Open iToim app
Анализ | 5 мин уншина

Монголд хамгийн их мөнгөтэй бизнесүүдийг банкны эзэд хийдэг ба эзэмшдэг

Монголд хамгийн их мөнгөтэй бизнесүүдийг банкны эзэд хийдэг ба эзэмшдэг
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 10
Сүүлийн гучин жилд Монголын эдийн засаг арав дахин томорч, 14 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засгийн энэ тэлэлтээс бизнес нь томорсон салбар бол банк, хамгийн их ашиг олсон хүмүүсийн нэг нь банкны эзэд яах аргагүй мөн. Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувь банкнаас хамааралтай. Банкны салбарын нийт хөрөнгө 2001 онд 700-800 тэрбум байсан бол 2011 онд 8.4 их наяд, 2021 оны эхний хагас жилд 39 их наяд төгрөгт хүрч, сүүлийн хорин жилд банкны салбарын активын хэмжээ 40 дахин нэмэгдэж, банкууд томров.
Гол нь, хамгийн том, хамгийн их мөнгө эргэлддэг банкуудын эзэд бүгд бизнестэй, банкны харилцагчийн мөнгийг барьцаалж төрийн өмч хөрөнгийг эзэмших, эрх баригчидтай нэг хөнжилд холхилдох буруу жишиг тогтоосон юм.
“Буян”-гийн Б.Жаргалсайхан Засгийн газрын бизнесийнхэнтэй хийсэн нэгэн уулзалтын үеэр “...Банкууд бизнес хийдгээ боль. Банкны эзэд нь өмч хөрөнгө булаацалдаад, бид нартай зэрэгцээд бизнес хийгээд байна. Банк банк, санхүүгийн үйлчилгээгээ хийж, үйлчилгээний ашгаараа л амьдар. Банкуудаас өмч хөрөнгийг салгах цаг болсон...” гэж хэлэхэд танхимд суусан бизнес эрхлэгчид нижигнэтэл алга ташсан юм. Гашуун ч түүний үг туйлын үнэн.
Өнөөдрийн байдлаар банкны салбарт эргэлдэж байгаа 39 их наяд төгрөгийн 90 хувь таван том банкинд төвлөрч байгаа бөгөөд ер нь Монголын эдийн засгийн хамгийн их мөнгөтэй бизнесийг банкны эзэд л хийдэг болохыг товчхон тоймлоё.
-Хаан банк-
undefined
Тус банкны нийт актив 12.3 их наяд төгрөг. Монголын хамгийн том банк. Хувь эзэмшигчдийн хувьд Японы Савада Холдинг нийт хувьцааны 45.55, түүний охин компани Эйч Эс Интернэшнл 14.45 хувийг буюу Хаан банкны 60 хувийг японууд эзэмшдэг гэсэн үг юм. Гэвч сүүлийн үед Савада Холдингийг хувьцаагаа зарсан гэх яриа улс төр, эдийн засгийнхны дунд хүчтэй явсан. Гэхдээ баталгаажсан мэдээлэл одоогоор байхгүй. Харин үлдсэн 40 хувийг Таван богд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан болон түүний гэр бүлийнхэн эзэмшдэг байна. Задалбал, Ц.Баатарсайханы гэргий Д.Хулан банкны хувьцааны 14.69 хувийг дангаараа, Таван Богд Трэйд ХХК-ийхаа 25.31 хувий эзэмшдэг байна. Хаан банкны 40 хувийг эзэмшигч Таван Богд группийн нэгдэлд 21 охин компани багтдаг бөгөөд барилга, үл хөдлөх, нийтийн хоол, үйлчилгээ, ноолуур, үйлдвэрлэл, аялал жуулчлал, банк санхүү, франчайзинг зэрэг эдийн засгийн үр ашигтай салбаруудад бизнес эрхэлдэг.
-Худалдаа хөгжлийн банк-
undefined
Тус банкны нийт активын хэмжээ 8.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Худалдаа хөгжлийн банкны 95.1 хувийг иргэн Д.Эрдэнэбилэг, түүний хүү Тулга нар эзэмшдэг. "Goldman Sachs group" 3.2 хувь, үлдсэнийг нь бусад жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг байна. Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшигчид АН-ын Засгийн газрын үед Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тодорхой хувийг авсан байдаг. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авсан ч төрд буцааж авсан.
-Голомт банк -
undefined
Голомт банкны нийт 7.3 их наяд төгрөгийн активтай. Тус банкны хувьцааны 93.55 хувийг иргэн Д.Баясгалан болон түүний гэр бүл эзэмшиж байна. Тус банкинд хувь эзэмшдэггүй ч давуу эрхтэй хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн  асан М.Зоригт юм. “Голомт”-ын хувьцаа эзэмшигч Д.Баясгалангийн "Голомт Файнэншил групп" олон охин компанитай бөгөөд санхүү, даатгал, хөрөнгө оруулалт, медиа салбарт бизнестэй. Сүүлийн үед төрийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлж ажиллаж байна. Тавантолгойн төмөр зам компани ямарч тендергүйгээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьсан, одоо мөн л ямарч тендергүйгээр, бүр зураг төсөл нь гараагүй байхад Богдхаан төмөр замыг барихаар нээлтийг нь хийсэн ба тэр болгонд Бодь групийн нэр хавчуулагдаж, Голомт банкны гол хувьцаа эзэмшигч Д.Баясгалан явж харагддаг. 
-Төрийн банк-
Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкинд багтдаг төрийн хувь эзэмшилтэй банк билээ. Тус банкны нийт актив 3.6 их наяд төгрөгт хүрчээ. Одоогоор нийт хувьцааны 52.25 хувийг Сангийн яам, 47.75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшиж байна.
-Хас банк-
undefined
Тус банкны хувьд нийт актив нь 3.3 их наяд төгрөгт хүрсэн. Хас банк 100 хувь Тэнгэр санхүүгийн нэгдэлд багтдаг. Тэнгэр санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчээр 12 иргэн, аж ахуйн нэгж байдаг бөгөөд хамгийн их буюу 20 хувийг Монголын Алт компани /МАК/ эзэмшдэг байна. Харин МАК-ийн нөлөө бүхий хувь эзэмшигч нь Б.Нямтайшир, Д.Хулан нар юм. Нэгдлийн үлдсэн хувийг гадаад, дотоодын байгууллага хувь хүмүүс эзэмшдэг.
Системийн нөлөө бүхий банкинд багтгахгүй бусад жижиг банкны эзэд ч мөн бизнестэй, төрд нөлөөтэй хувь эзэмшигтэй. Капитрон банкны гол хувь эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан, Ажнай корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ байх жишээтэй. 
Тэгэхээр эндээс харвал, иргэдийн мөнгийг хадгалж, эргүүлээд зээл гаргах үндсэн үүрэгтэй банкныхан мөнгөтэйн давуу талаа ашиглаж Монголын хамгийн их мөнгөтэй бизнесүүдийг хийдэг гэсэн үг. Цемент, төмөрлөгийн үйлдвэрлэл, түүхий нүүрсний тээвэр, төмөр зам барих төсөл, бүр нийтийн хоолны сүлжээний ашигтай бүхэн нь банкны эздийн бизнес болжээ.
“ТОП-100” гэж жил бүр шалгаруулдаг. Тэнд “Эрдэнэт", "Эрдэнэс-Тавантолгой" зэрэг төрийн өмчит үйлдвэрүүдийг эс тооцвол ихэнхдээ банкны эздийн бизнес багтдаг.  Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгждөггүй, хөгжих боломжгүйн бодит жишээ энэ. Өөрөөр хэлбэл, Монголын бизнесийн орчин банкууд, банкны эзэд монополь байгаа цагт банкны эздээс өндөр хүүтэй зээл аваад эрээд тэдэнтэйгээ өрсөлдөх ямарч боломжгүй юм.
Дашрамд дурдахад, энэ оны нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулсан Банкны тухай хуулиар системийн нөлөө бүхий банк буюу Хаан, ХХБ, Голомт, Хас, Төрийн банк 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгох учиртай. Ингэснээр Монголын хамгийн том гурван банкны хувьцааны дийлэнх  хувь нэг хүн болон тэдний гэр бүлд төвлөрч, бизнесүүдэд хүч түрсэн энэ байдлыг хална гэж хууль тогтоогчид тооцоолсон. Банкны нөлөө бүхий нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк биелүүлэх үүрэг хүлээж буй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн