Бүдүүн шулуун гэдэсний хавдрын талаар ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшинтэй ярилцлаа.
-Хүн амын дунд сүүлийн үед бүдүүн шулуун гэдэсний хавдар ихэсч байна гэсэн мэдээлэл бий. Хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юу вэ?
-Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар нь дэлхий дахинд зохилон тохиолдох хорт хавдрын гуравдугаарт ордог хорт хавдар бөгөөд хорт хавдрын шалтгаант нас баралтаар дөрөвдүгээрт ордог. Жилд хоёр сая гаруй шинэ тохиолдол оношлогдож нэг сая гаруй хүн энэ өвчний улмаас амь насаа алддаг.
Харин манай орны хувьд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар нь одоогоор тохиолдлоороо эрчүүдийн дунд тавд, эмэгтэйчүүдийн дунд долдугаар байранд орж байна. Энэ тоог сонсоход нэг их том асуудал биш мэт харагдаж байгаа боловч бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын өвчлөл эрчтэй нэмэгдэж байна. Статистикаас харвал 2004 онд Монгол Улсад бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын шинэ тохиолдол 76 бүртгэгдэж байсан бол 15 жилийн дараа буюу 2019 онд энэ тоо 260 болтлоо өссөн байна. Улс орон хөгжих, нийгэм эдийн засгийн байдал сайжрах, амьдралын хэв маяг илүү баруунжих тусам бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын тохиолдол хурдтай өсөн нэмэгддэг жамтай бөгөөд энэ үзэгдэл ганцхан манай оронд тохиолдож байгаа хэрэг биш юм. ХХ зууны дунд хэсэгт БНСУ, Япон зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн энэ өвчний тохиолдол тун бага байсан ч улс орон хөгжиж насжилт уртсахын хэрээр энэ өвчний тохиолдол нэмэгдэж хамгийн элбэг тохоилддог хорт хавдар болсон байдаг. Хэдийгээр одоо Монгол Улсад элэг ходоодны хорт хавдар хамгийн элбэг тохиолддог хорт хавдар байгаа ч гэсэн бид магадгүй 20 жилийн дараа бүдүүн гэдэсний хорт хавдар тэргүүлэх шалтгаан болох магадлалтай.
Гэр бүлийн буюу ойрын хамаатан садны хүмүүс энэ өвчнөөр өвчилж байсан байх, илүүдэл жин, амьдралын идэвхгүй хэв маяг, архи тамхины хэрэглээ, ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн ногоон ногоо, жимс жимсгэнийн хэрэглээ бага байх, хагас болон бүрэн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, улаан махны хэрэглээ зэрэг нь энэ өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлс юм.
-Энэ өвчний илрэх шинж тэмдэг тухайн хүнд өөрт нь анзаарагдах уу?
-Хорт хавдар өвчин эрт үедээ ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Үүнд хамгийн гол асуудал байдаг. Бид өвчин гэхээр л зовуурь илэрнэ гэсэн нийтлэг ойлголттой байдаг нь өвчнөө хожимдож оношлоход хүргэдэг нэг шалтгаан гэж би хувьдаа боддог. Шинж тэмдэг илэртлээ явсан тохиолдлууд ихэнхдээ хавдрын өвчин маш хожуу шатандаа орсон байдаг.
Бүдүүн гэдэсний хорт хавдар хожуу шатандаа ороход илрэх шинжүүдийг нэрлэбэл:
Бие засах байдал өөрчлөгдөх- гүйлгэх, нарийн баас гарах, өтгөн гарахад бэрхшээлтэй болох гэх мэт
Шалтгаан тодорхойгүй жин хаях
Шалтгаан тодорхойгүй цус багадах, царай зүс цонхийх зэрэг багтана.
-Бие зассаны дараа цус гарахыг тоолгүй өнгөрөөж болохгүй юм байна?
-Хамгийн зонхилон тохиолдох шалтгаан нь шамбарам байдаг. Гэтэл өөрийгөө шамбарамтай гэж мэддэг зарим өвчтөн шамбарамаас цус алдаж байна гээд яваад байдаг. Гэтэл шамбарамаас гадна бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраас давхар цус алдаад яваад байснаа анзаараагүй байх тохиолдол их бий. Иймд доош цус алдаж байгаа тохиолдолд бүдүүн шулуун гэдсээ дурандуулж, нягтлах нь зүйтэй.
-Энэ төрлийн хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Урьдчилан сэргийлэх үзлэгийн давтамж ямар байдаг вэ?
-Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх боломжтой хавдарт тооцогддог. Учир нь энэ өвчний явц ихэнхдээ маш олон жилийн хугацааг хамардаг. Нийт тохиолдлын 70 орчим хувь нь жижиг ургацаг хэлбэртэй эхэлдэг бөгөөд эдгээр ургацаг нь 15-20 жилийн хугацаанд томорч, хувиралд орж, хорт хавдарт шилждэг. Иймд бүдүүн гэдсийг дурандаж ургацгийг дурангийн аргаар түүх нь энэ өвчний анхдагч урьдчилан сэргийлэлт болдог. Өнөөдөр та гэдсээ дурандуулаад ургацаг авахуулах нь 15 жилийн дараах хорт хавдраас сэргийлж байгаа хэрэг юм. Иймд 50-аас дээш насны хүмүүс жил бүр өтгөнд далд цус үзэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв өтгөнд далд цус илэрвэл бүдүүн шулуун гэдсээ дурандуулах, аль эсвэл шууд шулуун гэдсээ дурандуулахыг зөвлөдөг. Нэг дурандуулчихсан байхад хэдэн жилдээ давтан дурандуулах шаардлагагүй байдаг.
-Ямар насны хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг вэ?
-Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар нь өөрөө 50-аас дээш насанд элбэг тохиолддог өвчин. Нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь 50-ас дээш насанд тохиолддог. Иймд улсын дундаж наслалт ихсэх тусам энэ өвчний тохиолдол ихэсдэг зүй тогтол бий.
Мөн дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн, шалтгаангүй цус багадсан хүмүүс нас харгалзахгүй нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шаардлагатай бол дурандуулах нь зүйтэй. Гэр бүлд нь 50-аас доош насны хүн уг өвчнөөр өвчилсөн өгүүлэмж байгаа бол хамгийн залуу насандаа өвчилсөн хүний наснаас 5-10 жилийн өмнөөс илрүүлгийн үзлэгийг эхэлвэл зүйтэй.
-Өвчний үед ямар эмчилгээ санал болгодог вэ?
-Дээр дурдсанчлан бүдүүн шулуун гэдэсний хавдрын урьдал эмгэгийн үеийн эмчилгээ, эрт үеийн хавдрын урьдал эмчилгээ бол дурангаар уг ургацаг болон хавдрыг хуулж авах эмчилгээ юм. Энэ төрлийн эмчилгээ Монголд нэвтрээд олон жилийн нүүрийг үзэж байна.
Харин хавдар нэгэнт хожуу шатандаа орсон тохиолдолд хавдрын байрлал үе шатаас хамаараад мэс засал эмчилгээ, хими эмчилгээ, туяа эмчилгээний зохих хослолоор өвчинг эмчилнэ.
-Бүдүүн, шулуун гэдэсний өвчин удамших буюу халдварлах тохиолдол бий юу?
-Удамшлын талаар яривал удамшдаг хавдар удам дагах хандлага гэж тусдаа ойлголт байна. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар бусад хавдрын адил удам дагах хандлагатай. Гэр бүлийн хүмүүс нь бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар тусч байсан хүмүүс уг өвчнөөр өвдөх эрсдэл тийм өгүүлэмжгүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр байдаг. Энэ нь уг гэр бүлийнхэн энэ өвчнөөр өвдөх удамзүйн бэлэн байдал байгаатай холбоотой байж болох ч нөгөө талаасаа нэг гэр бүлийнхний дадал зуршил, хооллолт адил төстэй байдаг тал бий. Иймээс цэвэр удамшлын хавдар уу, үгүй юү гэдгийг ялгах нь нарийн мэргэжлийн ажил гэж ойлгож болно.
Мөн ховор тохиолдолд бүдүүн шулуун гэдэсний хавдар үүсгэдэг удамшлын хам шинжүүд тохиолддог. Энэ төрлийн өвчин тээгч гэр бүл онцгой анхааралтай тогтмол хяналтад байх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь цэвэр удамшдаг төрлийн хорт хавдрууд бөгөөд нийт тохиолдлын дөнгөж таван хувь орчим нь энэ төрөлд хамаарна. Энэ өвчин халдварлахгүй.
-Хүн бүдүүн шулуун гэдэсний эмгэгээр өвдөхгүй байхын тулд амьдралдаа ямар хэв маягийг мөрдөх ёстой вэ?
-Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, архи тамхинаас татгалзах, жингээ эрүүл нормонд барих, ислэг ихтэй хүнсний ногоо жимс жимсгэнэ сайн хэрэглэх зэрэг нь энэ өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулна. Гэхдээ хүн наслахын хирээр өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг тул 50-аас дээш насны хүмүүс эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж байх нь чухал юм.