Монгол Улсад 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 13.4 хувиар өсч, сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрсэн.
Өөрөөр хэлбэл, жилийн өмнө таны банкинд хийсэн 10,000 төгрөгийн хадгаламжийн хүү тооцоогүй, үнэ цэнэ өнөөдөр 8,660 төгрөг болсон гэсэн үг юм. Эсвэл та жилийн өмнө 100.000 төгрөгт авдаг байсан хүнс, өргөн хэрэглээний барааг өнөөдөр 113.400 төгрөгөөр авч байна гэж ойлгож болно.
Эдийн засагчид дэлхий нийтийн хувьд 2022 оны эдийн засгийн хамгийн том сорилт нь цар тахал бус инфляцын өсөлт байна гэж дүгнэсэн. “OECD”-ийн эдийн засагчид оны нэгдүгээр улиралд инфляцын өсөлт оргилдоо хүрч, 2022 оны хоёрдугаар хагаст өмнөх оны түвшинд хүрнэ гэж тооцсон.
Өнөөдрийн байдлаар Венесуэл, Судан, Ливан, Сири тэргүүтэй дэлхийн долоон улс гипер-инфляцтай нүүр тулаад байна.
Харин эдгээр долоон улсыг оруулаад манай улс дэлхийн хамгийн өндөр инфляцтай 20 оронд багтаж байгаа юм.
Манай урд хөршийн жилийн инфляцын өсөлт өнгөрсөн онд 2.9 хувьтай гарсан бол хойд хөршид өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 8.4 хувь буюу “ИХ-7” болон БНХАУ, ОХУ гэх бүлэг дунд хамгийн өндөр байна.
Тэгвэл Канадын “Bank of Montreal” банкны эдийн засагчид БНХАУ-ын “ковидын үл тэвчих” бодлогын нөлөө энэ онд дэлхийн хэмжээнд түүхий эдийн ханшийн өсөлтийг өдөөж, валютын ханш буурч, инфляцын хүлээлт улам нэмэгдэх шалтгаан болж болзошгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Жишээ нь, эдийн засгийн томоохон хэсгийг нь нефть, уул уурхайн түүхий эдийн экспорт бүрдүүлдэг Норвеги, Канад, Австрали зэрэг оронд валютын ханш сулрах хандлага ажиглагдаж эхэлсэн.
Энэ нь нийт экспортын 92 хувь нь уул уурхайн салбараас хамааралтай Монгол Улсын хувьд зайлшгүй анхаарал хандуулах ёстой сэдэв юм.
Түүнчлэн, инфляц сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа АНУ болон Их Британи зэрэг хөгжингүй орнууд дотоодын үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор мөнгөний бодлогоо чангаруулах хүлээлт үүсээд байгаа нь хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэл болж байна. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дөрөв дахин нэмэгдүүлэх асуудал яригдаж эхэлсэн билээ.
ОУВС-гийн захирал Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева "Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх алхам хийх нь дэлхийн хөгжиж буй болон хөгжил буурай улс орнуудын эдийн засгийн сэргэлт рүү “хүйтэн ус цацаж” байгаагаас өөрцгүй" гэх байр суурийг илэрхийлсэн. Учир нь, АНУ-д зээлийн хүү нэмэгдэж, улмаар ам.долларын ханш өсөх нь бусад орнуудад ам.долларын зээлийн эргэн төлөлт хийхэд дарамт үүсгэх эрсдэлтэй.
Дэлхийн хөгжиж буй болон хөгжил буурай орнуудад олгосон шударга бус өрийг тэглэхийг шаарддаг, Английн “Jubilee Debt Campaign” хөдөлгөөний мэдээлснээр 2010-2021 оны хооронд хөгжиж буй орнуудын нийт өрийн хэмжээ 120 хувиар өссөн байна. Улмаар 2010 онд 6.8 хувь байсан Засгийн газруудын гадаад өр төлбөрт зарцуулах нийт төсвийн орлогын дундаж хувь цар тахлын үед 14.3 хувь болж огцом өссөн аж. Тус байгууллагын сүүлд хэвлүүлсэн судалгаанд дурдсанаар өнөөдрийн байдлаар дэлхийн 54 улс өрийн хямралтай нүүр тулаад байна. Үүнээс 22 улсад хувийн секторын өрийн хямрал, 21 улсад Засгийн газрын өрийн хямрал нүүрлээд байгаа бол 14 улс төр, хувийн хэвшлийн өрийн хямралд нэрвэгджээ.
Тэгвэл бага, дунд орлоготой орнуудын 2022 онд төлөх нийт гадаад өр төлбөрийн 47 хувь нь хувийн зээлдүүлэгчид, 27 хувь нь олон улсын байгууллагууд, 12 хувь нь БНХАУ-ын Засгийн газрын өр, 14 хувь нь бусад Засгийн газруудад ногдож байна.
Жишээ нь, Шри Ланка улс энэ онд нийт 7.3 тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлт хийх хуваарьтай. Гэвч тус улсын гадаад валютын нөөц ердөө 1.6 тэрбум ам.доллар байгаа бөгөөд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд өнгөрсөн сард Шри-Ланкагийн зээлжих зэрэглэлийг бууруулж, дефолт болох эрсдэлийг зарласан. Түүнчлэн, Шри Ланкагийн Засгийн газар өрөө дарах зорилгоор их хэмжээний мөнгө хэвлэсэн нь тус улсын инфляц 12.1 хувьд хүрч, түүхэн дээд хэмжээнд хүртэл өсөх шалтгаан болсон юм. Улмаар тус улсын валютын ханш унасан нь зээлийн эргэн төлөлт хийх боломжийг нь улам хумьсан.
Харин Монгол Улсын хувьд ирэх онд 10 тэрбум гаруй ам.долларын гадаад өрийн эргэн төлөлт хийх хуваарьтай бөгөөд манай улсын инфляц Шри Ланкагаас өндөр буюу 13.4 хувьтай байгаагийн дээр Хятадын ковидыг үл тэвчих бодлогын нөлөөгөөр энэ онд экспортын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх хүлээлт байгаа юм. Товчхондоо, экспортын орлого тасалдах эрсдэл дээр валютын ханш буурч, валютын нөөц агших бодит эрсдэл нь биднийг томоохон өрийн хямрал руу чиглүүлсээр байна.