Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан энэ сарын 16-ны 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор болсон талаар МҮБХ-оос танилцуулав. Энэхүү барилдааныг МҮБХ, “Хил хязгааргүй спорт” ТББ-аас хамтран сар бүр зохион байгуулахаар болсон байна.
Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан аравдугаар сарын 16 буюу ирэх бямба гаригт болно. Энэхүү анхдугаар лигт улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх барилдах ажээ. Тухайлбал, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Д.Анар, улсын начин Ч.Батчулуун, Б.Бат-Эрдэнэ, Б.Серик, Б.Цэрэнсодном, Н.Мустафа аймгийн арслан Б.Баянмөнх, Д.Аззаяа, М.Бямбадорж зэрэг залуу бөхчүүд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд оноолт гарсан байна.
Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдаан сар бүр болох ба бөхчүүд даваа бүрдээ оноо цуглуулах юм. Тодруулбал, сар бүрийн лигийн барилдаанд түрүүлсэн бөх 1500, үзүүрлэсэн бөхөд 1000 оноо өгөх бөгөөд сар бүрийн амжилтаар оноо цуглуулж, улмаар жилийн эцэст чансаагаар нь жагсаан, шилдэг бөхийг барилдуулах юм.
Мэргэжлийн лигийн барилдаанд оролцсон бүх бөхчүүд урамшуулалтай. Тодруулбал:
-Шөвгийн 32 бөх - 120.000 төгрөг
-Нэг давсан найман бөх тус бүр 200.000 төгрөг
-Хоёр давсан дөрвөн бөх тус бүр 250.000 төгрөг
-Шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 500.000 төгрөг
-Үзүүрлэсэн бөх 1.500.000 төгрөг
-Түрүү бөх 3.000.000 төгрөгийн шагналын санг олгохоор болжээ.
Барилдаан ам авахгүй оноолтоор буюу хасагдах журмаар явагдана. Цолны эрэмбээр эхний 24 бөх үндсэн барилдаанд шууд оролцох юм. Давсан бөхийг дараах дөрвөн хэлбэрээр тодорхойлно. Үүнд:
-Барилдааны хугацаа дуусахаас өмнө өрсөлдөгчөө хаясан тохиолдолд
-Барилдааны хугацаа дуусахаас өмнө тухайн бөхийн авсан идэвхийн оноо өрсөлдөгчийн онооноос 10 ба түүнээс дээш болсон тохиолдолд
-Барилдааны хугацаа дууссан тохиолдолд идэвхийн оноогоор тухайн бөхийг давсанд тооцно
-Барилдааны хугацаа дуусахад хоёр бөхийн идэвхийн оноо тэнцүү бол сүүлийн оноо авсан бөхийг давсанд тооцно.