“High Garden” ургамлын цай тариалагч, агрономич А.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрээр өглөөнөөс эхлэн хүнд уух зүйлийн сонголт олон байдаг бөгөөд цай өдрийн уух ёстой зүйлсийн жагсаалтад нэг удаа ч болов орох хэрэгтэй хэмээн ярьж байна.
-Та хамгийн түрүүнд цайны соёлын талаар ярьж өгч болох уу. Монголчууд ямар цайны соёлтой байсан юм бэ?
-Цай Хятадаас үүсэлтэй. Хамгийн эртний цайны соёл бол Хятад улсынх. Азийн орнууд бүгдээрээ цайны соёлтой. Хятадаар дамжин Японд цайны соёл бий болж, Японоор дамжин Европын улсуудаар хөгжсөн юм. Улс орнуудын цайны соёл нь тухайн улсын хэв маяг, амьдралын чанараас хамаараад янз бүр байдаг. Япончууд цайны ёслолыг үйлдэхдээ их удаан хугацаагаар үйлддэг. Цайг бэлтгэхдээ бид өөр дээрээ төвлөрөөд, уух цайныхаа амтыг бодоод бясалгалд ордог. Цайны ёслолд чухал гурван зүйл бий. Нэгдүгээрт, хэрэглэж буй цайны чанар. Хоёрдугаарт, цайны хэрэгслүүд. Гуравдугаарт, цайны ёслол үйлдэж байгаа хүн. Энэ гурван зүйл сайн байх тусмаа цай амттай болдог.
Харин манай улсыг сурталчилж дэлгэрүүлээгүй ч гэсэн асар өндөр цайны соёлтой орон гэж үздэг. Монгол гэрийн эзэгтэй өглөө нэг, үдээс хойш нэг гээд өдөрт хоёр удаа, хэрвээ зочин ирвэл шинэ цай чанадаг. Бид идээний дээж цай гэж хүндэтгэн морь, хониор бартертаж авдаг байсан. Үүнээс гадна таван салаа, боролзгоно зэрэг эмийн ургамлуудыг бэлтгэн, хандалж уудаг байлаа. Үүнийг сүүлийн 70-аад жил ургамлын цай гэж авч үзэн, хөгжиж байна. Гэтэл монголчууд олон жилийн өмнөөс ургамлын цайг олоод нээчихсэн, хэдийнээ хэрэглэдэг болсон байсан.
-Ногоон цайг сэрүүн чанартай учир зун уувал зүгээр гэдэг. Одоо хавар солигдож байгаа энэ үед ямар цай уувал зүгээр вэ?
-Жилийн дөрвөн улиралд бид улирал бүрийн өмнө дархлаагаа дэмжих байдлаар цай ууж болно. Одоо хавар солигдож байгаа учир халгайтай цай ууж болно. Халгай нь дархлааны системийг хүчтэй дэмжиж өгдөг. Тавдугаар сард халгай 4-5 хуруу ургасан байгаа. Энэ үед нь бэлтгэж, халгайн цай, халгайтай шөл, хоол хийж идэж болно. Монголд ингэж бэлтгэн хэрэглэх боломжтой эрүүл мэндийн 800 гаруй төрлийн ургамал бий. Үүнээс 70 гаруйг нь шууд хэрэглэх боломжтой ч ургамал бүрийн эмт чанар, давуу талыг судалж мэдээд уух нь хэрэгтэй. Эмийн ургамлыг 90-95 хэмийн усанд хандалж уувал тухайн ургамлын эмт чанарыг хамгийн их авна. Мөн тухайн ургамлыг хэзээ бэлтгэх вэ гэдэг чухал. Ургамал бүр хамгийн өндөр шим тэжээлтэй үе, хортой үе гэж бий.
-Өөрийн эрүүл мэндийг дэмжих, сэргэхийн тулд ямар цай хэрэглэвэл зохистой вэ?
-Ганга ханиад томуунаас сэргийлэхийн сацуу уушгийг маш сайн цэвэрлэдэг учир гангатай цай ууж болно. Чихэр өвс дотор эрхтэн системийг дэмждэг. Дан ургамлаар нь удаан хэрэглэх боломжгүй учир цайгаар хэрэглэвэл илүү зөөлөн байна. Өдөр болгон ажилдаа ядраад байвал цус цэвэрлэх үйлчилгээтэй гүргэмийн цай ууж болно. Уугаад унтвал шөнө бидний бие сайн амарч өгнө. Мөн цайны ургамлаар хийдэг хар, цагаан, улаан, ногоон цайг өдрийн 17.00 цагаас өмнө алийг нь ч уусан болно. Эдгээрт 15-40 хувийн кафэйн агуулагддаг учраас сэргээх чанартай байдаг. Тиймээс зунд хандлаад хүйтнээр нь уувал зүгээр. Хүний бие өдөр болгон өөр өөр амт хүсдэг. Цайны давуу тал нь өдөрт хэдэн ч аягыг уусан хэтрүүлэн хэрэглээ болдоггүй.
-Сайхан цай хийж уухын давуу тал нь юу вэ?
-Монголчууд ихэвчлэн жимсний цайнд их дуртай байдаг юм билээ. Хүн өөртөө цай бэлдэх цаг гаргах нь хамгийн чухал зүйл. Нэгдүгээрт, хүн дархлааны системээ хэрхэн дэмжих вэ гэдэг боловсролтой болж байна. Хоёрдугаарт, цайгаа бэлтгэх үедээ өөртөө цаг гаргаснаараа сэтгэл зүйн хувьд тайвширч өөрийн орон зайтай болж байна. Гуравдугаарт, цайг заавал ганцаараа биш олуулаа ууж болно шүү дээ. Ямар нэгэн уулзалт, найзуудын дунд цай байснаараа халуун дулаан уур амьсгалыг бий болгодог. Хүн өглөө босоод уух зүйлийн сонголт маш их байдаг. Цай гэдэг тухайн өдрийн уух зүйлсийн жагсаалтад нэг удаа ч гэсэн орж байвал сайн.