Азын гэгдэх тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг худалдах анхны нээлттэй цахим дуудлага худалдаа даваа гаригт зохион байгуулагдаж, “0001 УАР” улсын дугаарыг 427.45 сая төгрөгөөр худалдсан. Эхний өдрийн дуудлага худалдаагаар нийт 20 азын дугаарыг 680 сая төгрөгөөр худалдсан юм.
Олон улсад онцгой дараалалтай, эсвэл тухайн улсын соёлд бэлгэдэл утга агуулсан автомашины улсын дугаарыг дуудлага худалдаагаар худалдах практик түгээмэл байдаг. Тиймээс дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үнэ хүрсэн таван автомашины улсын дугаарыг танилцуулж байна.
Ливан гаралтай Английн бизнесмэн болох Набил Бишара 2009 онд эхнэртээ романтик бэлэг барих зорилгоор “Rolls-Royce Phantom Coupé” автомашинд нь “1D” улсын дугаарыг 389 мянган еврогоор худалдан авч өгчээ. Сонирхолтой нь түүний дуудлага худалдаагаар авсан дугаарын үнэ тансаг зэрэглэлийн “Rolls-Royce Phantom Coupé” машины үнэтэй бараг дөхөж байгаа юм. Мөн Набил Бишарагийн эхнэр Английн алдарт “One Direction” хөвгүүдийн хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч байсан тул “1D” дугаарыг худалдаж авч өгсөн гэх цуурхал гарсан ч тэрээр уг хамтлаг байгуулагдахаас нэг жилийн өмнө дугаарыг аль хэдийн өөрийн болгосон байжээ.
4. X 1 – 502 мянган фунт стерлинг
Нэрээ нууцалсан нэгэн эрхэм 2012 онд Английн “X 1” гэх улсын дугаарыг дуудлага худалдаагаар хагас сая фунт стерлингээр худалдан авсан байна. Их Британийн тээврийн хэрэгслийн бүртгэлд уг дугаар “Mercedes-AMG CLA 45” машин дээр бүртгэгдсэн байдаг аж. Тэгвэл зах зээлийн ханшаар өнөөдөр 502 мянган фунт стерлингээр 10 ширхэг “Mercedes-AMG CLA 45” машиныг худалдах авах боломжтой юм. Хамгийн гайхалтай нь одоо “X 1” улсын дугаарыг эзэмшигч уг дугаараа ямар нэгэн машинд ашиглахгүй байгаа бөгөөд Английн “autocar.co.uk” вебсайтын тооцоолсноор хэрэв тэрээр уг дугаараа зарсан тохиолдолд өнөөдрийн зах зээлийн ханш нь нэг сая фунт стерлинг болж анх худалдан авсан үнээсээ 2 дахин өссөн байна.
3. 25 0 – 518 мянган фунт стерлинг
Италийн тансаг зэрэглэлийн “Ferrari” спорт автомашин цуглуулагч Жон Коллинс гэх Англи эр 2014 онд Их Британийн домогт рок од Эрик Клаптоны унаж байсан “Ferrari 250 SWB” автомашиныг 23 сая фунт стерлингээр худалдан авсан байна. Үүний дараа тэрээр цуглуулгынхаа хамгийн шилдэг машиндаа “25 0” гэх улсын дугаарыг 518 мянган фунт стерлингээр худалдан авсан байна. Хаалттай дуудлага худалдаагаар “Ferrari”-гийн домогт “250 GTO” загвар дээд тал нь 70 сая ам.доллар хүрч байжээ.
Арабын нэгдсэн Эмиратын иргэн Талал Али Мохаммед Хоури гэх эр 2007 онд өөрийн “Rolls Royce” автомашинд зориулж ганц оронтой “5” гэх улсын дугаарыг дуудлага худалдаагаар 4 сая ам.доллараар худалдан авсан байна. Тэрээр дуудлага худалдаанд өөрийн 6 “Rolls Royce”-д өвөрмөц дугаар авахаар очсон бөгөөд “55” гэх дугаарыг мөн өөрийн болгосон байна. Сонирхолтой нь тэрээр “5” гэх тоо түүний амьдралд ямар ч онцгой бэлгэдэлгүй талаар ярьж байжээ.
1. 1 – 14.2 сая ам.доллар
Мөн Арабын нэгдсэн Эмиратын иргэн Саид Абдул Гаффар Хури гэх хүн 2008 онд “1” гэх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дуудлага худалдаагаар 52.5 сая дирхам буюу 14.2 сам.доллараар худалдан авсан нь дэлхийн хамгийн үнэтэй автомашины улсын дугаарт тооцогдож байна. Дуудлага худалдааны дараа ноён Хури нэгийн тоо бол хамгийн шилдэг, ялагч гэх утгыг илэрхийлдэг бөгөөд өөрийнхөө ээлтэй дугаар гэж итгэдэг учир үнэ харамлалгүй худалдан авсан гэх тайлбарыг хийжээ. Дуудлага худалдаанаас олсон орлогыг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах сайн үйлсэд хандивласан байна.
Арабын нэгдсэн Эмират улсад нийтийн тээвэр төдийлөн байдаггүй бөгөөд хүмүүсийн унаж яваа машин болон улсын дугаар нь тухайн хүний нэр хүнд, нийгмийн байр суурийг илэрхийлэх чухал ач холбогдолтой байдаг аж. Тиймээс Саид Абдул Гаффар Хуригийн нийгмийн байр суурийг түүнийг дэлхийн хамгийн үнэтэй дугаар маш тодорхой илэрхийлэх нь гарцаагүй юм. Харамсалтай нь Гаффар Хури дуудлага худалдаагаар авсан дугаараа 31 сая дирхам буюу 8.4 сая ам.доллар гэж мэдүүлэн банкны залилан үйлдсэн хэргээр 3 жилийн хорих ял авчээ. Хэдий үүний дараа Гаффар Хури “1” дугаараа өөртөө үлдээсэн ч Генисийн амжилтын ном түүнийг хамгийн үнэтэй тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар худалдан авсан жагсаалтын тэргүүн байраас хассан байна.
BU66ETY – 5.1 сая фунт стерлингээр үнэлэгдэж байна
Тэгвэл дэлхийн хамгийн өндөр үнэтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын Геннисийн амжилтыг Их Британийн тээврийн хэрэгслийн бүртгэлд 2019 онд орж ирсэн “BU66ETY” гэх дугаар эвдэх магадлалтай байгаа аж. Францын тансаг автомашин үйлдвэрлэгч “Bugatti” компанийн гүйцэтгэх захирал Стефан Винкелманны мэдэгдсэнээр дэлхий даяар “Bugatti”-г эзэмшигч нэр хүндтэй эрхмүүд уг дугаарыг авах хүсэлтээ ирүүлсээр байгаа аж. Гэвч тус компани уг дугаарыг эзэмшдэггүй болохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Их Британид дуудлага худалдаагаар 5.1 сая фунт стерлингээс эхлэн дуудагдах төлөвтэй байгаа аж.
Зөвхөн захиалгаар, цөөн тоогоор үйлдвэрлэгддэг супер тансаг зэрэглэлийн “Bugatti La Voiture Noire” автомашин 18.7 сая ам.долларын зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн үнэтэй автомашинд тооцогдож байгаа юм. Тэгвэл уг жагсаалтад “Bugatti Centodieci” 9 сая ам.доллараар 4-т, “Bugatti Divo” 5.8 сая ам.доллараар 6-д, “Bugatti Chiron Super Sport 300+” 4 сая ам.доллараар 10-т, Bugatti Veyron 3.4 сая ам.доллаар 15-д тус тус бичигдэж байна. Тиймээс дэлхийн хамгийн үнэтэй автомашин эзэмшигчид хамгийн үнэтэй улсын дугаарын төлөө өрсөлдөх нь тийм ч онцгой содон зүйл биш юм.
Эх сурвалж: Catawiki, autocar.co.uk, primoregistration.co.uk, drivetribe, issuewire