“Омахагийн зөнч” хочтой хөрөнгө оруулалтын бизнесийн хаан, бүх цаг үеийн хамгийн суут хөрөнгө оруулагч “Berkshire Hathaway” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан, буяны үйлстэн Уоррен Баффетийн амьдрал, амжилтын нууцаас хуваалцъя.
Уоррен Эдвард Баффет 1930 оны наймдугаар сарын 30-нд Небраскагийн Омаха хотод, хөрөнгийн брокер, ирээдүйн конгрессын гишүүн Хорвард Баффетийн гэр бүлд мэндэлжээ.
Уоррен аавынхаа нөлөөгөөр бага сургуульд байхаасаа л бизнес сонирхох болсон бөгөөд хамт тоглодог найздаа 30 нас хүрэхдээ саятан болоогүй байвал байшин дээрээс үсэрч үхнэ хэмээн хэлж байжээ. Уоррен 10 настайдаа Хөрөнгийн биржийг үзэхээр Нью-Йоркийг зорьсон гэдэг. Жилийн дараа хүү “Cities Service Preferred”-ээс өөрийн нэр дээр гурван хувьцаа худалдаж авсан байна.
Түүний анхны ажил сонин тараагч
Дэлхий дахины “аймшигт хямралын” үеэр өссөн хүүхэд бүрийн л адилаар Уоррен мөнгөний үнэ цэнийг мэддэг, хүндэлдэг болж өссөн байна. Хэдий дунджаас дээгүүр гэр бүлд өссөн ч өөрийн хэрэглээний мөнгөө олж, гэр бүлдээ туслахаар Уоррен 13 настайдаа ажлын гараагаа шуудаг түгээгч буюу сонин тараалтаар эхэлсэн байна. Ихэнх хүүхдүүд өдрийн нэг ээлжид явж чаддаг байсан бол Уоррен өглөө орой хоёуланд нь ажилладаг байжээ. Тэгж тэрээр улсдаа төлөх анхны татвараа 13 настайдаа өгч, 1000 доллар цуглуулах зорилгоо хэрэгжүүлж эхэлжээ.
Тэр Вашингтон дахь Вудро Вилсон ахлах сургуулийг төгссөн бөгөөд тэр үедээ сургуулийнхаа дотуур байранд сонин тарааж, хаалганаас хаалга дамжин бохь, кола зардаг байв. Мөн найзтайгаа хамтран сургуулийнхаа амралтын талбайд пинболл тоглоомын машин байрлуулж, сурагчдыг зоосоор тоглуулж орлого олох болсон байна.
Бизнес сэтгэлгээтэй хүү дөнгөж 15 настайдаа өөрийн анхны үл хөдлөх хөрөнгийг 2000 ам.доллараар худалдаж авсан нь Небраскад байрлах 40 акр талбайтай фермийн газар байжээ. Тэрээр фермер хөлслөн ажиллуулж, их сургуульд суралцах хангалттай хэмжээний хөрөнгөтэй болсон байна.

Хүү Харвардын их сургуульд элсэх чин хүсэлтэй байсан ч бүтэн 10 цаг замд явж очсон ярилцлага нь 10 минут ч хүрэхгүй хугацаанд татгалзсан хариугаар өндөрлөсөн байна. Ингээд Пенсильваны их сургуульд эдийн засгийн ухаанаар хоёр жил суралцаж, дараа нь Небраскагийн их сургуулийг бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Цаашлаад Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалах үедээ Бенжамин Грэхэм багшаасаа түүнийг ийнхүү чинээлэг болгосон хөрөнгө оруулалтын гол философио олж авсан гэдэг. Уоррен “Би бол15 хувь нь Фишер, 85 хувь нь Бенжамины бүтээл” хэмээн ярих дуртай билээ. “Үнэт цаасны арилжааг анхааралтай шинжилж, зах зээлийн хэлбэлзлийн үед давуу байдлаа ашиглахыг Бенжамин бидэнд заасан. Хэдэн зуун жил өнгөрсөн ч энэ бол үнэт цаасны хөрөнгө оруулалтын тулгын чулуу байх болно” гэж ярьдаг юм.
