Монгол Улсын баг тамирчид 1964 онд Австрийн Инсбрук хотноо зохион байгуулагдсан өвлийн олимпын IX наадамд оролцсоноор манай улсын өвлийн спортын амжилт эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр Яармагийн дэнжид өвлийн спортын анхны битүү дээвэртэй “Steppe Arena” ордон буюу "Мөсөн өргөө" нээлтээ хийж, Монголын өвлийн спортын түүхэнд шинэ хуудсыг эхлүүллээ.
Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагааны санаачилгаар хэрэгжсэн Мөсөн өргөө төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 оны дөрөвдүгээр сард эхэлж, цар тахлын сорилт бэрхшээлийг сөрөн 29 сар үргэлжилсний эцэст иргэдэд үүд хаалгаа нээж байна.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн захирагч Д.Сумъяабазар, Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан, Степпе Арена ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батмөнх, Ачит Ихт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир болон Степпелинк Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин тэргүүтэй эрхмүүд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн ёслолын үеэр хоккейн тэмцээний анхны цөн шайбыг тоглолтод оруулсан бөгөөд үндэсний компаниуд цар тахлын хүнд хэцүү цаг үед нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хүчээр Мөсөн өргөөг бүтээн байгуулсан явдалд баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм. Тэрээр “Steppe Arena” ордныг “Мөнхөд өвлөөрөө байх мөсөн өргөө” гэж тодорхойлсон юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нээлтийн арга хэмжээнд захидал хүргүүлж, Монгол Улс өвлийн спортын ордонтой болсон явдалд баяр хүргэсэн бөгөөд Бээжин 2022 өвлийн олимпын наадамд амжилттай оролцоно гэж итгэж байгаагаа уламжлав. Мөн ЗХУ-ын хоккейн домогт хаалгач, ОХУ-ын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Владислав Третьяк Мөсөн өргөө ордны нээлтийн арга хэмжээнд видео мэндчилгээ илгээж, Монголын тамирчдад спортын өндөр амжилт хүссэн юм.
Мөсөн өргөө төслийн бүтээн байгуулалтын ажилд дотоодын 95 компани, БНХАУ, Канад, АНУ, Австри, Швед болон Финланд зэрэг гадаадын зургаан компанийн нийт 1600 гаруй мэргэжилтэн оролцсон байна
Нийт 2600-3600 хүний суудалтай, 30Х60 метрийн хэмжээ бүхий Олон улсын олимпын хорооны стандартын талбайтай “Steppe Arena” ордонд хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төрлүүдээр жилийн дөрвөн улиралд хичээллэх боломжтой. Түүнчлэн хормын дотор эвхэгддэг “Speed Lock” брэндийн шалны тусламжтай сагсанбөмбөг тэргүүтэй танхимын спортын тэмцээн уралдаан, урлагн тоглолт, үзэсгэлэн, хурим найр, хурал цуглаан зэрэг арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж.
Төслийн гол санхүүжилтийг "Ачит Ихт" ХХК болон "Степпелинк Холдинг" компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн бөгөөд "МАК" ХХК өөрсдийн бетон, шилэн хийж болон цемент зэрэг бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалт хийжээ. Төслийн санаачлагч П.Цагаан нээлтийн арга хэмжээний үеэр “Мөсөн өргөө нь хөлдөө тэшүүр углаж үзсэн хүн бүрийн мөрөөдлийн биелэл” гэсэн юм. Тэрээр уг төсөл нь бизнесийн ашиг олохоос илүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжсэн, олон нийт, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өвлийн спортын төрлүүдээр хичээллэх боломжийг олгоход чиглэсэн ажил болохыг онцолсон юм.
Үнэхээр ч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай нийслэлд тооцогддог ч манай улсад өвлийн спортын төрлүүд төдийлөн өндөр хөгжиж чадалгүй өдийг хүрсэн. Өвлийн спортын тамирчид, тэр дундаа шайбтай хоккей, шорттрейкийн тамирчид зөвхөн өвлийн улиралд гадаа задгай талбайн мөс, гол, нуурын мөсөн дээр бэлтгэл хийдэг. Харин уран гулгалтын тамирчид стандарт бус мөсөн талбайд бэлтгэл сургуулилтаа хийн өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Тэгвэл Мөсөн өргөө ашиглалтад орсноор өвлийн спортын тамирчид ОУОХ-ны стандарт талбайд бэлтгэлээ хангаж, амжилтаа ахиулах боломж нээгдэж байна. Магадгүй өвлийн олимпын наадмаас эх орондоо алтан медаль авчрах ирээдүйн аваргууд Мөсөн өргөөнөөс төрөн гарахыг үгүйсгэхгүй.
Орчин үеийн, олон улсын битүү дээвэртэй өвлийн спортын ордны стандартыг хангасан Мөсөн өргөөний барилгын зураг төслийг “Анаграмм” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Мөн зөвлөх архитектораар Канадын “CEI Architecture Associates” болон “Architecture Limited” компанийн мэргэжилтнүүд ажилласан бөгөөд “Steppe Arena” ордон нь Монголын анхны 70 метр урт тулгуур баганагүй дээвэртэй буюу огторгуйн хийцлэлтэй байгууламж гэдгээрээ онцлог аж.
Барилгын газар, дэд бүтцийн системийг “Юнайтед Прожект Корпорейшн” ХХК хариуцсан бөгөөд нийт 7800 метр квадрат ашиглалтын талбай бүхий Мөсөн өргөө ордны бүтээн байгуулалтад 78000 метр куб газар шорооны ажил хийгдэж, барилгын дээвэрт 501 тонн металл хийц, 6380 метр квадрат хавтан, 425 тонн арматур зарцуулагдсан байна.
Түүнчлэн Мөсөн өрөөн агааржуулалтын систем нь цагт 75000 метр куб агаар сэлгэх хүчин чадалтай АНУ-ын “Carrier” брэндын агаар боловсруулах автомат системтэй бөгөөд энэ нь Улаанбаатар хотод байх хамгийн том агаар сэлгэлт, хөргөлтийн хосолсон систем болж байна. Товчхондоо агааржуулалтын систем нь гадаа нэмэх 30-аас хасах 30 хэмийн хүйтэн байхаас үл хамааран ордны мөсөн дэвжээг тогтмол 0 хэм, үзэгчдийн суудлыг 15 хэм хүртэл дулаан байлгах аж. Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн агааржуулалтын систем зөвхөн Оюутолгой уурхайд байдаг.