Залуусыг жилдээ хоёр удаа цэргийн албанд татдаг. Энэ/2022/ оны сүүлийн цэрэг татлага ирэх намар болно. Гэвч тус үеэр цэрэг татлагын байр хоосон байх вий. Хоосон байх шалтгааныг арми өөрөө бий болгосон. Учир нь, зөвхөн сүүлийн 60 хоногт эх орны амгалан тайван байдлын манаанд гарсан дөрвөн хүү эргэж ирэхгүйгээр амиа өргөв. Дахин сануулъя.
-Зургадугаар сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч 18 настай “Н” ходоод задарсан гэх урьдчилсан дүгнэлтээр хорвоог орхисон.
-Долдугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-ангийн хугацаат цэрэг 19 настай “Н” баригдаж байсан барилгын хажуугаас нас барсан байдалтай олдсон.
-Наймдугаар сарын 1-ний өдөр 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” Зэвсэгт хүчний 065-р ангийн хашаанд тогонд цохиулж нас барсан.
-Наймдугаар сарын 5-ны өдөр Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангийн байлдагч 21 настай “Х” голын усанд амиа алдлаа.
Хурандаа Г.Мягмаржав “Цэргийн алба таван жил байхад хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Янжмаа эмээл нь хувхайрч, эм нь сувайрлаа хэмээн үзэж гурван жил болгож байсан” гэв. Харин зохиолч С.Удвал гурван жилийн албыг хоёр жил болгох санал гаргаж, хуульчлан баталгаажсан. Тэгвэл цөөн тооны эрдэмтэн хоёр жилийн албыг нэг жил болгох санал дэвшүүлж цэргийн эрчимт сургалтын туршилтыг Өмнөговь аймаг дахь цэргийн ангид явуулж баталгаажуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт илтгэж байлаа. Ийн 1992 оноос жилийн цэргийн албатай болсон түүхтэй. Гэвч хугацаат цэргийн алба 12 сарын хугацаатай байна хэмээн цаасан дээр цохоотой боловч өдгөө хилийн манаанд бус бүх насаар нь “тэнгэрийн албанд мордуулдаг” болсныг сүүлийн арван жилийн хугацаанд амиа алдсан 44 алба хаагч биеэрээ батлав. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Батлан хамгаалах яам ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эх орныг хамгаалах чадамжгүй болсон уу. Энх тайван цагт эх орныг гэхээс илүү эрдэнэт хөвгүүдийг Батлан хамгаалах яам БАТЛАН ХАМГААЛ. Үгүй бол ирэх намрын цэрэг татлагад хүүгээ мордуулах эцэг, эх үгүй. Мөн мордох цэрэггүй үлдэнэ.
"Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол Улсын иргэний журамт үүрэг. Иймд цэргийн насны буюу 26 хүртэлх насны эрчүүд нэг жилийн хугацаанд цэргийн албыг хаах ёстой. Гэвч өдгөө журамт үүргээ умартахад ойрхон буй. Тухайлбал, цэргийн албанд нийт цэргийн насны залуусаас эрүүл чийрэг, элдэв өвчин эмгэггүй гэдгээр нь ялган татдаг. Гэвч шилж авсан сонгомол эрүүл залуус өдгөө өвчний үүр болсон ч албаа нэр төртэй хаасаар... Үүний нэгэн жишээг дурдвал, Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн бие бүрэлдэхүүнээс сүрьеэ өвчин илэрсэн. Ингэхдээ нийт 21 цэрэг эмчилгээтэй байгаа талаар ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Энэ нь зөвхөн нийтэд ил болсон хэсэг. Харин мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар цэргийн ангиуд нь элдэв өвчний голомт болох өндөр эрсдэлтэй орчин байдаг гэв. Мөн Ховд аймгийн дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч эрүүл саруул, хэвийн жинтэй байв. Сүрьеэ өвчнөөр өвчилсөн. Өдгөө цэргийн албанаас халагдаж турж, эцсэн байдалтай аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Ар гэрийнхний хувьд “харахад ч нүд халтирам хэцүү болсон” гэдгийг хэлж байлаа. Ийн цэргийн алба тэсвэр хатуужил нэрийн дор “эрэмдэглэх” боллоо. Энэ бол зөвхөн Ховдын ангийн кейсээр ил болсон асуудал. Хэрэв олон нийтэд ил байсан бол загасны ой санамжаар өнгөрөөх хэрэг яав ч биш.
Гэвч эдгээрт хариуцлага хүлээсэн, засаж сайжруулсан, анхаарч болгоомжилсон, сануулга, анхааруулга өгсөн дорвитой зүйл өнөөдрийг хүртэл алга. Энэ үед танкны толгойд сууж, цэргийн хувцсаар гангарч, буу, сэлэм, морь, мотоцикл унасан, хугацаат цэргийн алба хаагчидтай албаны хоол хуваан идэх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч ХААЧИВ. Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн сайд ХААЧИВ.
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү “Хүний зовлонд цадаж болохгүй шүү” хэмээн мэргэжилтнүүддээ захидаг хэмээн ярьж байлаа. Харин энэ үгийг Батлан хамгаалах яаманд дайя. Тэд хүний зовлонд цадаад байх шиг. Жилд 4-5 алба хаагч амиа алдах хэвийн болсон. Одоо дуугарах, дугтрах цаг иржээ. Үгүй бол дараагийнх нь таны хүү эсвэл та...