Монгол Улсад өнөөдрийн байдлаар 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Банкны системд эргэлдэж буй нийт эх үүсвэрийн таваас дээш хувийг эргэлдүүлж буй банкийг системийн нөлөө бүхий банк гэж нэрлэдэг. 2021 оны эцсийн байдлаар банкны системд эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ 4.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж 40.9 их наяд төгрөгт хүрчээ. Засгийн газрын Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөртэй холбогдуулан мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн бололтой. Тэгвэл банкны системд эргэлдэж буй нийт эх үүсвэрийн 85 хувь том таван банкинд төвлөрч байна. Хэдий 2021 онд эдийн засаг саарч, тээвэр логистикийн салбарт хүндрэл үүсч, аялал жуулчлал, худалдаа, уул уурхай, үйлчилгээний салбар уналттай байсан ч том банкууд ашигтай ажиллажээ. Тодруулбал, 2021 он эцэст системийн нөлөө бүхий том таван банкны актив өсөлттэй, татварын дараах нийт ашиг нь 517 тэрбум төгрөг хүрсэн байна. Банк тус бүрээр нь танилцуулбал:
-Хаан банк бол Монголын хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн том банк. 2021 он эцсийн байдлаар Хаан банкны нийт актив 13.5 их наяд, өөрийн хөрөнгө нь 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад актив хөрөнгө нь 1.4 их наядаар, өөрийн хөрөнгийн хэмжээ 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Мөн татварын дараах цэвэр ашиг нь 2020 оныхоос 126 тэрбумаар нэмэгдэж 291.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2. Худалдаа хөгжлийн банк
2021 оны байдлаар Худалдаа хөгжлийн банкны нийт актив 8.5 их наяд, өөрийн хөрөнгийн хэмжээ их наяд төгрөг давжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад актив хөрөнгө 400 орчим тэрбум төгрөгөөр, өөрийн хөрөнгө 51 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн аж. Татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 65 тэрбумаар нэмэгдэж, 89.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Тус банкны нийт актив 2021 оны эцэст 7.9 их наяд, өөрийн хөрөнгийн хэмжээ 596 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнө оны үеэс актив хөрөнгө 623 тэрбумаар нэмэгдэж, харин өөрийн хөрөнгийн хэмжээ 35.5 тэрбум төгрөгөөр буурсан дүн болж байна. Харин татварын дараах ашиг өмнөх оны мөн үеэс 10 тэрбумаар нэмэгдэж 22.9 тэрбум төгрөг хүрсэн байна.
2021 оны эцэст Төрийн банкны нийт актив 3.7 их наяд, өөрийн хөрөнгийн хэмжээ 393 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад актив хөрөнгө хөрөнгө 317 тэрбумаар, өөрийн хөрөнгө 90 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн татварын дараах цэвэр ашиг өмнөх мөн үеийнхээс 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 51.5 тэрбум төгрөг хүрчээ.
Хас банкны хувьд 2021 оны эцэст нийт актив 3.4 их наяд, өөрийн хөрөнгийн хэмжээ 367 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт актив нь 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Татварын дараах цэвэр ашиг нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 тэрбум төгрөгөөс нэмэгдэж, 62.2 тэрбум төгрөг хүрчээ.
Хадгаламжийн хүүг дагаж зээлийн хүү буурсангүй
Дээрх таван том банкнаас гадна жижиг банкууд ч 2021 онд ашигтай ажиллажээ. Банкууд ашгийнхаа гол эх үүсвэрийг зээлийн хүүгийн орлогоос бүрдүүлж буй. 2021 онд цар тахал үргэлжилж, бизнесийн идэвхжил муу байсан. Үүнтэй холбоотойгоор иргэд, хувийн байгууллагууд мөнгөн эх үүсвэрээ хадгаламж болгох хандлага ажиглагдсан. Тухайлбал, 2021 онд арилжааны банкин дахь төгрөгийн хадгаламжийн хэмжээ 30 гаруй хувиар өссөн юм. Өнгөрсөн онд банкны хадгаламжийн хүү 3.2 хувиар буурч, дундаж хүү 7.5 хувь болсон. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүү нэлээд өндөр хувиар буурсан ч банкууд дахь хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн байна. Нөгөө талд, банкууд бага хүүгээр хадгаламж татаад, эргээд өндөр хүүтэй зээл болгон ашгаа нэмэгдүүлсэн дүр зураг ажиглагдаж байна. Банкуудын хадгаламжийн дундаж хүү 7.5-8 хувь байхад шинээр олгож буй зээлийн хүү 14.5-16 хувь байжээ. Зүй нь, хадгаламжийн хүүгийн бууралттай зэрэгцэн зээлийн хүү ч буурах учиртай. Харин 2021 онд зээлийн хүү мэдэгдэхүйц буурсангүй. 2021 оны эцсийн байдлаар хадгаламж, зээлийн хүүгийн зөрүү дунджаар 8.5 хувь хүрсэн байна. Энэ зөрүү өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар өссөн дүн бөгөөд өндөр хүүгийн зөрүүнээс банкууд ашигтай ажиллах нь ойлгомжтой.
Дашрамд дурдахад, дээр таван том банк 2022 оны зургадугаар сарын 30-наас өмнө нээлттэй хувьцаат компани болох эхлэлийг тавьж, олон нийтэд хувьцаагаа санал болгох учиртай. Энэ хүрээнд дээрх банкууд IPO гаргах бэлтгэлдээ орж, бизнес төлөвлөгөөгөө Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкинд ирүүлжээ. Банкууд 2022 оны улиралд багтаж санхүүгийн тайлангаа олон улсын байгууллагаар аудит хийлгэх шаардлагатай аж. Үүний дараа буюу 2022 оны хоёрдугаар улирлаас банкууд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах ажлаа үе шаттай эхлүүлэхээр зэхэж буй. Эхний ээлжинд банкууд нийт хувьцааныхаа 5-15 хүртэлх хувийг олон нийтэд санал болгож, зах зээлээс 500-600 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх хүсэлтийг ирүүлсэн аж.