Байгаль орчин, аялал жуучлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхантай хог хаягдал ба иргэдийн боловсрол, ухамсар сэдвээр ярилцлаа.
-Хог хаягдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Яг ямар өөрчлөлтүүд оруулсан талаар та мэдээлэл өгөөч?
-“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тавьсан. Олон улсын төвшинд ч хог хаягдлын зохистой менежментийг бий болгон, хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах, түүнээс эрчим хүч, дулаан үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эцсийн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах бодлогыг барьж байна. Манай улсын хувьд жилд 3.4 сая тонн хог хаягдал үүсэж байгаагийн 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч энэ үйл ажиллагаа туйлын хангалтгүй явагдаж байна. 2017 онд Хог хаягдлын тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулсан.
Хог хаягдлын тухай хуулийн төсөлд нэр товъёог баяжуулан тайлбарлаж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг нарийвчлан, хог хаягдлын талаар дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах, эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, ногоон худалдан авалтыг дэмжих, энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд болон байршлыг тогтооход тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан.
Аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, устгах, хадгалах цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх болон байгууламжийн байршилд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэн зөвшөөрөл олгох, хяналт шинжилгээ хийх, тайлагнах зэрэг аюултай хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалтыг шинээр нэмсэн.
Хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтлах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь өөрсдөө хариуцаж байхаар шинээр тусгасан.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгох түүнчлэн хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах асуудлыг шинээр нэмсэн. Ингэснээр хог хаягдлын цогц менежментийг бий болгон боломжит арга, технологи, байгальд ээлтэй практик нэвтрүүлэх, хог хаягдлын боловсролыг иргэдэд олгох замаар зөв дадал, ухамсрыг төлөвшүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц баялгийг хэмнэх, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой болно.
-Тэгвэл шинэ хууль хэрэгжиж эхэлснээр эерэг үр дүн нь юу байна гэж дүгнэж байгаа вэ?
-Хог хаягдлын тухай хуулийн 41.8-т Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ” гэж, 41.9-т Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна гэж нарийн тусгасан. Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлж байгаа хүрээг нэмэгдүүлэх замаар үйлчилгээний төлбөрийн орлогыг 30 хүртэл хувиар буюу 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих замаар төвлөрсөн цэгт дарж устгах хог хаягдлын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа бөгөөд төвлөрсөн цэгт зарцуулагдаж байгаа төсвийн зардлыг мөн 30-40 хувь буюу жилд 300-400 сая төгрөгөөр бууруулж, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулснаар хур хог хаягдал цэвэрлэхэд зориулан зарцуулагддаг төсвийн хөрөнгийг 90 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолж байна.
-Хуульд аюултай хог хаягдлын талаар ямар зохицуулалтууд оруулсан бэ?
-Иргэдэд хог хаягдлын боловсрол олгох, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгосноор хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэнэ, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэж үзэж байна. Олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг тусгаад байна.
-Аюултай хог хаягдал гэдэгт яг юу, юу ордог талаар та иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?
“Аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлдэг. Байгаль орчны салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол аюултай хог хаягдлын асуудал юм. Аюултай хог хаягдлын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох боломжтой болох юм. 2018 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор аюултай хог хаягдлын жагсаалтыг баталсан.
Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах журам жагсаалт батлагдаж мөрдөгдсөнөөр дараах эерэг үр дагавар бий болно. Үүнд:
1. Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах анхны журам бий болсноор аюултай хог хаягдлыг аюулгүй, байгаль орчинд ээлтэй аргаар цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, дахин боловсруулах зохистой менежментийг бий болгох боломж бүрдэнэ.
2. Хаана, хэдий хэмжээний аюултай хог хаягдал үүссэн, хэн хаашаа тээвэрлэсэн, хаана ямар аргаар устгасан талаарх нэгдсэн мэдээлэл бий болно.
3. Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд зөвшөөрөл олгодог, түүнд хяналт тавьдаг, аюул осол гарсан үед арга хэмжээ авдаг төрийн байгууллагуудын үүрэг оролцоо тодорхой болно.
4. Хүний эрүүл мэнд, байгаль орчныг аюултай хог хаягдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
-Ер нь салбар яамнаас хог хаягдлын асуудал дээр шинэ хууль батлуулж, хэрэгжүүлэхээс гадна өөр ямар бодлого барин ажиллаж байна?
-Хог хаягдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь байсан бүх журам, жагсаалт хүчингүй болсон. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийт 15 эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан батлуулж мөрдөж байна.
-Хууль гаргаж, бодлого хэрэгжүүлэхээс гадна иргэдэд хогоо ил задгай хаяагүй байх дадал хэвшлийг хэрхэн суулгах вэ?
-Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үүнд:
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад үе шаттайгаар зохион байгуулж ирлээ. Тухайлбал, шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн хариуцлагыг ухамсарлуулах ажлын хүрээнд БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг улсын хэмжээнд зарлан амжилттай зохион байгуулсан. Мөн Монголд анх удаа “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦЭВЭРЛЭХ ӨДӨР“ ДЭЛХИЙН АЯН"-д нэгдэн дэлхийн 150 гаруй орон зэрэг нэг өдөр нэг цагт хог хаягдлаа цэвэрлэх ажлуудыг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
-Нэг үеэ бодвол иргэд байгальд агаар салхинд гарахдаа ч тэр хогоо ил задгай хаях нь багассан. Энэ нь хог хаягдлын сөрөг үр дагаврын талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгч байсантай холбоотой болов уу?
-Тийм ээ. Тодорхой хэмжээгээр бидний хийж байгаа ажлын үр дүн нөгөө талаасаа иргэд маань бас нийгмийн хариуцлагын хүрээнд бие биендээ шаардлага тавьдаг, хянадаг болсон байна. Энэ боломжийг ашиглан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэс холбоо болон аюултай хог хаягдлын дахин үндэсний холбоо сайн дурын байгууллагууддаа бидний ажлыг дэмжиж хамтран ажиллаж байгаад маш их баярлалаа.
-Ер нь цаашдаа салбар яамнаас хог хаягдлыг хамаагүй хаях нь байгаль орчинд ямар их сөрөг нөлөө үзүүлдэг талаар иргэдэд таниулах, энэ чиглэлийн мэдээлэл түгээх илүү сайн түгээх талаар хэрхэн ажиллах вэ?
-Ер нь бол хог хаягдлын хуулиар чиг үүргийн дагуу салбар яамдууд нь өөрөө хяналтаа тавьдаг, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахаар зохицуулагдсан байгаа. Тэрнээс ганцхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны асуудал биш. Тиймээс бусад яамдуудаа уриалж байна. Энэхүү арга хэмжээнд нэгдэж хог хаягдлын салбарыг дахин шинэ төвшинд хүргэхэд та бидний мөн иргэд болон төрийн бус байгууллагуудын оролцоо маш чухал юм.