Open iToim app
Зочин | 5 мин уншина

Германд ажиллаж буй сувилагч: Эмнэлгийн ажилчид хамгаалалтын хувцсаа солих бүртээ алдаа гаргахгүй байх нь маш чухал

Германд ажиллаж буй сувилагч: Эмнэлгийн ажилчид хамгаалалтын хувцсаа солих бүртээ алдаа гаргахгүй байх нь маш чухал
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 8
Холбооны Бүгд Найрамдах Герман улсад коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхэд гар бие оролцож буй сувилагч Т.Хөвсгөлдалайтай ярилцлаа.
-Сайн байна уу. Та юуны өмнө уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Төмөрбаатарын Хөвсгөлдалай гэдэг. Бизнесийн удирдлагын магистр, Герман хэлний орчуулагч бас сувилагч мэргэжилтэй. ХБНГУ-д анагаах ухааны болон эрүүл мэндийн чиглэлээр гурван жил сурч, сувилагч мэргэжил эзэмшээд одоо Берлиний том эмнэлгийн цогцолбор болох Vivantes-ийн салбар эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж байна. Халдвар тархаж эхлэх үед эмнэлгийн зүгээс маш хурдан зохион байгуулалтад орсон. Тухайн үедээ маш их айж байсан ч ажиллаж үзмээр санагдсан юм. Би хүүхэд байхын л сониуч, шинийг туршиж үзмээр байдаг зантай. Одоо бол өдөр тутам эрсдэлтэй нүүр тулан ажиллаж байна. Ажил хийвэл дуустал гэдэг үгийг хар багаасаа л сонсож өссөн болохоор шантарч болимоор санагддаг үе байвч улсын минь, гэр бүлийн минь нэр намайг дагаж байгаа болохоор өргөсөн тангарагтаа үнэнч байхыг хичээж байна.
-Германд коронавирусийн нөхцөл байдал хэр байна. Тоо баримтаас харахад эдгэрэлт хамгийн өндөр байгаа юм билээ?
-Тавдугаар сарын эхний гурван долоо хоног тохиолдлын тоо багассан ч сүүлийн үед бага зэрэг нэмэгдэж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс хойш тархалт буцаад нэмэгдэж байна. Сая хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гадуур хальт гарахад Берлин хотынхон бараг бүгд нэг газар цугласан юм шиг санагдсан. Хүн явах, зөрөх зай байхгүй. Хүмүүс маск зүүгээгүй.  Хүүхдийн тоглоомын талбай нь битүү. Их халуун өдөр байсан. Манай нэг сувилагч найз бас үглээд ажилдаа орж ирсэн. Бид нар энд халуунд битүү хувцастай, хэцүү нөхцөлд ажиллаж байхад  гээд манай ажлынхан бол их шүүмжлэлтэй  байгаа. Эдгэрэлт өндөр байгаа болохоор бардам байгаад байна уу эсвэл үнэхээр амь насандаа хайргүй хүмүүс үү, мэдэхгүй юм.
Германд анх халдвар гарахад  хүмүүс нэг их тоохгүй байсан. Дөрвөн сард гэнэт маск зүүж, зай барьж, үйлчилгээний газрууд, олон нийтийг хамарсан газрууд бүгд хаагдаж эхэлсэн. Сэтгэлзүйн хувьд олон хүн цочролд орсон. Хаа сайгүй л хүмүүс айдастай, түгшүүртэй, бие биенээсээ дөлсөн, зугтаасан, ууртай цухалтай байсан. Одоо бол коронагийн эхний давлагааг давсан гэсэн сэтгэхүй  хүн бүрт байх шиг байна. Нэг ёсондоо айдгынхаа ард гарсан л юм шиг байгаа.
Эдгэрэлтийн хувиар өндөр байгаа нь Германы эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгал, эмчилгээ сувилгаагаар ямар ч улсыг дагуулахгүй сайн байгаатай холбоотой. Үнэхээр иргэдтэйгээ тулж ажиллаж чаддаг, үлгэр жишээ орон гэдгээ энэ цар тахлын онцгой үед дэлхий дахинд харуулж байна.
-Танай эмнэлэгт одоогоор коронавирусийн халдвараар өвчилсөн хэчнээн хүн байна вэ. Энэ хүмүүст хэчнээн эмч, эмнэлгийн ажилтнууд тусламж үзүүлж байна?
-Манайх нэг давхартаа 30 гаруй ортой. 7-14 хоног тутамд өвчтөнүүд эдгэрч гараад байсан гэхээр чамгүй олон хүн манай тасгаас баяртайгаар явсан. Яг тоо гэхээр бас тоолж байгаагүй юм байна. Халдвартын 3-4 эмч, дотрын, уушгины, сэтгэл зүйч эмч гээд нийт 10 орчим эмч, 30 орчим сувилагч, асрагч, ариутгалын ажилчид ажиллаж, цар тахалтай өдөр бүр нүүр тулж байна даа.
undefined
-Таны хувьд одоогоор хэчнээн хүн эдгэрэхэд гар бие оролцов. Ер нь та хэзээнээс вирусийн халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж эхэлсэн юм бэ?  
-Ойролцоогоор 150 орчим хүнийг эмчлэхэд гар бие оролцсон. Өнөөдрийг хүртэл халдвартай хүмүүст хоёр сар гаруй тасралтгүй эмчилгээ, сувилгаа, асаргаа хийлээ.
-Коронавирустэй тэмцэхэд ганц эмч биш бүхэл бүтэн баг ажиллаж байгаа шүү дээ. Танай баг хэрхэн ажилладаг вэ?
-Манай баг өглөө, орой, шөнийн ээлж гээд гурван ээлжээр ажилладаг. Өвчтөн тус бүрийн өрөөнд орохдоо хувцсаа сольдог. Энэ мөч хамгийн эрсдэлтэй, жижиг алдаа хийхэд халдвар авах өндөр эрсдэлтэй. Хувцсаа солиод гарч ирэх бүртээ алдаа хийгээгүй байгаасай гэж залбирч гарч ирдэг.
-Герман улс нас баралтын хувьд ч гэсэн бусад Европын улсуудтай харьцуулахад маш бага байна. Үүний нууц нь юундаа байгаа бол?
-Германчууд их нарийн няхуур, ямар ч зүйлд хариуцлагатай, яг таг, түс тас. Хийж байгаа үйлдэл бүхэнд нь  хариуцлага дагаастай. Германы эрүүл мэндийн салбарыг дэлхийн шилдэг гэгддэг. Коронавирусийн эсрэг эм, вакцин гараагүй л байна. Бид уушгины үрэвсэлд тохирсон антибиотик эмчилгээ, дархлаа дэмжих эмчилгээ хийдэг. Насны ангиллыг ажиглахад 35-96  насны өвчтөнүүд эмчлүүлж  байна.
-Германд сүүлийн долоо хоногт урд өдрүүдээ бодоход бага тохиолдол бүртгэгдлээ. Дэгдэлт бараг намжчихав уу даа?
-Сүүлийн  үед овоо гайгүй байгаад байсан чинь бас л нэмэгдэх тал руугаа хандаад эхэлсэн. Энд тэнд шиша баранд хүмүүс тамхилж байгаад, фитнесс студиэс гээд бас нэлээн халдвар алдаад туучих шиг боллоо. Ер нь бол нэг хэсэг энэ корона амар амгалан, тайвшрал өгөх шинжгүй эвгүй байна шүү. Хаа сайгүй айдас, зовиур байсаар л байна.
-Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолтой байна. Дотроо халдвар тархаагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр халдвар тархах эрсдэл нь хил дээр хүмүүс хүлээж авч байгаа ажилчид, эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаас гарах магадлалтай. Гэхдээ манай эмч нар өвчтөнүүдтэйгээ хамт тусгаарлагдан эмчилгээгээ хийж байгаа. Та халдвараар өвчилсөн хүмүүстэй ажиллаж байгаагийн хувьд халдвараас сэргийлэх туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Эмнэлгийн эмч, ажилчид минь сонор сэрэмжтэй, өндөр хамгаалалттай ажиллах хэрэгтэй. Зөв хувцаслалт л биднийг хамгаална. Бас гараа нүүр амандаа бүү хүргээрэй. Ажил, амралтаа сайн зохицуулаад ядрахгүй байх хэрэгтэй. Би Монгол Улсынхаа эмч ажилтнуудаараа маш бахархаж байгаа. Бидний цар тахалтай тэмцэж байгаа нь яг л дайн тулаан хийж байгаатай адил маш их зориг, золиос шаардсан зүйл.
-Ярилцлагынхаа төгсгөлд Монгол түмэндээ хандаж зөвлөгөө өгч болох уу?
-Монгол хүмүүс уул ус, хөх тэнгэрээрээ хамгаалагдсан сайхан тэнгэрлэг ард түмэн шүү дээ. Гэхдээ энэ бол дэлхий нийтийг хамарсан цар тахал гэдгийг хүн бүр ойлгож ухамсарлаж, өөрсдийгөө  хамгаалах л  хэрэгтэй. Маскаа сайн зүү, цэвэр агаарт бай, битүү орчинд олон хүмүүстэй бүү бай, 1.5-2 м зайгаа барь, бас олон хүнтэй лифтэнд бүү ор. Болж өгвөл шатаар алхаж, зөв хооллож, стрессээс хол байх байгаарай гээд л захих зүйл их байна. Та бүгдийг мөнх хөх тэнгэр ивээлдээ авч, муу бүхнээс холуур байгаасай гэж би алс холын Герман орноос залбирч байх болно оо. Бүгд эрүүл саруул сайн сууж байгаарай гэж хүсэж байна шүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн