Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

‘Alibaba’-гийн интернэт хөтөч Хятадын ‘App Store’-уудаас устгагджээ

‘Alibaba’-гийн интернэт хөтөч Хятадын ‘App Store’-уудаас устгагджээ
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 17
Хятадын “App Store”-ууд Коммунист намын эрх баригчидтай зөрчил үүсгэх болсон “Alibaba Group”-ын “UC Browser” интернэт хөтчийг өөрсдийн платформуудаас устгасан байна.
Тухайлбал, Хятадын технологийн салбарын тэргүүлэгч “Huawei”, “Xiaomi” тэргүүтэй компаниуд өөрсдийн “Android” үйлдлийн системд зориулсан “App Store”-оос “UC Browser”-ыг устгаснаар хэрэглэгчид уг интернэт хөтчийг татаж авах боломжгүй болжээ. Харин Хятад дахь “Samsung” болон “Apple”-ийн “App Store”-ууд дээр “Alibaba”-гийн интернэт хөтчийг татан авах боломжтой хэвээр байгаа аж.
Хятадын төрийн өмчит “CCTV” телевизийн нэвтрүүлэг саяхан “UC Browser”-ын хайлтаар тус улс дахь улсын эмнэлгүүдийг хайхад тэдний веб сайтуудын оронд алдартай хувийн эмнэлгүүдийн төлбөртэй онлайн зар сурталчилгааг харуулдаг гэж шүүмжилж байв. Энэ талаар “UC Browser”-ыг хөгжүүлэгч “UCWeb” компанийн төлөөлөгч “Бид нэвтрүүлгээр хөндсөн асуудалд өндөр ач холбогдол өгч, гарсан алдааг богино хугацаанд зассан. Мөн нэвтрүүлэгт дурдагдсан хууль бус онлайн зар сурталчилгааны агуулгыг нэн даруй устгасан. Бид цаашид агуулгын тоймыг улам бүр сайжруулж, илүү хариуцлагатай, илүү сайн стандартын дагуу мэдээллийн үйлчилгээг үзүүлэх болно” гэсэн байна.
Харин барууны хэвлэлүүд Хятадын “App Store”-ууд “UC Browser”-ыг устгасан явдлыг сүүлийн саруудад Бээжингийн эрх баригчид болон “Alibaba Group”-ын удирдлагуудын дунд үүссэн зөрчилтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Тухайлбал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хятадын эрх баригчид “Alibaba Group”-ын цахим төлбөр тооцооны “Ant Group” компанийн олон улсын хөрөнгийн зах зээлд 37 тэрбум ам.долларын “IPO” гаргах ажилд хориг тавьсан. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гаригт хяналтгүй өсөж байгаа технологийн томоохон компаниудын эсрэг авах үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа талаар мэдэгдсэн. Тэрээр Хятадын эрх баригч Коммунист намын эдийн засгийн комиссын хуралд оролцох үеэрээ “Alibaba”, “Tencent”, “Baidu Inc.” тэргүүтэй технологийн томоохон компаниудын үйл ажиллагааг хяналтад оруулж, зах зээлийн шударга өрсөлдөөн, өгөгдөлтэй холбоотой оюуны өмчийн асуудлуудыг цаашид цэгцлэхээ илэрхийлсэн юм. Үүнээс өмнө БНХАУ-ын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Tencent”, “Baidu”, “Didi Chuxing” болон “ByteDance” зэрэг технологийн 12 компанид хууль бус монополь үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр тус бүр 500 мянган юанийн торгуул ногдуулаад байв.
Эх сурвалж: CNBC  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн