УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Английн Бристолын их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 27166 ам.доллар буюу 77 сая 423 мянга 100 төгрөгийн зээл авсан нь олон нийтэд ил болсон. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан БЗС-аас авсан сургалтын зээлээ эргэн төлсөн талаар өнөөдөр БЗС-аас мэдээллээ. Энэ талаар БЗС-ийн захирал Ж.Ариунболд хэлэхдээ "Шадар сайдын хүүхэд 27 мянган ам.долларын сургалтын зээлээ 100 хувь бүрэн төлсөн" гэлээ.Тухайн үед Шадар сайд С.Амарсайханы хүү тус сургуулийн хөтөлбөрөөс татгалзаж, зээлийг төрийн санд буцаан төвлөрүүлнэ гэдгээ мэдэгдээд байв. Шадар сайд С.Амарсайхан цахим хуудастаа "Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна" хэмээн бичиж байсан юм.