Сургуулиа дүүргэснээр жинхэнэ ажлын гараагаа Охама дахь эцгийнхээ фирмийн хөрөнгө оруулалтын худалдаа хариуцсан менежерийн ажлаар эхэлсэн юм. Түүний үйлчлүүлэгчдэд санал болгож байсан анхны хувьцаа нь нь “GEIKO” даатгалын компани байсан нь одоо Berkshire Hathaway холдингийн тулгын чулууны нэг юм. “GEIKO” даатгалын компанитай ихэнх алдар нэртэй суут хүмүүсийн амьдралын ямар нэг түүх холбоотой байдаг билээ. Их сургуульд үнэт цаасны дүн шинжилгээний семинар заадаг байсан Бенжамин Грэхэм энэ компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн гэдгийг тэр л үед мэджээ. Компанийн тухай энэ дэлгэрэнгүй мэдээллийг сонссон Баффет тэр дороо галт тэргэнд суун Вашингтонд очиж “GEIKO” даатгалын компанийн оффисын хаалгыг амралтын өдрийг ч үл харгалзан тогшин зогсож байсан байна. Тохиолдлоор энэ үед компанийн санхүүгийн дэд ерөнхийлөгч оффистоо байж таарснаар Баффеттай нэлээд хэдэн цаг ярилцжээ. Энэ ярилцлагын явцад Баффет даатгалын бизнесийн болон эрсдэлийн удирдлагын зарчим, онцлогуудын талаарх мэдээллийг “Анхдагч эх үүсвэр”-ээс нь авсан гэж хэлэхэд болно. Энэ нь түүний ирээдүйд маш их тус болсон юм. Тун удалгүй Баффет Небраска мужийн их сургуульд хөрөнгө оруулалтын талаар өөрийн семинарыг явуулж эхэлжээ.
Энэ үед тэрээр 21 настай байсан ба оюутнуудынх нь дундаж нас түүнийхээс 2 дахин их байв. 1954 онд Бенжамин Грэхэм түүнд өөрийн компанидаа шинжээчийн албан тушаал санал болгосноор Уоррен тэнд хоёр жил ажиллажээ. Ажиллах хугацаандаа биржийн үйл ажиллагааг судалж, өөрийгөө их хэргийг эхлүүлэхэд бэлэн болсон гэдгээ ухаарч эхэлсэн. Ингээд 1956 онд Вашингтоноос буцаж Омахад ирээд “Buffet Associates” компаниа байгуулж ерөнхий хөрөнгө оруулагч болсон ба 1970 оноос “Berkshire Hathaway Inc”-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.

Анхны компани “Buffet Associates”-ийн анхны хөрөнгө оруулалтаа Уоррен гэр бүл найз нөхөд гээд 7 хүний хувь нийлсэн 105 мянган ам.доллараар хийж байжээ. Сонирхолтой нь Баффет өөрөө энэ шинэ төсөлдөө ердөө л 100 долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүний хувийн хөрөнгөний хэмжээ 140 мянган доллар байсан ч үүнийгээ бусдын мөнгийг амжилтгүй хөрөнгө оруулалт болгосон тохиолдолд эргүүлж төлөх зорилгоор хадгалж байсан гэдэг. “Buffet Associates” компани ердөө гурван жилийн дараа буюу 1959 он гэхэд хөрөнгөө гурав дахин нэмэгдүүлж чадсан ба Уоррен бага насны мөрөөдлөө биелүүлж саятан болсон юм.
Хэдий өндөр эрсдэл хүлээдэг бизнес эрхэлдэг ч Уоррен их хэмжээний алдагдал хүлээж байсан удаа нэг ч үгүй. Орчин цагийн АНУ-аас гаралтай үндэстэн дамнасан корпорациудын 30 гаруй хувь нь “Berkshire Hathaway Inc”-тай ямар нэг байдлаар хамтын ажиллагаа өрнүүлж байсан байдаг.
Түүний амжилттай хөрөнгө оруулалтын гол нууц нь 1984 онд гарсан удирдлагын 13 зарчимд тулгуурладаг. Уг жагсаалтын хамгийн гол зарчим нь Баффет өөрийгөө болон Berkshire компанийн бусад удирдлагууд, хувьцаа эзэмшигчдээ зөвхөн хувьцааг худалдагч болон худалдан авагч талууд гэж хэзээ ч үздэггүй, харин хувьцаанд өөрсдийн хөрөнгөө хамтран оруулж буй хамтрагчид гэж үздэгт оршдог байна. Мөн түүний хувьд хөрөнгө оруулалт нь шатар тоглохтой адил гэхдээ чи өрсөлдөгчийнхөө таван нүүдлийн цаадахыг харж чаддаг байх хэрэгтэй аж. Тэр залуу хөрөнгө оруулагчдад гэнэтийн их ашигт хэт баярлаж, яарч шийдвэр гаргаж болохгүй, хөрөнгө оруулахаар зэхэж буй бизнесээ 10 жилийн дараа ямар байхыг заавал тооцоол гэж сургадаг байна. Уоррен хэзээ ч цахим бизнест хөрөнгө оруулдаггүй. Учир нь баригдах эд зүйл биш, мөн хэрэглэгчдийнх нь сэтгэл санаа байнгын хувьсалтай байдаг учир ирээдүйг тооцоолох хэцүү байдаг гэж хэлж байжээ.
1990 онд “Berkshire Hathaway” А зэрэглэлийн хувьцаа арилжаалж эхлэхэд Уоррен хэдийн тэрбумтан болсон байв. 2008 онд Уоррен нийт 62 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүн болсныг Forbes сэтгүүл онцолж байв.
Одоо түүний хувийн хөрөнгө 78 тэрбум ам.доллар бөгөөд Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн чинээлэг эрчүүдийн жагсаалтад гуравдугаар байранд бичигддэг юм. Харин “Berkshire Hathaway Inc”-ын мэдэлд “Gaico”, “Dairy Queen” “Fruit of the Loom ” компаниуд байдаг төдийгүй “Coca Cola” “Kraft” “Wells Fargo” зэрэг компаниудад их хэмжээний хувь эзэмшдэг аж. Өнгөрсөн жилд “Berkshire Hathaway Inc”-ын хувьцааны үнэ 25 хувиар өссөнөөр Уоррены хувийн хөрөнгө 12 тэрбумаар нэмэгдсэн юм.
Тэрээр дэлхийн хамгийн чинээлэг эр Билл Гейтстэй найз нөхрийн дотно харилцаатай бөгөөд тэднийг хүмүүнлэгийн ажлын өрсөлдөгчид гэж нэрлэх нь бий. Уоррен их хөрөнгөтэйн дээр гайхалтай өглөгч бөгөөд жил бүр дунджаар 3 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд хандивладаг. Түүний өгөх хандивын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
- Урьд нь хэн нэгэн мод тарьсан учраас чи өнөөдөр сүүдэрт нь сууж байна.
- Бороо хэзээ орохыг тааж мэдэх чухал биш. Хорогдох дулаан байр босгох нь чухал
- Цаг хугацаа бол сайн компанийн хувьд нөхөр, муу компанийн хувьд бол дайсан
- Би бүр багаасаа л өөрийгөө амжилтад хүрнэ гэж мэддэг байсан. Үүнд би ганц хоромч эргэлзэж байгаагүй.
- Мөнгө хүмүүсийн үндсэн зан чанарыг л ил гаргадаг. Тэд мөнгөтэй болохоосоо өмнө новшийн амьтан байсан бол дараа нь зүгээр л тэрбум доллартай новшийн амьтан болно
-Үнэнч шударга байдал бол хямд хүмүүсээс хүлээхэд хэтэрхий үнэтэй бэлэг.
-Чи хэчнээн авьяаслаг, хичээнгүй байсан ч зарим зүйлс бэлэн болоход цаг хугацаа шаарддаг.
- Өөрөөсөө илүү хүмүүстэй нөхөрлө нэг мэдэхэд чи тэдэнтэй нэг зүг хөвдөг болно.
Эх сурвалж: Forbes, investopedia.com, brainyquote.com