Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголбанкинд олон улсын стандарт, заавар зөвлөмжийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг М.Ганцэцэгтэй ярилцлаа. Тэрээр АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестерийн технологийн сургуульд Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахдаа тус улсын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт тэнцсэн юм. Мөн суралцахынхаа хажуугаар профессорын туслах судлаач оюутнаар ажиллаж, гадаадын оюутнуудад багшилдаг байжээ.
-Юун түрүүнд багынхаа хүсэл мөрөөдлөөс хуваалцаач. Тэр үеийнхээ зорилгод хүрч чадсан болов уу?
-Би арваннэгдүгээр сургуульд тоо, физикийн хичээлээр гүнзгийрүүлэн сурч, олон олимпиад, тэмцээнд оролцдог байсан. Тийм ч учраас санхүү, тооны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болохыг хүсдэг байлаа.Тэгээд МУИС-ийн Бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид суралцаж төгсөөд, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголбанкинд ажиллаж байгаад Америкт магистрын зэргээ хамгаалсан юм. Америкт сурсан маань зорилгодоо хүрэх нэг алхам гэж хэлж болно. Ер нь ямар ч байсан өнгөрсөнд хийсэн зүйлээ хараад би өөрийн ажил болон улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан шүү гэж бодогдох үр дүнтэй, бодит зүйлийг хийж, аливаа зүйлд өөрчлөлт авчирсан мэргэжилтэн болно гэж боддог юм. Одоо ч энэ зорилгынхоо дагуу ажилласаар байгаа.
-Яагаад Америк руу явж суралцахаар болов. Мөн өөрийнхөө хамрагдсан тэтгэлгийнхээ тухай ярина уу. Хэр хэцүү байсан бэ?
-Би багаасаа л Америкт сурна гэсэн зорилготой байсан. Мөн Америкт сурсан хүмүүсийг харахад шүүмжлэлт сэтгэлгээ сайн хөгжсөн байдаг юм шиг санагддаг. Тийм ч учраас АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт гурван удаа материалаа өгөөд гурав дахь удаад нь тэнцсэн юм. Эхлээд энэ тэтгэлгийн шаардлагыг хангах хэмжээний англи хэлний мэдлэгтэй болоход нэлээдгүй цаг хугацааг зарцуулсан. Эхний оролдлогоороо эссэгээ өөрийнхөөрөө л бичээд өгчихсөн болохоор ярилцлагын шатандаа тэнцэж чадаагүй.Тиймээс дараагийн удаад багш болон таньж мэддэг хүмүүсээсээ зөвлөгөө аваад ярилцлагадаа орсон боловч өөрийнхөө хүссэн хэмжээнд хариулж чадаагүй учраас хасагдсан. Тэгээд гуравдахь удаагийн оролдлогоор сандралгүй ярилцлагадаа орж тэнцсэн юм. Гэвч тэтгэлэгтээ тэнцсэн ч сургуульдаа өргөдөл гаргахын тулд Тоефл болон GMAT шалгалтанд ажлынхаа хажуугаар бэлдээд, дахин эссэгээ бичиж, өргөдөл бөглөж өгсөн. Тэрхүү шалгалтуудын дүн болон миний материалыг Америкийн сургуулиудад явуулахаар зарим сургуулиуд нь хөтөлбөртөө тэнцүүлж, нэмэлт тэтгэлэг олгодог юм. Ингээд л АНУ-ын Засгийн газрын болон Рочестерийн технологийн сургуулийн тэтгэлгийг авсан. Мөн хоёр дахь жилдээ Олон улсын энх тайвны тэтгэлэг болон бизнесийн сургуулийн сайн суралцсан оюутнуудад олгодог нэмэлт тэтгэлгийн шалгуурыг хангаж санхүүгийн асуудлаа шийдсэн юм.
-Та бакалаврын зэргээ Монголдоо эзэмшчихээд ажиллаж байгаад магистрын хөтөлбөрт хамрагдсан гэлээ. Ер нь зэрэг ахих хүсэлтэй хүмүүс болон гадаадад сурах зорилготой бол хэзээ явбал зүгээр бэ?
-Миний бодлоор боломж нь л байх юм бол бакалавраасаа эхлээд гадаадад сурах хэрэгтэй санагдсан. Би сурч байх хугацаандаа янз бүрийн оюутны клубд элсэж, бакалавр магистрын зэргээр сурч байгаа оюутнуудтай танилцсан л даа. Тэгэхэд бакалаврт сурч буй гаднын олон оюутан дэлхийн томоохон компаниудад дадлага хийж, туршлага хуримтлуулдаг юм билээ. Харин миний хувьд гадаадын олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн тэдний хэлээр ярьж, бичиж, бодож, өрсөлдөж, Харвардын кейс дээр ажиллаж, ном сурах бичгээ ч англиар уншиж ойлгоод анализ хийж, өөрийнхөөрөө тайлбарлан дүгнэх нь шүүмжлэлт сэтгэлгээг маань хөгжүүлж, чадварыг минь шалгасан сорилт байсан.
-Америкаас сурч, мэдсэн зүйлс олон байна уу?
-Анх очиход тийм ч амархан байгаагүй. Эхний өдрөөс л маш их даалгавар хийх хэрэгтэй болж, хаанаас юу хайж, хийхээ мэдэхгүй байсан. Мөн тэтгэлэг сар бүр ордог учраас гадаадын амьдралын хэв маягт мөнгө санхүүгээ тохируулан, биеэ даан шийдвэр гаргаж, өөртөө менежмент хийх хэрэгтэй болсон. Тиймээс ч өөрийгөө илэрхийлэх чадвар, найз нөхдийн хүрээлэл, биеэ даах чадвар нэмэгдсэн гэж боддог.
-Америкт ажиллах боломж байсан уу?
-Би сурч байх хугацаандаа бүтэн хоёр жил ажилласан л даа. Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр үнэтэй программд тооцогддог. Тэр үед Фулбрайт болон сургуулийнхаа тэтгэлэгт хамрагдсан ч гэсэн мөнгө дутсан болохоор сургуулиас судлаач оюутнаар цалинтай ажиллах санал тавьсан юм. Тэгээд би гадаадад судалгаа хийж, ажиллаж үзэх боломжийг алдалгүй шууд л орсон. Уг нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг ажиллахыг зөвшөөрдөггүй юм билээ. Гэхдээ л ажиллахыг зөвшөөрсөн учраас нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр хариуцсан захирал, профессорын туслах судлаач оюутнаар ажилласан. Мөн манай нэг профессор онлайнаар бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад нягтлан бодох бүртгэлийн хичээл зааж, даалгавар хийхэд нь туслах ажил хийхийг санал болгосноор ажиллаж эхэлсэн. Ийнхүү ажиллаж, сурч байхад манай Монголын их сургуульд онолын талын мэдлэгийг маш сайн заадаг болохыг мэдэрсэн. Түүнчлэн мэргэшсэн болон удирдлагын нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад бэлдэх программ, сурах бичиг гаргадаг Глайм компанийн сургууль дээрх төлөөлөгчөөр нэг жил ажилласан. Би уг компаниас гаргасан програмыг оюутнуудад сурталчлах, танилцуулах ажил хийснээр тус программыг үнэгүй үзэх боломжтой болдог юм. Тэр программ хэдэн мянган долларын үнэтэй. Манай гадаад найз оюутнууд тийм компанийн төлөөлөгчөөр ажиллаж байхыг хараад би ч бас мөнгө үрэлгүй, үнэтэй программыг үнэгүй үзэх юмсан гэж бодож байсан боловч Америк оюутнууд л ингэж ажиллаж болдог байх гэж бодсон юм. Гэтэл манай багш ийм ажлын тухай зар тавьсан байхыг хараад материалыг нь бөглөж үзэхэд, тэнцсэн байсныг хараад өөрийгөө голж, эргэлзэх хэрэггүй гэдгийг мэдсэн.
-Та гадаадад байхдаа сайн дурын үйл ажиллагаанд хамрагдаж, хэд хэдэн ажил хийж байсан юм байна. Ер нь яаж олон зүйлийг зэрэг амжуулж сурах вэ?
-Юун түрүүнд хийх зүйлээ бичиж, цагаа төлөвлөчихөөд хойшлуулахгүй хийх нь хамгийн чухал. Би нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэших хөтөлбөрт хамрагдахад бусад оюутнуудаас нэг семестрийн хичээл илүү үзэж, зуны улиралд зарим оюутнууд нэгээс хоёр хичээл судалж байхад би таван хичээл үзсэн. Тэгээд ажиллангаа хичээлээ хийж, арга хэмжээ, хөтөлбөрүүддээ хоцролгүй хамрагдах нь надад хэцүү санагдаж байсан удаа бий л дээ. Гэхдээ хүн хийх ёстой гээд тулаад ирэхээр зохицуулаад хийж чаддаг юм билээ. Тэгэхээр цагийн юмыг цагт нь л хийчих юм бол болно гэж бодож байна. Ер нь аливаа зүйлийг ачаалал гэж харахгүйгээр хичээлээ хурдан хийчих юм бол арга хэмжээндээ оролцох боломжтой болохоос гадна энэ хичээлийг судалснаар би ийм зүйлийг мэдэж авна гэх зэргээр илүү сонирхолтой, өөртөө хэрэгтэй талаас нь эерэгээр харахад бүх зүйл болно доо.
-Та Америк явж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд англи хэлээ сурахад нэлээдгүй цаг зарцуулсан гэсэн. Өөрийнхөө сурсан туршлагын дагуу залуучуудад зөвлөгөө өгнө үү?
-Хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй санагдсан. Нэгт, сайн багшийн тусламжтайгаар сурах арга барилаа тодорхойлж, өөртөө тохирсон хурдан бөгөөд үр дүнтэй аргыг олж мэдэх хэрэгтэй. Хоёрт, өөрийнхөө сурах хүсэл эрмэлзлийг төрүүлдэг, сонирхолтой зүйлсийг хийх байдлаар хэл сурч болно. Миний хувьд англи хэлийг дунд болон их сургууль, сургалтын курс, төвүүдэд явж суралцсан. Тэгж байгаад Академиа англи хэлний институтийн үүсгэн байгуулагч Х.Нинж-Эрдэнэ багшийн сургалтад сууж англи хэлний мэдлэгээ сайжруулж, цаашид бие даан суралцах арга барилыг заалгасан. Тэр багш маань англи хэлийг мэргэжлийн түвшинд заах ТЭСОЛ зэрэгтэй бөгөөд Фулбрайтын тэтгэлгийг хоёр удаа авч байсан хүн юм. Түүнчлэн англи хэлийг өөрөө бие дааж суралцах явцдаа зөв арга барилаа олж чадвал үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Мөн англи хэл сурна гэдэг хэсэг хугацаанд сураад л болчихдог зүйл биш. Үргэлж сайжирч, өдөр бүр шинэ зүйл мэдэж, ашиглаж байж, мартахгүй байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн зүгээр л англи хэл сураад аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадахгүй. Өөрийнхөө үзэл бодлыг эссэгээрээ зөв илэрхийлэн бичиж, өөрийгөө зөв ойлгуулах хэмжээнд ярилцлагад ороход нэлээдгүй бэлтгэл, олон хүмүүсийн туршлагыг судлах хэрэгтэй болдог юм шүү.
-Та ямар төрлийн ном унших дуртай вэ?
-Би ном унших их дуртай. Аль болох өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөө өгсөн ном уншдаг. Хамгийн сүүлд Икигай, Цойлогсод, Өглөөний гайхамшиг зэрэг номыг уншсан юм байна. Жишээ нь, Цойлогсод номонд гэхэд Еврейчүүдийн амжилтын нууцын тухай гардаг бөгөөд аливаа зүйлийг бага багаар өдөр бүр хийж байж амжилтад хүрдэг тухай өгүүлдэг. Сүүлийн үед номыг уншаад орхих биш бичиж тэмдэглэж аваад, өөртөө хэвшүүлэхийг хичээдэг болсон. Зарим хүмүүс энэ төрлийн номыг шүүмжилдэг ч, надад бол тухайн хүнийг яаж амжилтад хүрсэн тухай мэдэж авах нь чухал санагддаг. Мөн англи хэлээ мартахгүй байх үүднээс сонирхсон номнуудаа аль болох англи хэл дээр уншихыг хичээдэг болсон.
-Өөрөөрөө бахархаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?
-Америкт магадлан итгэмжлэгдсэн Бизнесийн сургуулиудад сурахаар Бета Гамма Сигма гээд олон улсын бизнесийн хүндэт нийгэмлэгт сайн сурсан оюутнуудыг зөвхөн урилгаар элсүүлдэг юм билээ. Тэгээд голч дүнгээрээ нийт бакалаврын оюутнуудаас эхний 10 хувь, магистрын оюунуудаас эхний 20 хувьд багтсан оюутнуудыг сонгоод хүндэт нийгэмлэгтээ элсэх урилга өгдөг юм. Хэрэв шалгарвал профессорууд нь бусад оюутнуудын өмнө лекцийн танхимд урилгыг нь сарнай цэцгийн хамт нэр хүндтэйгээр гардуулж өгдөг. Мөн шилдэг оюутан учраас төгсөхөд нь тууз зүүлгэж өгдөг болохыг хараад их л гоё санагдаж байлаа. Тэгээд би хичээлдээ чадлаараа хичээдэг байв. Тэгж байтал сүүлийн семестрийн хичээл дээр нийгэмлэгт элсэх урилга, сертификат, тууз, тэмдэг авч, сургуулийн самбар дээр нэр маань гарсан. Тэгээд төгсөлтийн баяр дээр манай гэр бүлийнхэн ирсэн байх үед тийм ч олон оюутанд байхгүй туузыг зүүгээд явахад бахархалтай санагдаж байсан шүү. Мөн энэ завшааныг ашиглаад намайг англи хэл сурах, тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, Америкт амжилттай суралцахад бүхий л талаар тусалж дэмжсэн хайрт аав, гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө баярлаж явдгаа хэлмээр байна.
-Америкт төгсөгчдийн холбооноос “Ковид-19” халдварын үед гадаадад сурах хүсэлтэй хүүхдүүд хэрхэн суралцах тухай мэдээлэл гаргасан уу. Хичээлээ онлайнаар үзэх үү?
-МАSA буюу Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо нь АНУ-ын Засгийн газрын EducationUSA хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжүүлэгчээр шалгарч, Америкт суралцах хүсэлтэй хүүхэд залууст хэрэгцээтэй бүхий л мэдээллийг үнэ төлбөргүй хүргэхээр идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал, “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор “Цахим зуны зуслан”, “Америкт суралцах 5 алхам”, “Харвардын Монголчууд” зэрэг хэд хэдэн онлайн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн долоо хоног бүр Америкт төгсөгчдийн түүхийг цуврал подкастаар хүргэж байгаа. Удахгүй наймдугаар сарын 19-ны өдөр АНУ-ын коллежуудын боловсролын онлайн үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байгаагаас гадна хөдөө орон нутгийн хүүхэд, залууст Америкт суралцах, мэргэжил сонгох зөвлөгөө мэдээлэл хүргэх, Онлайн номын клуб ажиллуулах, Менторын хөтөлбөр явуулах гээд олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Иймээс гадаадад, ялангуяа Америкт суралцах хүсэлтэй хүүхэд, залуусыг эдгээр хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, боломжийг ашиглаасай гэж хэлье. Энэ жил “Ковид-19” цар тахлын улмаас Америкийн зарим сургуулиуд онлайнаар хичээлээ явуулж, зарим нь сургууль дээрээ хичээлээ орж байгаа юм билээ. Эцэст нь хэлэхэд ямар ч үед манай залуучууд боломжийг алдалгүй зоригтой бүртгүүлж, өөрийгөө сайн илэрхийлж чадах юм бол хүссэн ирээдүйдээ хүрэх боломжтой юм шүү.