Нисэх, Яармаг орчмыг шинэ суурьшлын бүс болж, иргэдийн наад захын хэрэгцээ шаардлагыг хангах дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, төр захиргааны байгууллага, эмнэлэг, дулаан хангамжийн асуудал чухал болоод байна.
ДЭД БҮТЭЦГҮЙ БҮС БИЙ БОЛГОСНООС ТӨВИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЭЖ БАЙНА
2019 оны судалгаагаар Нисэх, Яармагийн бүс 52 мянган өрх буюу 187 мянган хүн амтай бөгөөд улсын 18 сургууль, 26 цэцэрлэг байгаа ч ачаалал нь хэтэрсэн байдалтай байна. Ийнхүү шинэ орон сууц ихээр баригдаж буй хэсэгт улсын сургууль, цэцэрлэг бага байдгаас иргэд хүүхдээ хотын төвийн сургууль, цэцэрлэг рүү зөөх, мөн энэхүү хэсэгт хувийн 14 сургууль, 12 цэцэрлэг, найман эмнэлэг байдаг нь хотын төвөөс тухайн бүсэд байгаа хувийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ зөөх, эмнэлгийн үйлчилгээ авах иргэд ч их болжээ.
Хот байгуулалт, хөгжлийн газраас 2015 онд Яармагийн дэнж, Нисэх, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал орчим, Наадамчдын замын урд талын орон сууц, гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахдаа 223 мянган хүн амтай хороолол болно гэж төлөвлөсөн. Стандартын дагуу 1000 өрх тутамд 200 хүүхдийн сургууль болон цэцэрлэг байх ёстой ч удахгүй 200 мянган хүн амтай болох гэж буй тус бүсэд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоо хүн амын тоотойгоо уялдахгүй, хотын төвийн ачааллыг улам нэмж байна.
БОАЖЯ, Нийслэлийн газрын алба хот төлөвлөлттэйгөө танилц
Хот байгуулалт, хөгжлийн газрын хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Түмэн-Одоос Нисэх, Яармаг орчмын дэд бүтцийг сайжруулахад тулгарч буй асуудлыг тодрууллаа.
-Нисэх, Яармагийн хэсэгт зам дагуу олон орон сууц баригдах боллоо. Мөн улсын бус хувийн сургууль, цэцэрлэгүүдийн тоо ч олширч байна. Ер нь хот байгуулалт, дэд бүтцийнхээ дагуу барилга байгууламж барих зөвшөөрөл олгогдож байгаа юу?
-Бид 2015 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Нисэх, Яармаг орчмын ерөнхий төлөвлөгөөг гаргаж баталсан. Уг хэсэгт баригдах шаардлагатай эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга, авто зам гээд бүгдийг Хот байгуулалтын тухай хууль болон барилгын тухай хуульд заасны дагуу ерөнхий архитектурын эрхийн хэмжээнд газарт нь үндэслэж, зориулалтынх нь дагуу зураг төслийг гаргасан юм. Энэ хүрээндээ ч шинээр баригдах барилга байгууламжийн зөвшөөрлийг олгодог. Тиймээс барилга байгууламж барих зөвшөөрөл хүссэн компаниуд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг баталдаг. Харин газар олголтоор сургууль, цэцэрлэг, орон сууц барихаар төвлөсөн хэсэгт газар олгосон байдаг нь тэдгээр газрыг улс өөрийнхөө мэдэлд авах шаардлагыг бий болгож, газрын мөнгө шийдүүлэх зэрэг олон асуудал ар араасаа гарч байна.
-Дэд бүтцийн төлөвлөгөө гаргасан хэсэгт 2015 оноос өмнө газар олгосон байна уу эсвэл төлөвлөгөө гарсны дараа дур мэдэн газар олгосон байна уу?
-Өмнө ч, дараа нь ч олгосон байсан.
-Яагаад тодорхой төлөвлөгөө гарсан байхад газар олгосон байна вэ. Тус төлөвлөгөөг хэзээнээс мөрдлөг болгон хэрэгжүүлэх ёстой байсан юм бэ?
-Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан учир үүнийг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, иргэн, хуулийн этгээдэд бүгд батлагдасан өдрөөс хэрэгжүүлэх ёстой.
Ийнхүү төрийн байгууллагуудын уялдаагүй, харилцаа холбоогүй, мөн хариуцлагагүй ажилласны уршгаар төсвийн нэмэлт зардал үүсэж байна. БОАЖЯ, Нийслэлийн газрын алба хот төлөвлөлттэйгөө танилцаагүйгээс болж, энгийн иргэд, аж ахуй нэгж зөвшөөрөл авсан газраа алдаж, улс төсөвтөө нөхөн олговрын нэмэлт зардал гаргахаас өөр аргагүй байдал үүсэх болжээ. Тиймээс л ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлээ эргэн харж, газар олгох шаардлагатай байгаа аж. Үгүй бол шинэ суурьшлийн бүс гэгдэж буй Нисэх, Яармагт сургууль, цэцэрлэг ачааллаа дийлэхээ болж, хотынхоо төвтэй адил зохион байгуулалтгүй, замбараагүй бүс болж хувирах дүр зураг хүлээж буй.