Open iToim app
Анализ | 5 мин уншина

Оюутолгойн гэрээний 10 жилийн ойд барьсан 'гэнэтийн бэлэг' ба Дубайн гэрээг цуцлах санал

Оюутолгойн гэрээний 10 жилийн ойд барьсан 'гэнэтийн бэлэг' ба Дубайн гэрээг цуцлах санал
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 7
Монголчуудын хувьд нэгэн чухал өдөр өчигдөр буюу аравдугаар сарын 6-нд  тохиосон нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны 10 жилийн ой байв. Гэвч төр засаг, Оюутолгойнхон өөрсдөө энэ өдрийг таг чимээгүй өнгөрөөв. Аль аль нь баяр болгож тэмдэглэсэнгүй. Харин ч эсрэгээрээ, олон нийтэд мэдэгдэхгүй гэсэн мэт ганц мэндчилгээ ч үгүй өнгөрөөв.
Гэтэл  Монгол Улсын эдийн засагт эзлэх байр суурь, уг төслөөс гарах ирээдүйн үнэ цэнийг тооцвол энэ нь яах аргагүй том үйл явдал байлаа. УИХ-ын зүгээс Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулсан ба дүгнэлтээ хэлэцэж чадахгүй байгаа юм. Хэлэлцэж чадахгүй, хэлэлцэхгүй байгаагийн цаад учрыг мэдэхгүй ч, эх сурвалжийн мэдээлж буйгаар Дубайн гэрээг цуцаж үндсэн гэрээнд нийцүүлэх ёстой гэж ажлын хэсэг үзсэн бололтой юм. Өөрөөр хэлбэл, манай төр засгийн зүгээс Оюутолгойн гэрээний 10 жилийн ойд барьж буй “мэндчилгээ” нь Дубайн гэрээг цуцлах гэнэтийн бэлэг байв. 
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар 2009 онд Оюутолгойн анхны хувь эзэмшигч “Ivanhoe Mines” болон одоогийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулж байсан түүхтэй.
Оюутолгойн компанийн веб хуудсанд төслийн талаарх эерэг мэдээлэл түгээх зорилгоор 2011 онд байршуулсан хөрөнгө оруулалтын гэрээний онцлох заалтуудын хэрэгжилтийг өнөөдөр дүгнэвэл ийм байх аж.   
1. Оюутолгой нь дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны хүдрийн биет бөгөөд одоогоор тогтоогдсон нөөцийг үндэслэн 60 гаруй жил ашиглах боломжтой гэж тооцож байна. 2011 оны эцэс гэхэд Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд Оюутолгой төсөлд нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байх бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хүртэлх хугацаанд хайгуул, үнэлгээний ажилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан юм гэжээ.
Өнөөдрийн хувьд Оюутолгой төсөлд Айвенхоу Майнз компани ямар ч оролцоогүй болсон гэдгийг бүгд мэднэ. Тиймээс дээр дурдсан 4,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүгд дэлхийд тэргүүлэх уул уурхай эрхлэгч болох “Рио Тинто” компанийн Оюутолгойд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хариуцлага юм. Ингээд 2010 онд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш тус компани Монгол Улсад ажил эрхлэлт, ханган нийлүүлэлт, нийгмийн хөрөнгө оруулалт хэлбэрээр нийт 8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд анх тооцоолж байснаар 2020 онд далд уурхайн олборлолтыг эхлүүлнэ гэж төлөвлөж байхдаа энэ тоог 12 тэрбум ам.доллар болно гэж тооцоолжээ.
Харин энэ хугацаанд “Рио Тинто компани” нь Монгол Улсад 1,6 тэрбум, туслан гүйцэтгэгч нараа оролцуулаад нийт 2,5 тэрбум ам.долларын татвар төлсөн аж.
2. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34%-ийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд энэхүү хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Мөн Засгийн газар өөрийн эзэмшлийн хувь хэмжээг 50% хүргэж нэмэгдүүлэх сонголт хийх боломжтой гэж заасан байдаг.
Харин өнөөдөр Монгол Улсын эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийг ач холбогдол бүхий орд газрын эзэмшлийг тодорхойлохдоо энэ тоог 50 болон түүнээс дээш хувиар эзэмшиж болох хувилбарыг ярьж буй.
3. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн үр ашгийн ихэнх хэсгийг татвар хураамж, байгалийн баялаг ашигласны татвар (роялти) болон ногдол ашгийн хэлбэрээр хүртэнэ гэж тусгасан байдаг. Өнөөдөр уг төслийг тойрсон асуудалд Оюутолгойн 66 хувийг эзэмшигч болох Туркоз Хилл Майнинг компанийн хөрөнгө орлогын тайланд олон нийт итгэлгүй ханддаг. Тэгвэл толгой компани болон хариуцлагатай уул уурхайн хүрээнд олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй байдаг улирал тутмын тайлангаа Рио Тинто компани улам хүртээмжтэй болох шаардлагатай харагдаж байна.
4. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн үр ашгийн ихэнх хэсгийг татвар хураамж, байгалийн баялаг ашигласны татвар (роялти) болон ногдол ашгийн хэлбэрээр хүртэнэ гэсний дагуу энэ хугацаан дахь Монгол Улсын үе үеийн Засгийн газар уг төсөлд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй.
5. Оюу Толгой Монголчуудад мянга мянган ажлын байр, бизнесийн боломжуудыг бий болгоно. Оюу Толгой нь хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогчдын нэг бөгөөд одоогоор 8000 гаруй ажиллагсадтайн зэрэгцээ сургалт, ажлын байрны боломжуудыг бий болгосоор байна. Монголчуудыг ажилд авах, сургаж дадлагажуулах нь бидний тэргүүлэх зорилт юм. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уурхайн ашиглалтын жилүүдэд 10 ажилтны 9 нь монголчууд байна гэжээ. Тэгвэл Эрдэнэс Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтын хэлснээр өнөөдрийн байдлаар тус уурхайн үндсэн олборлох үйл ажиллагаан дээр 3.000, гүний уурхайн бүтээн байгуулалт дээр 14.000 хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монгол ажилчид аж.
6. Монголын олон зуун аж ахуйн нэгж, хувь хүмүүс Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байна гэж заагдсан байна. Өнөөдрийн хувьд уг төсөлтэй холбоотой шүүмжлэгдэж буй нэг сэдэв нь дотоодын ханган нийлүүлэгчдээс хангалттай хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ авахгүй байна гэх гомдол юм. Энэ тал дээр талууд болон олон нийт өөр өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлттэй. Хамгийн гол нь Оюутолгойн төсөл дээр авч буй ханган нийлүүлэлтийн ажлууд тодорхой нэг эрх мэдэл, мэдээлэлтэй хүрээнд очиж хүртээмж нь иргэд, олон нийтэд хүрэхгүй байгаа нь энэ асуудал тасрахгүй яригдсаар байгаа нэг шалтгаан нь болов уу.
7. Уурхайг дагасан дэд бүтэц тэр дундаа зам, эрчим хүч, ус, агаарын шугамууд нь Өмнийн говийн бүсийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно гэж заагдсан хэсэг дээр олон нийт хамгийн их шүүмжлэл дагуулах нь гарцаагүй. Арга ч үгүй. Учир нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг дагасан Эрдэнэт хот 30 жилийн дотор боссон харьцуулалт Монголчуудад байна. Мэдээж говийн бүсэд уул уурхай эрхэлж буй гэдэг утгаараа ус, олборлолтод тулгарах бодит бэрхшээл зэрэг хөрөнгө оруулагчдын зүгээс хэлдэг гомдлыг тооцож болох ч Эрдэнэтээс 3 дахин их нөөцтэй гэх утгаар нь төдий хэмжээний том хот, бүтээн байгуулалт шаардах нь зүй ёсны хэрэг. Гэсэн ч эцсийн дүндээ буюу анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойших 10 жилийн хугацаанд Оюутолгойн уурхай урд хөршөөс эрчим хүчээ татсан хэвээр л байна.
 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний онцлох цөөхөн заалтын хэрэгжилтэд шууд үнэлэлт дүгнэлт өгөхөд иймэрхүү. Энэ бүхнээс харахад Рио Тинтогийн Монгол Улсад амласан амлалтын хэрэгжилтийг 10 жилийн дараа дунд гэж дүгнэж болохоор. Тус компани нь энэ хугацаанд Засгийн газрын шаардлагад нийцсэн бэлэн мөнгөний амлалтуудаа биелүүлснээс бус ирээдүй хойчид үлдэх жинхэнэ хариуцлагатай уул уурхайд хойргодуу хандаж буйг олон нийт шүүмжилдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн