“Лантуун дохио” ТББ-аас санаачлан жил бүр зохион байгуулдаг “Ид шидийн уут” аян тав дахь жилдээ үргэлжилж байна. Уг арга хэмжээний дөрвөн хоногт мянган өрх, нийт 10 мянга орчим хүүхдэд сэтгэлийн бэлэг түгээж, баярлуулдаг. Энэ жилийн аян арванхоёрдугаар сарын 14, 15 болон 21, 22-ны өдөр зохион байгуулж байгаа юм. Манай сурвалжлах баг “Ид шидийн уут” аянд нэгдэн, нэг өдрийг хамт өнгөрүүллээ.
07.00 цаг. Улсын драмын эрдмийн театрын урд хүүхдийн гутал, малгай, ороолт, бээлий, оймс зэргийг хийсэн улаан алаг өнгийн том уутнууд өрөөстэй байлаа. Уутны урд “Маамуу” сүү, ундаа, нэг хайрцаг төмс байх аж. Зорилтот айл өрхийн хүүхдүүдэд бэлэг тараахаар догдлон хүлээж буй залуус өөр хоорондоо очсон айлынхаа нөхцөл байдлыг ярьж, дахин очиж туслах тухай, багийнхаа гишүүдэд тохиолдсон хөгжилтэй, хөгтэй явдлуудыг ярьж инээд хөөртэй зогсоно. Нар мандах хараахан болоогүй энэ цагт залуусын зарим нь нааш цааш холхиж, нэг хэсэг нь машинд сууж дулаацаж байгаад гарч ирнэ.
Баг тус бүрийн гишүүд бүрдэн, ууттай бэлэг ирэхийг хүлээх зуур “Лантуун дохио” ТББ-ын гишүүн, Гадаад харилцааны менежер О.Ариунсанаагаас үйл ажиллагааны тухай тодрууллаа.
-Нэг дүүрэгт хэдэн баг ажиллаж байгаа вэ?
-Есөн дүүрэг тус бүрт хүн амын тооноос хамаарч сайн дурын ажилчид болон үндсэн гишүүдээ багт хуваадаг. Баянгол дүүрэгт нэг, Сонгинохайрхан дүүрэгт гурав, Сүхбаатар дүүрэгт хоёр баг гэх мэтчилэн янз бүр байна. Энэхүү үйл ажиллагаанд оролцож буй гишүүдийг тусгай сургалтад хамруулдаг. Нэг баг өвлийн өвгөн, алиалагч, цасан охин, тандагч гэсэн гишүүнээс бүрдэнэ. Гишүүн бүр тус тусын үүрэгтэй. Жишээлбэл, багаараа ярилцаж байгаад зорилтот бүлэгт хамруулж болох айлаа сонгоход тандагч айл руу орно. Тэрээр айлд ороод тухайн айл хэдэн хүүхэдтэй, эцэг, эх нь архи дарс уусан эсэх, хүчирхийлэл байна уу, гэрийн орчин, нөхцөл байдал ямар түвшинд байгаа гэдгийг судалж багийнхандаа мэдээлэл өгнө. Ингээд тандагчийн мэдээлэлд үндэслэн айлд орох эсэхээ гишүүд ярилцан шийддэг юм. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлд очлоо гэж бодоход энгийн хүүхэдтэй харьцаж байгаа мэт байж болохгүй, айж, бишүүрхсэн байдлыг гэр бүл, хүүхдэд мэдрүүлэхгүй, тухайн бэрхшээлтэй хүүхдэд бусдаас өөр гэсэн мэдрэмжийг нь төрүүлэхгүй байх үүднээс уг үйл ажиллагаанд хамрагдах хүүхдүүдэд тусгайлсан сургалт зохион байгуулдаг. Мөн асран хамгаалагчид нь архи ууж байгаа айлд орвол ямар арга хэмжээ авч, эрсдэлгүй явах зэргийг заана. Өнгөрсөн жил тандагч эмэгтэй 20 орчим залуус архи ууж байхад гэрт ороход согтуу хүмүүс охиныг хөөж, барихыг оролдсон тохиолдол гарч байсан. Энэ мэт эрсдэлээс өөрийгөө хамгаалах, үйл ажиллагаагаа зөв тэгш явуулах гэх мэт олон зүйлсийг гишүүд маань урьдчилан сурдаг.
-Зорилтот бүлэг гэдэгт ямар айл өрхийг хамруулж байгаа вэ?
-Амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэл байх магадлалтай айл өрхийг оруулна. Тэдгээр айлуудыг сонгохдоо гаднаас нь харж өнгө үзэмжээр нь сонгон орж байгаа. Зарим айл гаднаа сайхан харагдаж байгаа ч дотроо хоол хүнс, түлшгүй хүйтэн орчинд амьдарч байх тохиолдол ч байдаг. Тиймээс сайн дурын гишүүд айл сонгоход ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй байдаг юм. Бид зорилтот бүлгээ олж чадахгүй бол бидний судалгаа мэдээлэл буруу болж, туслалцаа шаардлагатай байгаа өрх, хүүхдүүдийг орхигдуулна л гэсэн үг.
-Жолооч нар ч бас сайн дурын хүмүүс байдаг уу?
-Тийм ээ. Жолооч нарыг машины клубүүдэд хандаж, эсвэл сайн дураар бидэнтэй хамтрах хүмүүс холбогддог. Олон жил айлаар явж тусалж байсан туршлагатай гишүүдтэй тэднийг явуулдаг юм. Тээш ачих боломжтой машинаар явахгүй бол уул өөд өгсөх, бэлэг зөөхөд хүндрэлтэй байдаг.
09.00 цаг. Машиныхаа тээшийг ууттай бэлгээр дүүргэсэн гурван машин ирлээ. Баг бүр хичээлийн хэрэгсэлтэй 10 ууттай бэлэг, чихэр жимс, оймс, маск хийсэн 20 бэлгээ аваад хариуцсан дүүрэг рүүгээ цаг болсныг удирдагч залуучууд хэлэв. Тэдний заавраар сайн дурын оюутан, сурагчид машиныхаа зүг явцгаав.
Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийг хариуцаж авсан нэгдүгээр багтай хамт явлаа. Юун түрүүнд өмнө жил очиж байсан айлуудаараа орж, амьдрал ахуй нь хэрхэн өөрчлөгдсөн байгааг харах ёстой байдаг гэнэ. Биднийг дулаан машиндаа суулган явж буй жолооч анх удаагаа энэ аянд туслахаар явж байгаа нь энэ аж.
Айл-1. Зорилтот айлынхаа дэргэд очиход тандагч айлд орж нөхцөл байдлыг нь шалгав. Тандагч “гурван хүү,нэг нялх хүүхэд ээжийн хамт байна. Гэр доторх орчныг ажвал тусламж үзүүлэх шаардлагатай төдийгүй их хүйтэн байна” гэв. Ингээд цасан охин хүүхдүүдэд зориулж гутал, малгай, пампарс, бэлгийг уутанд хийж бэлдлээ. Өвлийн өвгөн хувцсаа өмсөж, сахлаа зүүгээд ууттай бэлгээ үүрч айлын хаалгыг зөөлөн тогшоод “хо,хо,хо” гэсээр шүлгээ уншиж эхлэх нь тэр. Орноосоо босоогүй байсан бяцхан хүүхдүүд өвлийн өвгөнийг дахин, дахин харж гайхширна. Гурав орчим настай бяцхан хүү хувцсаа шаламгай өмсч ах нараа дахин, дахин дуудаж, хөнжлийг нь татна. Том хүү, дүүгийнхээ хамтаар бос ч өвлийн өвгөнтэй уулзаж танилцан, авьяасаа үзүүлэв. Харин дунд хүү орноосоо босохыг хүссэнгүй бололтой. Ах, дүү, ээж нь түүнийг ээлжлэн дуудаж байсан ч бишүүрхсэн хэвээр байв. Өвлийн өвгөний заавал асуух ёстой асуултад Сайн хүн, муу хүн гэж хэнийг хэлэх вэ?, Чиний хамгийн их хайртай хүн хэн бэ?, Хайргүй хүн байгаа болов уу, чамайг хэн нэгэн гомдоож байсан уу хэмээх асуулт байдаг. Энэхүү асуултаар хүүхэд өөрт тохиолдож байсан явдал, сэтгэлд нуугдсан муухай дурсамжаа хэлэх тохиолдол байдаг гэнэ. Том хүүгээс Ямар хүнийг муу хүн гэж хэлэх вэ? гэж асуухад “Архи уудаг хүн муу хүн” гэв. Харин бага хүүгээс өвгөн “Миний хүүгийн хайргүй, чамайг гомдоож байсан хүн байгаа юу” гэхэд дунд ахдаа дургүй гэх нь тэр. Учрыг асуухад намайг зоддог гэлээ. Энэ мэт хүүхдүүдийн хөгжилтэй үг, үйл хөдлөл, авьяасыг нь үзээд бэлгээ өгөөд гарав. Өмнө жил уг айлд ирж байсан баг судалгаанд дурдахдаа дөрвөн хүүхэдтэй, аав нь ганцаараа ажил хийдэг бөгөөд архи уудаг болохыг тэмдэглэсэн байж. Харин цасан охин ээжтэй нь ганцаарчлан уулзаж зарим зүйлсийг тодруулбал “Таван хүүхэдтэй. Нэг хүүхэд маань хөдөө байдаг, хамт амьдардаггүй юм. Манай гэр бүлээс ганцхан хүн ажил хийдэг учраас амьдрал ахуй минь хүндхэн байна” гэжээ. Цасан охин машинд сууж, жижиг цаасан дээр айлын судалгааг бөглөж дуусгав.
Ингээд дараагийн айл руу явах замд хоёр хүүхэд хөтлөлцөн явж байхыг хараад машинаа зогсоон маамуу сүү, ундаа, чихэр өгөв. Өвлийн өвгөнтэй таарч байгаадаа итгэхгүй, гайхаж балмагдсан хүүхдүүд “Хөөх. Өвлийн өвгөн байдаг юм байна. Ямар гоё юм бэ?” гэж дахин дахин уулга алдана. Гудамжны үзүүрээс дахин хоёр хүүхэд гарч ирэхийг хараад дуудахад дүүгээ хөтөлсөн хүү хурдлан гүйж гарав. Өвлийн өвгөн байдаг уу, манайд ирэхгүй юм байхдаа гэсэн хүлээлтэд нь хариу үзүүлж байгаа залуусын үйл хэрэг хүүхдүүдийг баяр хөөрөөр дүүргэж байлаа.

Айл-2. “Ид шидийн уут” аяны хамгийн эхний өдөр очсон айлд дахин орохоор боллоо. Уг айлд тав дахь жилдээ ирж байгаа бөгөөд өмнөх өдөр гутал, хувцасгүй ирсэн учир өнөөдөр авчирч өгч байгаа нь энэ аж. Өнгөрсөн дөрвөн жилд ирэхэд аав, гурван охины хамтаар амьдардаг байсан гэнэ. Харин энэ жилээс ээж нь ирсэн учир аав нь ажил хийж, гэр орон нь тохь тухтай болж байгааг өвлийн өвгөн онцлон хэлсэн юм. Ингээд гэрт ороход охидууд шинэ хувцсаа өмсөж үзээд ихэд баяртай байж байв. Аав нь цасан охинд хандан “Ах, эгч нартаа тэдний гэр бүл сайн байна. Аав нь ажил хийгээд гэр орон нь сайхан болсон байна гэж хэлээрэй” гэв. “Лантуун дохио” ТББ-ын гишүүд тус айлд ирж аав болон охидуудтай шинэ жилийн баярын ширээ засч, тэмдэглэж байсан гэнэ. Тийм ч учраас бие биенээ нэрээр нь дуудан ихэд хөгжилтэй, уриалагхан байх аж.
Шинэ хувцсаараа гангарсан бяцхан охид биднийг хашааны хаалга хүртэл гаргаж өгөөд гэр рүүгээ гүйцгээв. Гурван ижилхэн ягаан малгай ороолт, плаж өмссөн охидууд өхөөрдөм хөөрхөн. Хэдий тэдний гэр жижигхэн ч аав, ээжтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, элэг бүтэн байгаа нь юу юунаас дутахааргүй жаргал гэлтэй.
Дараа нь бид уулын дээд хэсэгт амьдардаг айлууд руу орохоор болов. Хашааны мод хазайж, зарим нь нурсан, гэрийн бүрээс нь энэ тэндээ урагдаж, сэмэрсэн айл руу тандагч орохоор боллоо. Тандагчийн хэлснээр тухайн айлд нэг эмээ, 35 орчим насны эмэгтэй хамт байх бөгөөд эмээгийн бие сайнгүй харагдсан гэнэ. Тэд ярилцан дараа нь хоол хүнс, гурил, будаа авчирч, хашааг нь янзалж өгөх хэрэгтэй юм байна гэж дүгнээд цааш явлаа. Замд нэг эрэгтэй хашааныхаа гадна гарч ирээд сууж, босч байх бөгөөд түүнээс олон хүүхэдтэй, эмзэг бүлгийн айл өрх мэдэх эсэхийг асууя хэмээн ярилцсаар уулын уруу удаанаар уруудав. Тэгээд машин зогсохоос өмнө тус эрэгтэй машин руу харав. Гэтэл түүний нүүр хөөж, хөхөрч, цус, шарх болсон байлаа. Тиймээс түүнээс зарим зүйлсийг тодруулж асуухаа больж, машинтайгаа дараагийн хашааны үүдэнд очив. Түүнийг гэр рүүгээ орсны дараа бид айлын хашааны завсраар шагайв. Байшин хоёр том цонхтой бөгөөд хүүхэд харагдахгүй байсанд хүн бүхэн баярлав. Харин гадаа нь согтуу хүн унтаж байх нь тэр. Үүнийг харсан бид гайхширан энэ орчимд хүүхдүүд орой үдэш хараа хяналтгүй явж болохгүйг болохыг мэдсэн юм.

Айл-3. Тандагч худгаас зорилтот айлыг лавлан асуухад ус авч байсан цагаан приустэй эрэгтэй биднийг ээж нь тал харвасан, олон хүүхэдтэй айл руу дагуулж явахаар болов. Усаа авч дуусахыг хүлээж байх үед машинд сууж байсан бяцхан охин нь уйлсан байлаа. Бид ч хүүхэд харсан дариудаа сүү, ундаагаа барьж түүнийг аргадлаа. Аав нь усаа авч дуусаад биднийг хөтөлсөөр айлд хүргэв. Зорьсон газартаа ирж, гэрт ороход газраар гурван хүүхэд унтаж, орон дээр дөрвөн хүүхэд, нэг гар нь мэдээгүй болсон ахимаг насны эмэгтэй сууж байлаа. Дөрвөн ханатай жижиг гэрт багтаж ядан байцгаана. Бид гал тойрон зогсож, өвлийн өвгөн хүүхдүүдтэй ярилцана. Энэ үед эмээ ач нараа утсаар дуудав. Ингээд бид 10 хүүхдэд бэлэг өгөөд гарав. “Лантуун дохио” ТББ-ийн гишүүдийн хэлж байгаагаар зорилтот, эмзэг бүлгийн айл өрх Сонгинохайрхан дүүрэгт их байдаг гэнэ. Тэр хэсэгт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, аав, ээж нь хоёулаа архины хамааралд орсон айлууд ч цөөнгүй байдаг аж. Тиймээс ч тус дүүрэгт гурван баг ажилладаг юм байна.
Айл-4. Бид худган дээр монгол бичиг, математикийн томьёо бичсэн, автобусыг номын сан болгосон өвөөтэй уулзаж, ус авч буй хүүхдүүдэд бэлэг тараахаар очиход худаг тус өдөр ажиллаагүй юм. Автобус цонхоор харвал гурван шатрын ширээ байв. Юмхнаар юм хийнэ гэдэг шиг хаягдал болсон автобусыг сайхан тохижуулсан байлаа. Ингээд бид цааш явж зорилтот айлаа хайж байх үед усны тэрэг түрж, инээд хөөр болон явж байгаа хөвгүүдтэй таарав. Тэдэнд маск, сүү, чихэр өгч байрлуулаад олон хүүхэдтэй, тусламж шаардлагатай айл мэдэх эсэхийг асуухад гурван жаахан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйн гэрийг зааж өгөв. Тандагчийг нохойноос нь болгоомжлохыг сануулаад айлын дэргэд буулгав. Тандагч “Гурван хүүхэдтэй залуухан ээж байна. Тавилга, эд хогшил багатай, зүдрүүхэн айл байгаа учир бидний хайж буй зорилтот бүлэг мөн” гэлээ. Ингээд бид айлд орж бяцхан охидуудыг баясгав. Том охин өвлийн өвгөнд үсэг, тоо уншиж өглөө. Харин дунд охин жаахан ичингүйрч байгаад эгчтэйгээ хамт цэцэрлэгийнхээ шинэ жилээр бүжиглэсэн бүжгээ үзүүллээ. Дэрсхэн өсөж буй охидууд бие биеэндээ үлгэрлэн авьяас, чадвараа хуваалцан өсч буй мундаг хүүхдүүдэд өвлийн өвгөн гарынхаа бэлгээр мялаалаа. Охидуудын пүүз нугалаасаараа урагдсан байсан учир өвлийн гутал өгөв. Мөн нэг хайрцаг төмсөө гэрт нь орхив. Бид гэрээс гарч цасан охин, алиалагчийн хамт охидуудын ээжээс аж амьдрал ямар байгааг асууж лавлав. Охидууд ээж, аавдаа хайртай хэмээн өвлийн өвгөнд дуу нэгтэйгээр хэлж байсан. Гэтэл ээж “Аав нь хүүхдүүдээ орхиод явсан. Бид дөрөв энэ гэрийг сарын 20 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм. би жоохон хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй л байна. Хүүхдийн мөнгөөр л амьдарч байна даа” гэсэн байна. Энэ айл бол тусламж хүргэх нэн шаардлагатай айл учир судалгаанд онцгойлон тэмдэглэсэн юм. Тус айл хэдийгээр эд хогшил, тав тух муутай ч цэвэрхэн цэмцгэр байгаа нь цанаа л нэг олон охидуудтай айл гэлтэй. Сэргэлэн, бяцхан охидуудын дэргэдээс холдохыг хүсэхгүй байсан ч бид дараагийн айл руу хөдөллөө.

Айл-5. Гурван хүүгийн ээжээс тусламж шаардлагатай айл мэдэх эсэхийг асууж, зааж өгсөн айлд очив. Хашаа нь цэвэрхэн, гэр нь тухтай, элэг бүтэн сайхан ам бүл боловч ээжийнх нь хөл өвдөж, доголж явдаг учраас халамжийн үйлчилгээнд хамрагддаг байна. Биднийг ороход хүүхдүүд төдийгүй ээж, эмээ нь баярлаж, “Хүүхдүүд маань өвлийн өвгөн хэзээ ирэх юм гэж асуудаг байсан юм. Ингээд ороод ирнэ гэж санасангүй” хэмээн баяр хөөр болцгоов. Харин том хүү биднийг ороход хэсэг баяр хөөртэй байж байгаад гэнэтхэн уурлаж, уйлж эхлэв. Тэрээр одоо найман настай бөгөөд удахгүй нүдний хагалгаанд орох гэж байгаа гэнэ. Нүд нь өвддөг төдийгүй өвчнөөсөө болоод үе үе ухаан алдаж, татаж унадаг болсон гэдгийг ээж өгүүлэв. Хагалгаанд орсны дараа зүгээр болчихно гэсэн хэмээн итгэл тээн ярьж буй ээжийн нүдэнд нулимс цийлгэнэнэ. Гадна сайхан айл мэт боловч гэрт ороход олон асуудал байдаг учраас замд таарсан хүмүүсээс айл сураглан, мэдээлэлтэй очих хэрэгтэй болдгийг тандагч хэлсэн юм. Гишүүд илүү их мэдээлэл авч, зорилтот бүлгийн олон айлд очихын тулд хорооны нийгмийн ажилтнаас асууж тодруулаад очиход дутагдах, гачигдах зүйлгүй айл зааж өгөх тохиолдол байдаг гэнэ. Тиймээс өөрсдөө л эрж, хайж тандалт судалгаагаа сайн хийхгүй бол хэрэгтэй хүнд нь тусламж үзүүлж чадахгүй, нэг бяцхан зүрх бэлэггүй үлдээхгүй байхын төлөө ажилладаг болохыг сайн санаат өвлийн өвгөн, цасан охин, тандагч, алиалагч нар өгүүлж байв.
Айл-6. Цааш явж байх замд гурван литрийн сав хоёр гартаа барьсан хоёр хөвгүүн явж байв. Тэдэнд ороолт малгай, бээлий, сүүнээсээ өгөв. Тэгээд тандагч, алиалагч хоёр хүүхдүүдийн усыг авч ярилцаж явсаар гэрт нь хүргэж өгсөн юм. Тэдний олсон мэдээллээр өвөө, ээж, аав, ах дүүгийн хамт амьдардаг бөгөөд таван хүүхэдтэй айлын хүүхдүүд гэнэ. Хүүхдүүдийн хэлж байгаагаар том ах нь есдүгээр анги бөгөөд гэрээ орхиод алга болчихдог гэнэ. Ах нь 12 хоногийн өмнө гэрээсээ гарчээ. Аав, ээж нь заримдаа хүүхдээ хайгаад, хааяа хайлгүй орхичихдог болохыг хүүхдүүд хэлсэн байна. Түүнчлэн ах нь гэртээ ирэхээрээ дүү нараа зоддог болохыг ч хэлж байв. Тиймээс бид тус айл руу орохоор боллоо. Гэр уул өөд нэлээд өгсөж хүрдэг аж. Гэрт ороход баруун талд өвөө нь унтаж байв. Өвгөн согтуу байсан ч элдэв ааш авир гаргасангүй. Охин нь хүүхдүүдийнхээ хувцсыг угааж байлаа. Хөвгүүд өөрт байдаг авьяас чадвараа хэлж, үзүүлээд дулаан хувцас, бэлгээ гардан авлаа. Ингээд бид тус айлын гудамжинд тоглож байсан, гэрийнхээ хаалгаар өвлийн өвгөн ирснийг харж, шагайн зогсож буй хүүхдүүдийг дулаан хувцсаа өмсөөд гарч ирж бэлэг аваарай гэж дуудав. Гудамжны үзүүрт сүү, чихэр, ундаа тэвэрсэн бяцхан хүүхдүүд бужигнан хамтдаа зургаа татууллаа.

Айл-7 Харанхуй болж зам дагуу тусах гэрэл асч эхэллээ. Орой болсон учир тус өдрийн ажлаа дуусгаад бааз руу хөдлөхөөр болов. Түүнээс өмнө арванхоёрдугаар сарын 14-нд орсон аав, ээж нь хоёул архины хамааралтай хоёр хүүхдийн гэрт очиж гутал, хувцас өгөөд буцахаар боллоо. Тус айлын гэр доторх үнэр, аав, ээж байгаа байдал, эвдэрч хэмхэрсэн эд хогшил хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөх орчин огт биш байв. Энэ мэт архины хамааралтай болсон, хүүхдийг хүчирхийлэлтэй орчинд байлгаж буй өрхийн мэдээллийг хороо, дүүрэгт мэдэгдэн арга хэмжээ авах хэрэгтэйг зөвлөж зарим эцэг, эхийг архины хамаарлаас ангижрах сургалтад хамруулдаг байна.
“Лантуун дохио” ТББ-ын хийж буй уг арга хэмжээний нэгд, шинэ жилийн уур амьсгалыг хүүхдүүдэд мэдрүүлэх, хоёрт, хүчирхийлэл, эрсдэлийн суурь судалгаа хийдэг аж. Хүүхдүүдэд хүлээлт үүсгэсэн уг арга хэмжээг анх “Сэтгэлийн мянган бэлэг” хэмээх нэрээр зохион байгуулж байсан бол 2015 оноос “Ид шидийн уут” хэмээх нэр дор зохион байгуулж, хүүхдүүдэд өгөх бэлгээ сайн санаат хүмүүсийн тус дэмээр бүрдүүлдэг юм. Тэдний энэхүү үйл ажиллагаанд тусалсан хүмүүс, жил болгон уг арга хэмжээг чанартай зохион байгуулахаар ажиллаж буй “Лантуун дохио” ТББ-ын хамт олонд талархахгүй байхын аргагүй. Сайн санаат хүмүүсийн дэмээр шинэ жилийн баяр баяслыг мэдэрч чадахгүй байгаа бяцхан хүүхдүүдэд туслах энэхүү аян удаан үргэлжилж, олон айлыг зорилтот, эрсдэлтэй айл бус энгийн өрхийн тоонд багтаасай. Бидний орсон айлууд дараа жил элэг бүтэн, хөөр баяр, аз жаргалаар дүүрэн байх болтугай.