Хавдар судлалын үндэсний төвийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувийг хөдөө орон нутгийн өвчтөнүүд эзэлдэг юм байна. Тэдэнд эмчлүүлэх хугацаандаа нийслэл хотод байрлах орон байрны асуудал хүндрэлтэй байдаг байна. Учир нь нийслэлд ах, дүү хамаатан садангүй учраас байрлах орон байр байхгүй, эмнэлэг дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг аж. Тиймээс “Хавдрын Үндэсний зөвлөл” ТББ-аас хавдраар өвдсөн орон нутгийн иргэд, асран хамгаалагчтайгаа байрлах “Дарь-Эхийн өргөө” төвийг байгуулжээ.
Тодруулбал, “Хавдрын Үндэсний зөвлөл” ТББ-аас ХСҮТ-өөр үйлчлүүлж байгаа орон нутгийн иргэдээс судалгаа авахад орон нутгийн нийт өвчтөнүүдийн 70 орчим хувь нь зардал мөнгө болон түр байрлах байрны асуудалтай хэмээн хариулсан байна. Тиймээс “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламжаар 10 сая орчим төгрөгийг цуглуулж, орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд тав тухтай байранд байрлуулах, тусламж дэмжлэг үзүүлэх “Дарь-Эхийн өргөө” төвийг байгуулж, иж бүрэн тохижуулсан аж.
Тус төв нэг дор 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах боломжтой юм байна. “Дарь-Эхийн өргөө” төвийн өдрийн төлбөр нь 10-20 мянган төгрөг бөгөөд өвчтөнүүдийн байрлах өрөөнөөс гадна урлагийн сэтгэл заслын өрөө, гал тогоо, амралтын өрөө зэрэг нийт 14 өрөөтэй аж. Байрлах иргэд орон нутгийн эмнэлгийн байгууллагаас бичиг хийлгэн ирж, ХСҮТ-д хандсөны дараа тус төвөөр үйлчлүүлэх юм байна. Өвчтөнүүдийг 24 цагийн турш хүлээн авах бөгөөд ирэх долоо хоногоос албан ёсоор өвчтөнүүдийг хүлээн авч эхлэхээр болжээ.