Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Монгол Улс гадаад валютын албан нөөцөө зургаан тэрбум долларт хүргэх шаардлагатай

Монгол Улс гадаад валютын албан нөөцөө зургаан тэрбум долларт хүргэх шаардлагатай
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 29
Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачлагаар “Гадаад валютын нөөц” сэдэвт хурал Туушин зочид буудалд өнөөдөр боллоо. Уг хурал нь Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж, тулгарч буй саад бэрхшээл сэдвийн хүрээнд мэргэжлийн эксперт, судлаач нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 
Монгол Улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байгаа аж. Тодруулбал, гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс дунд болон урт хугацаанд эдгээр эрсдэлийг даван туулах бэлтгэлийг хангах үүднээс бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртайг Монголбанкныхан өнөөдрийн хурал дээр онцолж байлаа. Гадаадын өрийн дарамт, зах зээлд үүсч болох хүндрэлийг дахан туулах хамгийн том ажил нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх юм. 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.2 тэрбум ам.доллар хүрсэн байгаа аж. Ирэх 2021-2023 онд их хэмжээний гадаад өр төлбөр төлөх хуваарьтай учраас гадаад валютын албан нөөцөө зургаан тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир хэлсэн.
 Хэлэлцүүлэг-1: Гадаад валютын нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл
undefined
Монголбанкны Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: “Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”-ийн 5, 21 дүгээр зүйлийн дагуу  Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Гадаад валютын нөөцийн зорилго нь Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Улс орны богино хугацаат гадаад зээлийн төлбөрийг төлөх чадварыг хангах, Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валютын баталгааг хангах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн хямралаас хамгаалах эдийн засгийн дархлаа болж өгдөг. Гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг тооцох аргууд:
– Нөөц, импортын харьцаа (3 сар) 
– Нөөц, богино хугацаат гадаад өрийн харьцаа (100%) 
–Нөөц, мөнгөний нийлүүлэлтийн харьцаа (20%) зэрэг олон улсад түгээмэл ашиглагддаг уламжлалт 3 төрлийн харьцаагаар гадаадын валютын нөөцийн хүрэлцээг тооцдог.
Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: Монгол Улсын Хөгжлийн банк гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Тодруулбал, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор экспортын  төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Алт, Ноолуур хөтөлбөрүүдийг амжилттай санхүүжүүлж, хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн онуудад Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 280 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 2018 онд ноолуурын экспорт 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Хэлэлцүүлэг-2: Монгол улсын макро эдийн засгийн эмзэг байдал, түүнийг бууруулах нь
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, Эн Ар Си Си” ХХК-ийн гүйцэхгэх захирал Б.Алтанцэцэг: Макро эдийн засгийн эмзэг байдал нь тухайн улс санхүү, эдийн засгийн уналт, хямралд орох магадал болон Эдийн засгийн хэлбэлзэл, тогтвортой байдлын зардлаас хамаарч байдаг. Манай улсын хувьд эрсдэл хямрал эхэллээ гэхээр богино хугацааны шийдлүүдийг санаачилна. Эдийн засгаа тэлэх бодлого явуулна. Тэгэхээр аль болох богионо хугацааны шийдэл биш дунд, урт хугацааны шийдэл явуулах хэрэгтэй. Жишээ нь, төгрөгийн ханш дээр цуурхал нөлөөлөх гээд байгаа нь өөрөө макро эдийн засгийн эмзэг байдал үүсч байна гэсэн үг. Үүн дээр Засгийн газар анхаарах хэрэгтэй. Гэвч иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд зээл авч, хүүний төлбөр богино хугацаанд өсч, валютын нөөцгүй болсон үед улсын эдийн засаг хяралд орох эрсдэлтэй. Зээлийн үйлчилгээний төлбөрүүд дээр Монголбанк, Засгийн газар хамтарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. 
Эмзэг байдлыг хэрхэн бууруулах вэ? 
Өрийн үзүүлэлтийг хянаж, улсын өрийг бууруулах: 
  • Төсвийн алдагдлыг бууруулах 
  • Улсын өрийг бууруулах 
  • Системийн эрсдэл үүсгэж болзошгүй хувийн секторын зээлд ЗГ-ын баталгаа гаргахгүй байх 
  • Хадгаламжийн байгууллагуудад тавих хяналт 
Иргэдийн итгэлийг сайжруулах. 
  • Ханшийн бодлогоо тодорхой болгож, зарладаг, зарласан бодлогоо баримталдаг байх
  • Институцийн чанар: Хуулийн хэрэгжилт, гэрээний хэрэгжилт 
Зах зээлийн механизмыг ажиллуулахад анхаарах.
  •  Зах зээлийн хуваарилалтын үр ашгийг алдагдуулах бодлогоос татгалзах
  •  Дотоодын үйлдвэрлэл
  •  Диверсификаци
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Ч.Хашчулуун: Эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад эрсдэл, бэрхшээлүүд тулгамдсаар байдаг. Гэхдээ манай улсын төрийн бодлогод эрсдэл бага. Ихэнх ховор тохиолдолд эрсдэлтэй нүүр тулгардаг. Тухайлбал, Оюутолгой дээр гүнийн уурхайд хөрөнгө оруулах, гүнийх уурхайг нээх зэрэг томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай зүйлс дээр эрсдэл гарч ирдэг. Гэвч бидний хамгийн анхаарах ёстой зүйлсийн нэг бол яах аргагүй экспортыг хөгжүүлэх, нэмэгдүүлэх хэрэгтэй боловч дэд бүтэц хөгжөөгүй байна. Цаашид энэ тал дээр анхаарч сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Х.Дэлгэрмаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн