Open iToim app
Парламент | 4 мин уншина

Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ

Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 5
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн асуудлыг хэлэлцэж гишүүдийн 94.6 хувь нь дэмжлээ. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж баталгаажуулах юм. 
Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 28-нд “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргаж, М.Энх-Амгаланг Ерөнхий прокурорын албан тушаалаас, Г.Эрдэнэбатыг Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн билээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: С.Зоригийн хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж бодож байна. Тиймээс та шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичих үү. Энэ хэргийг нууц гэж маш олон зүйлийг олон түмнээс нуусан. Нууцлалаас гаргасан гэж байгаа боловч прокурор дээр очоод гацсан гэсэн. Та энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гэх мэт нотлох баримтыг нууцаас гаргах уу.
Ерөнхий прокурор нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Эрүүдэн шүүсэн гэдгийг нотлоод хэрвээ үндэслэлтэй байвал дээд шүүхэд дүгнэлт бичнэ. Тиймээс энэ хэргийг шалгаад хэрвээ үндэслэлтэй бол би Дээд шүүхэд дүгнэлт бичнэ. Хэрэгтэй холбоотой мэдээллийг хуулийн хүрээнд ил болгоно. Хуулийн хүрээнд нууцлалтай зүйлүүд ч бас бий.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Ерөнхий прокурор бол Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Шударга ёсны хүсэмжлэл 95 хувь, төрд итгэх итгэл таван хувьд хүрсэн. Хууль хяналтын байгууллагад иргэд итгэхээ байсан. Хэн нэгэн хүн таныг томилсон бус Монгол Улсын төр таныг томилсон гэж бодож ажиллаарай. Нэг ч хүнийг хэлмэгдүүлэхгүй, улс төрийн зорилгогүй ажиллаарай.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хууль иргэдэд алагчлалгүй үйлчлээсэй гэж иргэд хүсч байна. Таныг энэ зарчмаар ажиллаасай гэж бодож байна. Прокурорын байгууллагын нэр хүнд сүүлийн жил гаруйн хугацаанд маш их унасан. Улстөрч хүнийг прокуророор томилдог, томилсон хүндээ үйлчилдэг.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Та 30 гаруй жил прокурорын байгууллагад ажилласан юм байна. Тиймээс таныг дэмжиж байна. Баялгийн эзэн Монголын ард түмний хүссэн хүлээлт юм. Монголын прокурор улс төрийн сүлжээ болсон байгаа. Үүнийг шинэчилж, цэвэрлэх ёстой. Шийдэгдэхгүй байгаа олон хэрэг байна. Энэ ажлыг тууштай хийх байх гэж итгэж байна. Прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны гар хөл болчихдог.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Та ямар орон сууцанд амьдарч байна вэ. Төрийн албанд насаараа ажиллачхаад хэдэн тэрбумын байранд амьдардаг. Түүнийгээ тайлбарлаж чадахгүй тохиолдол их байдаг шүү.
Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Нийгмийн хүлээлт үүсгэсэн олон хэрэг байна. Энэ хэргүүдийг шийдвэрлэхээс шалтгаалаад хуулийн байгууллагын шударга, шударга бус гэсэн зүйлийн тодорхойлолт байна. Би нэг байртай. Энэ байрандаа 10 гаруй жил амьдарч байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хуулийн байгууллагын шинэчлэл явагдаж байна. Энэ шинэчлэл ард иргэдийн шаардлагаар явагдаж байна гэж ойлгож болно шүү. Прокурорын байгууллагын эрх мэдэл маш их. Таныг М.Энх-Амгалан прокуророос илүү гэж томилсон. Тиймээс үүнийг ухамсарлаж ажиллаасайМонгол Улсын хоёрын хоёр Ерөнхий сайдыг яллах дүгнэлтэд гарын үсэг зурсан хүн. Танаас ч бас ийм эр зориг гарна гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Таныг гайгүй ажиллачих байх гэж горьдож байна. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шиг хууль хяналтын байгууллагыг зодуурын хэрэгсэл битгий болгоосой. Ц.Элбэгдорж хуулийн байгууллагыг зодуурын хэрэгсэл болгож, шинэ цагийн баячуудыг төрүүлсэн. Ерөнхийлөгчид хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаад байх юм. Би найм дахь Ерөнхий прокурорыг үзэж байна. П.Очирбат, Н.Энхбаяр, Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед хууль хяналтын байгууллага улс төрийнхнөөс хараат бус ажилладаг байсан юм шүү. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялчихаад нүүрсний хэрэг  нээж, Н.Алтанхуягийг унагаж байсан. Ингэж хууль хяналтын байгууллагыг ашигладаг байсан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хууль хяналтын байгууллагад шударга бус зүйл бугшсан байсан. Тиймээс таныг хариуцлагатай ажиллах байх гэж бодож байна. Сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвших байгаа хүмүүс дээр хэрэг нээчихдэг. Намын байран дээрээс нь ачаад явчихдаг. Тэгэхээр прокурорын байгууллага улс төрийн захиалгаар ажилладаггүй байх хэрэгтэй.
undefined
УИХ-ын гишүүн Раднаасэд: Ерөнхий шүүгчийнхээ асуудлыг хурдан оруулж ирээрэй. Байнгын хороо чуулган ч тэр хэрэг ярьдаг боллоо. Мэргэжлийн байнгын хороо ямар ч мэргэжлийн асуудал хэлэлцэхгүй байна. Энэ хэргүүдийг хурдан шалгаж дуусгаж гэж гишүүд ч олон удаа хэлж байна. Огт мэдэхгүй компаниудтай холбодог, гүтгэдэг зүйл газар авлаа. Улс төр бизнес хоёр холилдохоороо асуудлыг ийм байдалд оруулж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Прокурорын байгууллага болон хууль хяналтын байгууллагын нэр хүнд унасан нь дан ганц өөрсдөөс нь болсон гэж хэлж болохгүй. Сүлжээ, хонгил нь байгаа юм уу, зохиомол гэмт хэрэг байгаа юу гэдгийг олон нийтэд ил болгож байгууллагынхаа нэр хүндийг сайжруулах хэрэгтэй. Д.Дорилогжав Ерөнхий прокурор болоод 18 аймаг, есөн дүүргийн бүх прокурорыг сольсон. Тэд нь доод шатандаа бас халаа сэлгээ хийсэн. Мэргэжлийн чадвартай хүмүүсээ дэмжиж ажиллах ёстой шүү. Хэрвээ шударга ажиллаж чадахгүй бол нэг, хоёр жилийн дараа нэг даргын тодотголтой хүн болж хувираад чуулганы танхимд дахин давтан ийм зүйл яригдах болно.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Та бүхнийг томилсон хүмүүсээс болоод хийж байгаа ажил чинь буруу тийшээ явдаг. Төрд олон жил ажилласан учраас танд итгэж байна. Тиймээс хуулийнхаа дагуу ажиллах хэрэгтэй. Томилсон хүмүүстээ ч хуулийн дагуу ажиллана гэдэг зарчмаа ярих хэрэгтэй. Доод хүмүүсээ хуулийн дагуу ажиллуулах ёстой. Хуулийнхан ард иргэдэд хатуу чанга, эрхтэн дархтанд зөөлөн хандаад байдаг. Хуулийн нэг л заалтаар шийдвэрээ гаргаад асуудалд эрх тэгш хандах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ажлаа УИХ-ын гишүүдээс эхлээрэй. Гурван жилийн турш бид гэмт хэрэг ярьсан. Гэмт хэргийг илрүүлсэн, нотолсон. Үүнийг цэгцэлж гаргаж ирмээр байна. Хууль зүйн сайдыг таван гэмт хэрэгт шалгаж байгаа гэсэн түүнийг олон нийтэд ил болго. Х.Аюурсайхан гишүүний ярьсан тагнаж, чагнасан, хуулийн байгууллагууд нотлох баримтыг жалганд аваачиж шатаасан гэж мэдээлснийг шалгаж, үүнийг ил болго. 49 гишүүн ЖДҮ авчихлаа гэж байна. Тэр бүхнийг оруулж ир. УИХ дээр хэрэг яримааргүй байна. Та шалгаад УИХ-д тайлагнаж баймаар байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн