талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болно.
Эцэст нь, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан урт хугацааны замнал бий болгохын тулд хоёр орны худалдааны маргаан, тухайлбал Хятад руу хийх Монголын нүүрс, махны экспортын чиглэлээрх маргаанд 2018 онд ахиц дэвшил шаардагдана.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн