Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Монгол Улстай хил залгаа Оросын мужуудад ‘COVID-19’-ийн 2552 тохиолдол бүртгэгдээд байна

Монгол Улстай хил залгаа Оросын мужуудад ‘COVID-19’-ийн 2552 тохиолдол бүртгэгдээд байна
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 14
Монгол Улстай хил залгаа болон манай иргэд ихээр зорчдог ОХУ-ын бүс нутгуудад орон нутгийн цагаар пүрэв гаригийн 10:30 цагийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан нийт 2552 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.
Тухайлбал, Алтай мужид 809 тохиолдол, гурван нас баралт, Бүгд найрамдах Тува улсад 196  тохиолдол, нэг нас баралт, Бүгд найрамдах Буриад улсад 736 тохиолдол, таван нас баралт, Эрхүү мужид 379 тохиолдол, дөрвөн нас баралт, Забайкальский хязгаар буюу Өвөр Байгалийн хязгаарт 432 өвчлөл, нэг нас баралт тус тус бүртгэгдээд байгаа аж. Үүнээс сүүлийн 24 цагийн байдлаар Буриадад 49, Эрхүүд 26, Тувад 39, Забайкальский хязгаарт 46 тохиолдол тус бүр шинээр нэмж бүртгэгдсэн байна.
ОХУ-ын хэмжээнд сүүлийн 24 цагт нэмж 9974 өвчлөл бүртгэгдсэнээр нийт халдвар авсан батлагдсан тохиолдлын тоо 252245, нас баралт 2305-д хүрчээ. Энэ нь халдварын тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрт орох үзүүлэлт юм.
Нийт халдварын тал хувь нь буюу 130716 тохиолдол хойд хөршийн нийслэл Москва хотод бүртгэгдсэн бол Москва мужид 24580 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын тархалт хамгийн өндөртэй бүс нутгуудын хувьд нийт өвчлөлийн тоо тус бүр Санкт-Петербург хотод 8945, Нижний Новгород мужид 5596, Бүгд найрамдах Дагестан улсад 3095 тохиолдол бүртгэгджээ. Мөн Мурманск, Свердловск, Краснодар, Тула, Калуга, Ростов, Рязан мужуудад өвчлөл тус бүр 2000 давсан бол Бүгд найрамдах Татарстан улс болон Брянск мужид халдварын тохиолдол 2000 дөхжээ.
Эх сурвалж: стопкоронавирус.рф
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн