Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Египетчүүд Элон Маскад ‘пирамидыг харь гаригийнхан бариагүй’ гэдгийг батална

Египетчүүд Элон Маскад ‘пирамидыг харь гаригийнхан бариагүй’ гэдгийг батална
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 3
Нил мөрнөөс есөн километрийн зайд, Сахарын цөлд орших Гизагийн пирамидыг МЭӨ 2550-2490 оны хооронд буюу эртний Египетийн эзэнт гүрний соёл иргэншлийн оргил үед боолуудаар бариулсан гэж үздэг.
Гэсэн ч зарим судлаач технологи өндөр хөгжсөн өнөө үед ч энэхүү аварга чулуун байгууламжийг хүний гараар барих боломжгүй гэх маргаан өрнүүлдэг. Маргаан өрнүүлэгчдийн гарган тавьдаг хамгийн сонирхолтой сэдэв бол Гизагийн пирамидыг харь гаригийнхан хөлөг онгоцны буудал эсвэл зүг чиг заах, одон орны судалгааны зориулалтаар барьсан гэх тайлбар юм.  
Тэгвэл тэрбумтан Элон Маск өнгөрөгч баасан гаригт өөрийн твиттер хаягтаа “Мэдээж пирамидуудыг харь гаригийнхан барьсан” гэх байр суурь илэрхийлсэн юм. Түүний энэхүү жиргээ 540 мянга гаруй “Like” цуглуулж, цахим орчинд нэлээдгүй хэлэлцүүлэг өрнүүлээд авчээ.
Үүний хариуд Египетийн Гадаад хамтын ажиллагааны сайд Раниа аль-Машат тэрбумтан Элон Маскыг эх орондоо урьж, дэлхийн эртний долоон гайхамшгууд дундаас хамгийн эртнийх нь болох пирамидууд нь харийнхны бүтээл биш гэдгийг нотлохоо мэдэгдсэн байна. Тэрээр бямба гаригт Элон Маскад хандан өөрийн твиттер хаягтаа “Би таны ажлуудыг маш их биширдэг. Би таныг болон Space X компанийг Гизагийн пирамидуудыг хэрхэн барьсан болон пирамидын доторхи булшнуудыг өөрсдийн биеэр судалж үзэхийг урьж байна” гэжээ.
Египетийн ард түмний хувьд Гизагийн пирамид нь тус улсын эртний соёл иргэншлийн оргил үе, өвөг дээдсийнх нь өв соёлыг илтгэх түүхэн үнэт өв болоод зогсохгүй аялал жуулчлалын хамгийн чухал цэгт тооцогддог. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага 1979 онд Гизагийн пирамидуудыг Дэлхийн соёлын үнэт өвчийн жагсаалтад бүртгэсэн байдаг.  Эртний пирамидуудыг жил бүр 15 сая орчим жуулчин ирж сонирхдог бөгөөд Египетийн аялал жуулчлалын салбар тус улсын нийт эдийн засгийн 12 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Тиймээс Египетийн ард түмэн Гизагийн пирамидын түүхтэй холбоотой асуудалд маш эмзэг ханддаг.
Египетийн археологич Захи Хавас Английн “BBC” телевизэд “Элон Маскийн маргаан бол бүрэн хийсвэр сэтгэлгээ. Хүн бүр пирамидуудыг боолууд барьсан гэж боддог. Үнэн хэрэгтээ пирамидуудыг бүтээгчид бол эртний Египетчүүд юм. Бид пирамидуудад агуулагдах булшнуудаас үүнийг нотлох баримтуудыг олсон” гэжээ.
Харин таны бодлоор эртний пирамидыг хэн барьсан бэ. Үүнийг хүний гараар бүтээсэн байх боломжтой юу?
Эх сурвалж: Insider
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн