Дэлхийн шилдэг их сургуулиудын топ гуравдугаарт жагсдаг Стэнфордын их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн Ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн 12а ангийн сурагч Б.Нинжинтэй ярилцлаа.
-Баяр хүргэе. Анх хэзээнээс Стэнфордийн их сургуульд бэлдэж эхэлсэн бэ?
-Би 2-3 жилийн турш бэлдсэн. Энэ хооронд өөрийн хувийн портфолио, нийгмийн идэвх, эссэ зэрэгтээ анхаарсан. Сүүлд оны өмнөхөн арваннэгдүгээр сард өөрийн өргөдөл дээрээ маш сайн тулж ажилласан.
-Бэлдэж эхэлж байх явцад юу юун дээр түлхүү анхаарч байсан бэ. Бэлдэж явахад хамгийн хэцүү байсан зүйл нь юу вэ?
-АНУ-ын их сургуулиуд руу хүсэлт явуулахад хамгийн чухал зүйлс бол эссэ, нийгмийн идэвх, сайн дурын ажил, SAT оноо, төгссөн сургуулийн голч оноо зэрэг байдаг. Үүнд маш удаан хугацаагаар анхаарсан.
Бэлдэж байх хугацаанд шантрах явдал олон удаа гарч байсан. Хамгийн хэцүү зүйл нь эссэ бичих байсан даа. Тухайн үед яг юуны талаар, яаж бичихээ сайн мэдэхгүй, сонгож чадахгүй. Мөн яаж бичвэл Стэнфорд намайг сонгох вэ гэдэгт их эргэлзсэн. Үүнээсээ болоод ч ядаргаанд орж, стресстэх үе ч байлаа. Гэхдээ найз нөхөд багш нараасаа байнгын дэмжлэг туслалцаа авдаг байсан нь надад эергээр нөлөөлсөн.
-Эссэгээ бичихдээ юунд анхаарч, ямар арга барилаар бичсэн бэ?
-Стэнфордод нийт 10 төрлийн эссэ бичсэн. Бүгд өөр өөрийн гэсэн сэдэв, онцлогтой байсан. Эссэний тал нь урт байсан бол, үлдсэн хувь нь богино 50 үгтэй эссэ байсан. Асуултуудын хувьд “Манай дэлхийд, нийгэмд юу өөрчлөгдөх хэрэгтэй гэж чи бодож байна, эсвэл өнгөрсөн хоёр жилийн зун чи юу хийсэн бэ, Өөрийгөө ямар хүн гэж үздэг вэ зэрэг сэдэвтэй байсан.
Миний хувьд эссэг минь унших хүнд өөрийгөө хэрхэн оновчтой, тодорхой илэрхийлэх вэ гэдэгт анхаарсан. Илэрхийлэхдээ ямар үг, хэлц ашиглах вэ гэдгээ нухацтай бодож, олон удаа засаж, устгасаар явуулсан даа.
-Стэнфордоос өөр сургуулиуд руу хүсэлт явуулсан уу?
-Нэг хүүхэд 20 сургууль руу явуулах боломжтой байдаг. Иймд 20 сургууль руу явуулсан. Ингэхэд Стэнфордоос гадна University of Denver, Gordon college, University of New Hampshire зэрэг их сургуульд тэнцсэн юм. Стэнфордыг сонгосон шалтгаан бол мэдээж энэ сургуулиудаас хамгийн өндөр зэрэглэлийн, топ их сургууль. Дэлхийд чансаагаараа эхний гуравт ордог учир өөр сургууль сонгох ямар ч шалтгаан байгаагүй.
Миний хувьд багаасаа л сайн сургуульд сурч бакалавр, магистр, доктороо хамгаалахыг мөрөөддөг байсан. Үүндээ хүрч чадаж чадсандаа маш их баяртай байна.
-Тэнцсэн гэх хариугаа хэзээ авсан бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?
-Би нэгдүгээр сарын 5-нд бүх хүсэлтээ бүрдүүлж явуулаад дөрөвдүгээр сарын 2-ны Монголын цагаар өглөөний 7:00-д хариугаа и-мейлээр авсан. Би и-мейлээ шалгахаас өмнө нэг их юм горьдоогүй байсан. Мэдээж том сургууль болохоор орох боломж бага байх л гэж бодсон. Гэтэл нээгээд үзтэл “Баяр хүргэе, та тэнцсэн” гэсэн бичиг гараад ирсэн. Үүнийг уншихад гурван сарын турш хуримтлагдсан дарамт, ядаргаа бүрмөсөн алга болж, оронд нь сэтгэл минь баяр хөөрөөр дүүрч тэр долоо хоногтоо их л хөөрсөн хүн явсан даа. Үнэхээр гурван жилийн турш мэдрээгүй амар тайванг “тэнцсэн” гэх энэ ганцхан үгнээс л мэдэрсэн. Тухайн үед хичээсэн, зүтгэсэн, суралцсан бүхэн минь үр дүнгээ гаргаж, үүнийг нь хүртлээ дээ гэж бодогдсон.
Тэнцсэн талаарх мэдээг хамгийн түрүүнд ээж аавдаа хэлсэн. Тэр хоёр их баярласан. Ээж бараг л уйлахаа дөхсөн. Бид гурав гурвуулаа тэврэлдээд баяраа тэмдэглэсэн. Дараа нь найз, нөхөд ангийнхантайгаа уулзаад бас тэврэлдээд, их баярласан, хөөрсөн хүүхдүүд ЭЕШ-даа орсон доо.
-Тэтгэлэг, гадаадад сурахад бэлдэж байгаа хүүхдүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Миний хамгийн том зөвлөгөө гэвэл эрт эхлээрэй гэж зөвлөмөөр байна. Эрт эхэлбэл чамд хугацаа байгаа. Би орой эхэлсэн болохоор хугацаа бага байсан. Ингээд өргөдлөө явуулсны дараа өөрийгөө бүрэн сайн илэрхийлж чадсан уу, үгүй юү гэдэгтээ их эргэлзсэн. Иймээс эртнээс эхэлж тэр бүх зүйлээ төлөвлөж, бичих зүйлээ засчихвал сайн.
-Хүүхдүүд ихэвчлэн том сургуульд өргөдөл өгвөл тэнцэх болов уу гэж эмээдэг. Хугацаа алдах байх ч гэж боддог. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ?
-Энэ асуудал надад ч бас тулгарч байсан. Шилдэг их сургуульд нь өргөдөл өгөөд өгөөд тэнцсэн хариу авахгүй бол ямар хэрэгтэй вэ гэх бодол хүн бүхэнд л төрдөг байх. Гэхдээ хамгийн гол нь бид оролдож үзээгүй болохоор сайн ирээдүйд юу болохыг мэдэхгүй шүү дээ. Оролдож үзээгүй зүйлийнхээ араас харамсах нь утгагүй. Аливаа зүйлийг тултал нь тухайн цаг үед нь өөрийн чадах хэрээр хийгээд яваад байвал бүтэх магадлал их. Миний амьдралын зарчим бол харамсахгүйгээр амьдрах юм. Үүгээрээ амьдрахыг ч хичээдэг. Чадахаараа хийгээд тэнцээгүй байсан ч чамд тухайн үеийн хичээл зүтгэлийн ур чадвар, сурсан зүйл чинь үлдэнэ. Чадаагүй ч гэсэн хичээсэн, оролдсон болохоор сэтгэл ханамжтай яваарай.
-Стэнфордын сэтгэл судлалын ангийг сонгосон гэж дуулсан. Яагаад энэ чиглэлээр суралцахаар болсон бэ?
-Хүний талаарх мэдлэг, сэтгэл зүй гэдэг хамгийн сонирхолтой санагддаг. Би бага нас, өсвөр насны хүүхдийн сэтгэл судлал дээр голчлон их анхаарахыг хүсдэг. Манай улс болон нийгэм маань хүүхдийн сэтгэл зүй, хөгжил боловсролд төдийлөн сайн анхаарч чаддаггүй. Иймд энэ чиглэлд анхаарч, суурийг нь тавья гэж боддог.
-Үеийн залуусдаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Том мөрөөд. Мөрөөдөл биелдэг юм шүү гэж хэлмээр байна. Мөрөөдсөнөөрөө чи юу ч алдахгүй. Мөн хичээгээд, хичээгээд юу ч алдахгүй. Хүссэн үр дүндээ хүрээгүй байж ч болно, гэхдээ хичээсний үр дүн бол байж л байгаа. Сурсан мэдлэг, туршлага чинь амьдралд хамгийн чухал хэрэг болно. Иймээс мөрөөдөөд, хичээгээд л байгаарай.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Гадаадад эзэмшсэн мэдлэг боловсролын үр шимээ Монголдоо суурьшуулах болно. Миний туйлын зорилго бол боловсролын яаманд ажиллах, бүр боломжтой бол Боловсролын сайд ч болмоор байна. Ерөнхийдөө ирээдүйд хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлд л ажиллахыг хүсдэг. Монголын боловсролын системийг шинэчилж хүүхдүүдэд хамгийн зөв аргаар боловсрол эзэмшүүлэхэд нь тусалмаар байна. Миний цаашдын томоохон мөрөөдөл, зорилгын нэг бол Монголын боловсролын системийг дэлхийд тэргүүлдэг болгох юм. Яг л бидний өдөр бүр сонсдог Нидерланд, Норвеги, Англи, Америк, Швейцар зэрэг улсын нэгэн адил Монгол Улсаа эд нарын дунд оруулмаар байна. Үүнд би өөрийн хувь нэмрээ оруулахыг зорино.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.