Open iToim app
Соёл, урлаг | 5 мин уншина

Б.Сийлэн: 'Чи бүхнээс илүү' дууг аавтайгаа хамт дуулж, дахин цацах бодолтой байгаа

Б.Сийлэн: 'Чи бүхнээс илүү' дууг аавтайгаа хамт дуулж, дахин цацах бодолтой байгаа
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 8
“The Voice of Mongolia 2022” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Сийлэнтэй ярилцлаа.
- “The Voice of Mongolia 2022”  шоуны дараах сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Миний хувьд “The Voice of Mongolia” шоуг эхний улирлаас нь үзэж, Энгүүн эгчийн дуулалтыг харж, яг л түүн шиг тайзан дээр гарч дуулахыг хүсдэг байсан. Тайзан дээр зогсох ямар байдаг бол гэж үргэлж боддог байв. Тэгээд л нэг өдөр шоуны шинэ улирал эхлэх гэж байгааг сонсож, ээждээ хэлж бүртгүүлж байлаа. Шоу нэлээд удаан үргэлжилсэн. Энэ хугацаанд олон хүнтэй хамтарч ажиллаж, зөндөө дурсамж бүтээсэн болохоор шоу дууссаны дараа бага зэрэг хэцүү байсан.
-Тайзан дээр гарах мэдрэмж ямар санагдсан. Хэр сандарсан бэ?
-Анхны бас томоохон тайз болоод ч тэр үү нэлээд сандарсан. Уг нь тайз руу гарахын өмнө сандрал бага, гайгүй байсан. Гэтэл тайз руу гарч дуулах үед сандарч, бага зэрэг чичрэх мэдрэмжийг шоуны турш авч байлаа.
-“Blind Audition” дээр Ука шүүгч дуу нь яг дуусахтай зэрэгцэн эргэсэн. Тэр мөчид хэр баярласан бэ?
-Ука шүүгчийг эргэж харах үед ёстой итгээгүй шүү. Учир нь “Blind Audition”-ы үеэр дуугаа дуулаад бараг дуусах гэж байсан. Шүүгчийг эргэж харах хүртэл дотроо “Ямар ч гэсэн энэ гоё тайзан дээр дуулж үзлээ. Харамсахгүй ээ” гэж бодож байсан юм. Гэтэл Ука шүүгч эргэж харж, намайг багтаа сонгосон. Би ч тухайн үед үнэхээр итгэж чадахгүй байсан болохоор шууд л уйлчихсан.
-Шоуны турш өөрийгөө хэр дайчилж чадсан гэж бодож байна. Үзэгчид шат бүрд ур чадвар нь сайжирсан  гээд ам сайтай байсан?
-Би анх хоолойндоо тохируулан зөөлөн, намуухан дууг сонгож дуулдаг байсан. Шат ахих тусам шинэ, өөр хэмнэлтэй дууг дуулсан бөгөөд энэ бүхэнд дасгалжуулагч Ука болон Энгүүн эгч маш их тусалж, хэрэгтэй зөвлөгөө өгдөг байсан юм. Шоунд анх оролцохдоо ийм хол явна гэж бодоогүй. Шат бүрд л хүмүүсийн зөвлөгөө, дэмжлэгээр хурцлагдсаар явсан.
Ука дасгалжуулагчаасаа дуулалт гэлтгүй, сэтгэл хөдлөлөө хэрхэн барих, дуундаа хэрхэн орох, тайзан дээр биеэ авч явах соёл зэрэг олон соёлыг суралцсан. “Battle”-ийн шатны үеэр “Him and I” дууг бэлдэж байх үед хамраараа гунших тал бага зэрэг анзаарагдсан. Үүнийгээ засах гэж их хичээсэн шүү. Бэлтгэл дээрээ ч тэр гэртээ ганцаараа байхдаа ч тэр үргэлж давтана. Дараа нь бас амьсгааны тал дээр асуудал гарахад үүнийгээ ч засах гэж оролдсон. Ер нь би өөрийгөө “Blind Audition”-д орсноосоо хойш маш их хөгжиж, өөрчлөгдөж чадсан гэж боддог.
undefined
-Аав нь шоуны үеэр юу гэж зөвлөдөг байсан?
-Аавын зүгээс ихэвчлэн дуундаа орж, дууныхаа гол утгыг ойлгочиход асуудалгүй гэж хэлдэг байсан. Монгол дууны шат надад их хэцүү санагддаг байсан. Энэ үед аав үгнүүд дээр яаж ажиллах, хэрхэн хуваарилж хэлэх зэргээр их туслалцаа үзүүлж байсан. Энэ бүхний ачаар нэлээд хөгжиж чадсан.
-Анх хэзээ аавыгаа реппэр, урлагийн хүн гэж мэдсэн бэ?
-Энэ тухай сайн санадаггүй. Гэхдээ найм юм уу, долоон настайдаа л мэдсэн байх. Багадаа аавын дууг их сонсдог байсан. Одоо ч сонсдог. Тэгээд л чадахгүй мөртлөө хэмнэлд нь тааруулж бүжиглэхийг оролдоно. Би ааваараа, хийсэн бүтээсэн уран бүтээлээр нь бахархаж явдаг. Дууны үг, утга энэ бүгд надад үнэ цэнэтэй. Сүүлд  аавын уран бүтээлийн тоглолтын үеэр эхнийх нь дууг сонсоод л сэтгэл хөдлөөд уйлчихсан. Би  ер нь сэтгэл хөдлөл өндөртэй хүн.
-Ааваасаа хэр их үлгэр дуурайлал авдаг вэ?
-Олон зүйлийг ааваасаа харж, сурч явдаг. Аав тууштай, их тайван намбалаг хүн. Ямар ч нөхцөлд тайван байж, эв дүйг нь олох гэж оролддог. Гэр бүлийнхээ ямар ч асуудалд тайван болох талаас нь харж шийдэхийг хичээдэг. Нэг зорьсон зорилгодоо үнэнч байдаг. Гэр бүлдээ үргэлж цаг гаргана. Өглөөд дандаа ээж, дүү бид нарыг хүргэж өгнө, өглөөний цай бэлдэж өгнө.
Манай ээж ч ялгаагүй бахархаж, үлгэр дуурайл авмаар хүн байдаг. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг шиг л хатуужил сайтай хүн. Яг л бүхнийг чадагч баатар шиг санагддаг. “Quarter Final”-ийн шат дээр “Чи бүхнээс илүү” дууг дуулж дуусаад ээжийнхээ уйлж байгааг дэлгэцээр харсан. Тэр үед их сэтгэл хөдөлсөн. Ер нь бараг ойрын хэдэн жил ээжийнхээ нулимс унагаж байгааг хараагүй. Манай ээж ер нь их хүчирхэг, хатуужилтай. Хүүхдүүддээ цаг гаргана. Хоол сайн хийнэ. Ээждээ үнэхээр их хайртай.
Аав ээж хоёр минь ийм халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг бүрдүүлсэн болохоор тэр хоёроороо бахархахгүй байхын аргагүй.
-Аавынхаа дууг тайзан дээр гарч дуулах үеийн мэдрэмжийг эргэн санаж, тэр мэдрэмжийг хуваалцаж болох уу?
-Энэ дууг аав анх надад санал болгосон. Яг үнэнийг хэлэхэд би аавдаа “Энэ дууг би яаж дуулах юм бэ аав, реп дуу шүү дээ” гээд ердөөсөө санаанд багтаагүй юм. Гэсэн ч аав “Үгүй ээ, гоё болно. Чи өөрөө давхар ая, үгээ бичээд үз ээ” гэсэн. Тэгээд л дуун дээрээ ажиллаад бэлдээд явж байхад үнэхээр таалагдсан.
Би энэ дууг сонсох болгондоо шууд л уйлчихдаг. Яг л тэр амьдралыг хажуунаас нь харж, яаж туулж явж байсныг нь мэддэг болохоор надад их мэдрэмж өгдөг дууны нэг. Бэлтгэлийн үеэр дууны сүүлийн хэсэгтээ яалтачгүй хоолой зангираад уйлчихна. Энэ болгонд дасгалжуулагч маань сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй, тайзан дээр гарах үед уур амьсгал орж сэтгэл хөдлөл чинь илт гарах болно. Иймээс бэлтгэл дээрээ аль болох дуугаа сайн бэлдэж, сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Гэсэн ч яг тайзан дээр дуулж байх үед нүдэнд аав, ээж шууд харагдсан. Дууны сүүлийн хэсэг дээр “Та минь бүхнээс илүү” гэж хэлэх үед ээждээ өмнө хэлж байсан бүх үгс бодогдож цаанаасаа сэтгэл хөдлөөд хичээсэн боловч сэтгэлээ барьж чадалгүй уйлчихсан даа.
undefined
-Шоунд оролцож байх үед хичээл, бусад зүйлс давхцаж нэлээд цагийн шахуу хуваарьтай байдаг байх байх. Аавынхаа мэргэжлийг энэ үед их ойлгож авсан уу?
-Тийм шүү. Аавынхаа мэргэжлийг нэлээд сайн ойлгож авсан. Тоглолтоо зохион байгуулах, гэр бүл, дуу, бусад гадуурх ажил гээд энэ бүх ажлыг яаж амжуулдаг байна аа л гэж бодсон. Би болохоор заримдаа стресстех үе ч гарч байсан. Харин аавыг харж байхад үргэлж тайван, баяр хөөртэй байдаг.
-Ирээдүйн зорилгоо хуваалцаж болох уу. Аавтайгаа цуг дуу гаргах бодол бий юу?
-Ирээдүйд төлөвлөсөн зүйлс их бий. Гэхдээ бүгдийг хэлэх боломжгүй. Үгээр биш үйлдлээрээ харуулмаар байна. Ерөнхийдөө нууц. Гэхдээ миний хувьд “Чи бүхнээс илүү” дууг аавтайгаа хамт дуулж, дахин клипжүүлж цацахыг хүсч байгаа.
Энэ дашрамд, шоуны турш намайг дэмжиж, саналаа өгч байсан бүх хүмүүстээ баярлалаа. Ялангуяа гэр бүл, найзууддаа их баярлаж байгаа. Тэд намайг зовлон, жаргалтай бүхий л үед хажуунаас дэмжиж, туслалцаа үзүүлдэг байсан. Та бүхэндээ хайртай шүү. Баярлалаа гэж хэлмээр байна.
undefined
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн