Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Шинэ сэргэлтийн бодлого: Энэ жил 200 мянган жуулчин татаж, тэрбум доллар олно

Шинэ сэргэлтийн бодлого:  Энэ жил 200 мянган жуулчин татаж, тэрбум доллар олно
Нийтэлсэн 2022 оны 2 сарын 15
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал, жуулчлал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийн төлөөлөл харьяа яамууд оролцсон юм.
Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд жуулчдын тоо 74 хувиар буурчээ. Харин манай улсад 94 хувиар буурч, аялал жуулчлалын салбараас төвлөрдөг 600-700 сая ам.долларын орлого тасалдсан байна. Тэгвэл энэ жил манай улс БНХАУ, ОХУ руу зорьж буй жуулчдыг улс руугаа татаж, 200 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөжээ.
 “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал, жуулчлал” хэлэлцүүлгээс онцлох санаануудыг хүргэе.
Жуулчдаас хураамж авдаг болно
-Жуулчдаас хураамж явч, автозам, дэд бүтэц, нүхэн жорлон зэргийг шийдэхээс гадна салбарын хөгжилд зарцуулахаар болсон байна. Жуулчдаас татвар хураасаар 2023 он гэхэд нэг тэрбум ам.доллар төвлөрүүлэх юм байна.
Монгол Улсад зорчих цахим виз авдаг болно
-Монгол Улсыг зорьж буй гадаадын иргэдийн зорчих чиглэлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт татахад 36 улсын иргэнд гурван төрлийн визийг цахимаар олгож байгаа аж. Цахим визийг 2021 оны аравдугаар сард туршилтын журмаар эхлүүлсэн бөгөөд 20-72 цагийн дотор “E Visa” системээр олгож байна. Цаашид цахим виз өгөх улсын тоог нэмэгдүүлэхээр ажиллана гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэв.
БНСУ-ын жуулчдыг Монгол Улс руу татна
-БНСУ-ын жуулчид ихэвчлэн БНХАУ руу аялдаг байна. Тиймээс солонгос жуулчдыг эх орондоо татах бодлого хэрэгжүүлнэ гэдгийг салбарын яам онцлов. Зүүн өмнөд Ази болон Баруун европын жуулчид Монголыг зорино гэсэн хүлээлттэй байгаа юм байна.
Агаарын тээврийг либералчилна
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг тулгуур бол агаарын тээврийг либералчлах гэдгийг онцоллоо. Ингэснээр зах зээл өрсөлдөөнтэй болж, олон улсын жишгээр шинэ туршлага нэвтрэх юм. Олон улсын томоохон агаарын тээврийн компаниудыг хооронд нь өрсөлдүүлж, үнийн тариф, маркетингийн хувьд Монгол Улс хожих бодлогыг хэрэгжүүлэх юм байна.
Үндэсний брендингээр жуулчдыг татна
-Соёлын яамнаас Үндэсний брендингийн судалгааг хийж байна. Энэ судалгаа нь Монгол Улс гадаадад ямар байдлаар харагдах, жуулчдыг хэрхэн татах вэ, эх орноо хэрхэн сурталчлах вэ гэсэн үзэл баримтлалтай юм байна. Тус брендинг нь түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгаль, соёлын өвийг харуулсан байх аж.
Жуулчдыг вакцинд үнэгүй хамруулна
-Монгол улс хилээ нээж жуулчдыг хүлээн авахад бэлэн болсон. Тэгвэл бүтэн тунтай жуулчдыг нэвтрүүлэх юм байна. Харин вакцинд хамрагдаагүй жуулчдыг вакцинд үнэгүй хамруулахаар болжээ. Манай улсад вакцины нөөц хангалттай байгаа учир ингэж шийдсэн байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт “Ковид 19”-ийн халдвар авбал үнэгүй эмчилнэ
-Эрүүл мэндийн яамнаас аялал жуулчлалыг хэрхэн дэмжих судалгаа тооцоог хийж байна. Үүний хүрээнд жуулчин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялж байхдаа “Ковид 19”-ийн халдвар авсан тохиолдолд үнэгүй эмчлэх юм байна. Тодруулбал, Монгол Улсад аялж байхдаа “Ковид 19”-ийн халдвараар хүндээр өвдөөд, цаашлаад нас барах юм бол дараа ирэх жуулчдад сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
118 тусгай дугаарыг ажиллуулна
-Байгаль орчны яамнаас 24 цаг ажилладаг 118 тусгай дугаарыг зунаас ажиллуулж эхлэх юм байна. Энэ дугаараар жуулчдад тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдэхэд туслах аж. Аялал жуулчлалын яамны “Нэг цэг”-ийн үйлчилгээний хүрээг тэлэх хүрээнд энэ ажлыг хийнэ. Мөн аймгуудын онгоцны буудал болон холбогдох газарт жуулчны төвийг байгуулна гэж БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн