УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.40 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын нэгдсэн чуулган 15.10 цаг
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Цэцийн тогтоолын үр дагавар маш муу. Тэд гэмт хэрэг хийсэн байж магадгүй. Харин энэ захиалгыг хэн өгөв. Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна вэ. Үүнийг шалгуулах ёстой. Хэрвээ та бүгд шалгуулахгүй гэвэл ард түмний төлөөлөл учир шалгуулъя. Бүх зүйлийг эсрэгээр нь шийдээд байна. Үүний үр дагавраар олон сайд солигдох байх. Баахан л дарга, сайд болох нь. Энэ ачааг ард түмэн даахгүй шүү.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Бид онолын, эрх зүйн, улс төрийн практикын хэцүү асуудалтай тулаад байна. Энэ нь ганцхан монголд байгаа юм биш. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцэж байна уу гэдгийг Цэц хянах ёстой юу, үгүй юу гэдэг асуудал яриад байна. Дэлхийн улс орнууд янз бүрээр шийддэг учир монголд заавал ийм байна гэх боломжгүй. Монголчууд бид 1999 онд процессын талаас нь хянаж үзсэн. Дараа нь агуулгын хувьд хянаж болох юм байна гэж үзсэн. Гэтэл тэрийгээ хоёр магадлал гаргаад хүчингүй болгосон. Гэтэл саяхан Цэц дахиад магадлалаа хүчингүй болгоод агуулга талаас нь хянаж болох юм байна гэдэг шийдвэр гаргачихлаа.
Дэлхийн улсуудыг авч үзвэл, ҮХНӨ нь Үндсэн хуулийн суурь бүтцийг хөндөж байгаа эсэхийг шалгахыг зөвшөөрсөн улсууд бий. Бид энэ асуудлын нэг талд гарах ёстой. Манай хуулиудад бол “ҮХНӨ-ийг Цэц хянахгүй” гэдэг агуулгаараа туссан. Тиймээс энэ хуулийн төслийг өргөн барьснаар цаашид Цэц ҮХНӨ нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан хэлэлцэхгүй гэж тусгаж буй юм.
“Давхар дээл”-ийн асуудлыг нэг тийш болгомоор байна. Үүнийг хэдүүлээ шийдээд дахиж энэ асуудлыг хөндмөөргүй байна.
Г.Занданшатар: Т.Доржханд аа, нэг намын дарга загнаад ҮХНӨ хийдэггүй юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.40 цаг
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Үндсэн хуулийн цэцийг бид Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн манаач гэж ярьдаг. Гэхдээ Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийг шүүх эрх олгогдсон эсэхийг л яриад байна. Үндсэн хуулийн цэц хууль тогтоомжийн Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах ёстой болохоос биш Үндсэн хуулийг шүүх эрх Үндсэн хуулиар олгогдоогүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу гэхээсээ урьдаар УИХ-ын гишүүдийн ¾-ийн шийдвэрээр албажуулж явна гэдэг байр суурийг зарчмын хувьд дэмжиж байна. Хамгийн гол нь Цэц ингэж дур зоргоороо шийдвэр гаргахыг яаж хаах вэ гэдгийг давхар ярих ёстой.
УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын чуулганы дэгийн хуультай дагалдуулан хуулиуд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Цэцээр хянан шийдвэрлүүлэхийг хааж байгаа юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.20 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн тогтоол болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд санал хэлж, асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид он гарснаас хойш хагас жилжингээ уулзаж, УИХ-д суудалтай намууд нь гарын үсэг зурж нэгдээд парламентынхаа ардчиллыг бэхжүүлье гэж ярьсан. Бүх нам тохирч, иргэдээсээ санал авч тойрог дээрээ очиж ажилласан. Ингэхдээ сонгуулийн тогтолцоог холимог болгоё, УИХ-ын гишүүдийн тоог нэмье, нэмсэн тохиолдолд "давхар дээл"-ийн асуудлыг шийдье гэж тохирсон. Та бүгд үүнийгээ хэзээ хийх вэ. Хийх юм уу, үгүй юм уу. Яах юм бэ?
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх нь зөв юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг зарчим руу явж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд улс төрийн намууд олон зүйлийг ярьсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Би тодруулаад хэлье. Бид Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад Үндсэн хуулиа дээдэлнэ, сахина, биелүүлнэ гээд тангараг өргөсөн. Бүх зүйлд хууль дээдлэх зарчим баримтлах ёстой. ҮХНӨ оруулахад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримтлах ёстой. Тэр хуулийн дагуу өргөн мэдүүлээд, гарын үсгээ зураад хэлэлцүүлэх ёстой. Энэ хуулийн 1.2-т "Энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, оролдох аливаа үйлдлийг Үндсэн хуульт байгуулалын эсрэг гэмт хэрэг гэж үзнэ" хэмээн заасан. Тэгэхээр нэг намын дарга загнаад ҮХНӨ оруулахгүй. Үндсэн хууль бол бүх ард түмний нийгмийн гэрээ юм шүү гэдгийг ухамсарлах ёстой. Бид ард түмний хүсэлд тулгуурлаж өөрчлөх ёстой юм.
Цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Тэгвэл тус хоёр хуулийн төсөлд дараах заалтуудыг өөрчилж, нэмэхээр санаачилсан байна. Уг төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн бөгөөд яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа юм.
Хуулийн төсөлтэй танилцвал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бүлэг, хэсэг нэмэхээр болжээ. Тус бүлэгт, Үндсэн хуулийн цэцийн тогтоол буюу эцсийн шийдвэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох журмыг тодорхойлж өгсөн байна. Журамд, Цэцээс Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон тохиолдолд УИХ хэрхэн авч хэлэлцэх талаар тодорхой тусгаж өгчээ.
Үүний дагуу УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын /дээрх журам/ дагуу хэлэлцэнэ гэж холбож өгсөн байна.
Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, "Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хуулийн маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ" гэж өөрчлөхөөр саналд тусгажээ.
Чуулган: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна