Open iToim app
Зочин | 7 мин уншина

Д.Долгор: Уул уурхайн ажилчдын ажиллах, амрах хоногийг 14/14 болгосон хамгийн зөв. Яагаад гэвэл...

Д.Долгор: Уул уурхайн ажилчдын ажиллах, амрах хоногийг 14/14 болгосон хамгийн зөв. Яагаад гэвэл...
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 9
Шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар уул уурхайн салбарын ээлжийн ажилчдын ажиллах, амрах хоногийг 14/14  болгосон. Үүнээс болж уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани болон ажилчдад олон асуудал тулгарч буй. Иймд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгортой энэ асуудлаар ярилцлаа.
-Шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар ростерийг 14/14 хоног болгосон. Үүнтэй холбоотой ямар асуудлууд уул уурхайн салбарт тулгараад байна вэ?
-Шинэ Хөдөлмөрийн тухай хууль батлагдсанаар уртын ээлжийг шинээр хуульчлан мөрдөж байна. Өмнө нь уртын ээлжийн хуваарийг дурын үзэмжээр шийдэж ирснийг хуулиар 14/14 хоног байдлаар эсвэл 14-өөс доош бол ажил, амралтын хуваарийг тэнцүү байхаар зохицуулсан. Энэ заалт шинээр мөрдөгдөж ирснээс болж уул уурхайн зарим компани, ажил олгогчдод ээлжийн хуваарьт зохицуулалт хийх, шаардлагатай ажиллах хүчнийг шинээр авч сургах асуудал тулгарч байна. Харин 28/14, 21/10, 30/10 хоногоор явж байсан уурхайчдын хувьд 14/14 хоног болсноор ажиллах өдөр цөөрсөн. Үүнтэй холбоотой цалин буурах асуудал гарч байна. Үйлдвэрчний эвлэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэн найруулгын төсөл өргөн барьж, хэлэлцүүлэг явагдаж байхад уурхайчдаас авсан нэг ээлжийн хугацаа хэтэрхий урт байна гэх санал хүсэлтийн дагуу ингэж шийдсэн. Жишээлбэл, 56 хоног нэг ээлжид явсан тохиолдол ч бий. Энэ нь жилийн 4/3-ийг уурхай дээр өнгөрүүлж, хэтэрхий бага хугацааг гэр бүлдээ зарцуулж байна гэх асуудал яригдсан учир шинэ хуульд ингэж тусгасан. Цалингийн хувьд 28 хоног буюу 300 гаруй цаг ажиллаж байсан хүмүүс 14 хоног 12 цагаар ажиллана гэвэл 160 гаруй цаг ажиллана гэсэн үг. 300 гаруй цаг, 160 гаруй цаг ажиллана гэдэг цалингийн хувьд ялгаатай. Үүнийг уурхайчид мэдэж байсан. Харин Хөдөлмөрийн тухай хуульд нэг ээлжийн цагийн үргэлжлэл найман цагаас ихгүй байна. Наймаас хэтэрвэл дөрөв хүртэлх цагаар илүү ажиллаж болно гэж заасан байгаа. Нэг талаараа ажил олгогчид ээлж нэмж авсан ажиллах хүчний зардал нь өссөн боловч ажилчид илүү цагийн хөлсөө авч чадахгүй байна гэх маргаан байна.
-Уул уурхайн салбар хил гааль нээгдэж сэргэх дөхсөн энэ үед ажиллах хүчний хомсдолд орчихлоо. Тэгэхээр энэ нөхцөлд яах ёстой вэ?
-Илүү цагийн хөлсний зохицуулалт яривал 14 хоногоор ажилладаг уурхай дээр нэг ажилтанд нийт 56 илүү цагийн хөлс өгөхөөр байна. Үндэсний статистикийн хорооноос  гаргасан уул уурхайн салбарынхны цалин 3.2 сая төгрөг гэх тоо бий. Бид уул уурхайн салбарыг өндөр цалинтай гэж боддог. Гэтэл 20,28 хоногоор тооцвол 240-336 цаг ажиллаж байж 3.2 сая төгрөг авдаг байсан гэсэн үг. Үүнийг нийт цагтаа хувааж үзвэл уурхайчдын цагийн цалин 9000 гаруй төгрөг л байгаа. Үүнийг бусад хүмүүсийн цалинтай харьцуулж үзвэл тийм ч өндөр биш гэдэг нь харагдана. Иймд уул уурхайн салбарынхан хэт их ажилладаг байсан тулдаа өндөр цалин авдаг байсан болохоос уурхайчдын цалин угаасаа өндөр байгаагүй. Тэгэхээр цалин нэмэгдүүлэх тухай ярихаас илүү амьдралын баталгаа, чанарын талаар ярих нь зүйтэй. Нэгд, авч байгаа цалин нь хийж байгаа ажилдаа тохирч байгаа эсэх. Хоёрт, 14/14 хоногийн заалтыг буцаах гээд олон хүн ярьж байна. Т.Доржханд гишүүн хүртэл мэдээлэл аваад, хэвлэлийн бага хурал зарлалаа гэж байсан. Тэгэхээр цалинг нэмэх, нэмэхгүй байх асуудал биш. Илүү цагийн хөлсийг хуульд заасан бол журмаар эсвэл аргачилсан заавраар хязгаарлах ёсгүй. Гуравт, цалинг нэмэхээргүй өндөр гэж байгаа гээд байгаа хүмүүс цалин нь үнэхээр өндөр байгаа эсэхийг тогтоосны дараа бодитоор асуудалд хандах нь зүйтэй.
-Цагийн 9000 төгрөгөөр 14 хоног ажиллана гэвэл улсын дундаж цалинтай тэнцэх 1.5 сая  төгрөг авах болно. Тэгэхээр энэ цалингаар орон нутаг руу залуучууд очиж ажиллах болов уу?
-Монгол Улс алт, зэсээ дэлхийн жишигтэй адилхан үнээр гаргаж борлуулдаг. Гэхдээ уурхайчид хэзээ ч Австрали, Канад шиг 8,10 мянган долларын цалин авмаар байна гэдэггүй. Тиймээс амьдрал нь сайжрахгүй болохоор цалингийнхаа араас явж, илүү цалин авах гэж олон цагаар ажилламаар байна гэдэг. Гэхдээ тав, арван жил ажиллаад хүний бие дуусна шүү дээ. Уушгиа ч цэвэрлэж чадахгүй байгаа хүмүүс яаж 20, 30 жил ажиллах вэ. Нэг талаараа дэлхийн зах зээлийн үнээр түүхий эдээ борлуулчхаад Монгол дахь үнээр ажиллах хүчин худалдаж авч байгаа хэрэг. Дэлхийн зах зээлийн үнээр бензин шатахуун авч байгаа бол түүндээ нийцсэн цалин өгөх хэрэгтэй.
-Ростерийн хуваарийг хуулиар бус ажил олгогч, ажилчид хоорондын тохиролцоогоор шийдэх нь зүйтэй гээд байгаа шүү дээ. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Үнэхээр ард гэрт нь цалин мөнгө хэрэгтэй, хүүхэд нь памперсгүй, эхнэр нь ажилгүй байгаа нөхцөлд 14 хоног л ажиллана. 20/10 хоног гэж байгааг чинь зөвшөөрөхгүй гээд суух хэчнээн хүн байх уу. Хууль хэрэгжээд хагас жилийн хугацаа өнгөрч байна. Гэтэл 28, 30 хоногоор явж байгаа уурхай байсаар байна. Үүн дээр мэргэжлийн хяналтын газар ажлаа хийхгүй, ажил олгогчид хууль мөрдөхийг хүсэхгүй, Хөдөлмөрийн яам хуулиа хэрэгжүүлэхийг шаардахгүй байна. Зарим уурхайчаас гомдол ирсээр байна. Өөрсдийнхөөр нь ажиллахгүй бол цалингаас нь хасна, хална, дарамтална гэсээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж байна. Ийм мэдээлэл ирсэн учир мэргэжлийн хяналтын газарт хоёр, гурван газрыг өгсөн. Харамсалтай нь сэтгэлд нийцээгүй, бөөрөнхийлсөн хариу  гарсан.
-Уурхайчид хохирч байгаагаа ярьсаар байна. Тэдгээрээс хэд нь, ямар гомдолтойгоор санал хүсэлт ирүүлж байна вэ?
-Уртын ээлж шинээр эхэлснээс хойш уурхайчдаас гомдол санал ирсэн. Үйлдвэрчний эвлэл нь гишүүддээ үйлчилдэг байгууллага. Харин гишүүдээс шинэ уртын ээлжид шилжихгүй, цалинг хуулийн дагуу бодож олгохгүй байна гэх гомдлууд ирсэн. Шинэ хуулийн хэрэгжилтээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг асуудал цэгцрэх байх гэж найдаж байна. Уул уурхайн салбарт боолын, бэлгийн зэрэг янз бүрийн дарамтад хүмүүс ажилладаг. Тухайлбал, жирэмсэн эхчүүд оройн ээлжид ажилласнаар зулбах эсвэл шөнийн ээлжид байнга ажилласаар байгаад хоол нойрны эмгэгтэй болж, сэтгэцийн өөрчлөлттэй болж байгаа олон хүн бий. Мэдээж сайшаалтай зүйл байгаа. Гэхдээ эрдэнэс баялаг олборлож байгаа мөртлөө түүнийг олборлож байгаа хүн нь эрдэнэ мэт үнэ цэнгүй байгаад л асуудал байна. Шинэ хөдөлмөрийн хуулийн агуулга нь дэлхий нийтэд гарч байгаа хандлага болон 2019 онд гарсан хөдөлмөрийн хүрээн дэх дарамт, хүчирхийллийг устгахтай холбоотой конвенцийн үзэл санааг тусгаж өгсөн нь давуу талтай гэж бодож байна. Харин энэхүү хуулинд нэмэлт өөрчөлт оруулах биш хуулийг дагаж гарах дүрэм журам хуулинд нийцсэн байх ёстой.
-Тэгэхээр Үйлдвэрчний эвлэл Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй гэж ойлгож болох уу?
-Тийм, эрс эсэргүүцэж байна. Т.Доржханд гишүүн, Л.Батхүү хуульчийн клабхауст хийсэн хэлэлцүүлэгт 900 гаруй хүмүүс байсан. Ажиглалт хийхэд уурхайчдын дийлэнх нь 14/14 хоногийн ээлжийг дэмжиж байсан. Тэдгээр хүмүүс нь бүгд гэр бүлтэй. Учир нь, ар гэрийн ачааг үүрэлцэх хүмүүсийн нэг нь байхгүй эсвэл байх өөр шүү дээ. Мөн олон хоног шөнийн ээлжид ажиллаж байгаад долоо эсвэл 14 хоног амрахад нойр нь солигдож амжихгүй буцах тохиолдол байдаг. Харин 14/14 болсноор энэ асуудал шийдэгдэж, гэр бүлийн харилцаа хүртэл сайжирсан гэж байсан.  Харин залуу гэр бүл эсвэл ганц бие хүмүүсийн хувьд зээлтэй, хуримтлал хиймээр байхад 14 хоногоор хязгаарлаж байна гэх зүйлийг ярьж байгаа. Тэдгээр хүмүүс авч байгаа цалингаа хараасай. Уул уурхайн ажилчдын цалин тийм ч өндөр биш шүү.
-Та гэр бүлтэй хүмүүс дэмжиж байгаа гэж байна. Тэгвэл нийт уурхайчдын хэдэн хувь нь дэмжиж гэр бүлтэй  байгаа юм, хэдэн хувь нь гэр бүлгүй дэмжихгүй байгаа юм бэ?
-Үндэсний статистикийн хорооноос тоо баримт авч байгаа. Гэхдээ тэндээс нарийн ийм тоог авах боломжгүй байна. Харин ярилцлагад орж байгаа хүмүүс, уурхайд ажиллаж байгаа хүмүүстэй уулзахад бүгд 14/14 гэх ээлжийг дэмжиж байгаа. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг ажил олгогчийн захиалгаар, мөн ганц бие хүмүүсийн хувьд хуримтлал үүсгэх боломжтой байж байгаад төлөвлөсөн санхүүгийн зардлаа нөхөж чадахгүй байгаа учраас бухимдаж байна гэж харж байна. Үүнийг 56 илүү цагийн хөлсийг олгочихвол шийдвэрлэгдэх боломжтой.
-Зарим байгууллага шинэ Хөдөлмөрийн хуулийг дагаж, мөрдөхгүй байна гэсэн шүү дээ. Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо хэчнээн гишүүн байгууллагатай юм. Тэдгээрээс шинэ хуулийг мөрдөхгүй байгууллага байгаа юу?
-Манай холбоо 130 гаруй гишүүн байгууллагатай. Уул уурхайн 60 гаруй байгууллага бий. Үүнээс уртын ээлжээр явдаг 10 орчим байгууллага байна. Эдгээрээс уртын ээлжийн горим хэрэгжүүлэхгүй, илүү цагийн хөлсийг бодож олгохгүй хэд хэдэн байгууллага байгааг мэргэжлийн хяналтын газар өгчихсөн. Хариу нь одоохондоо гараагүй байна.
-Ээлжийг 14/14 хоногоор зохицуулсан нь ямар үр дүнд хүргэх юм бэ?
-Уул уурхайн салбарт уртын ээлжид 10 гаруй жил явснаар гэр бүлийн амьдрал байхгүй болчихдог. МУ-ын хамгийн олон хүн ажилладаг нь Өмнөговь аймаг шүү дээ. Гэтэл Өмнөговьд хамгийн их амиа хорлолт байна.  Байнгын гэр бүлийн асуудалтай байсаар байгаад сэтгэл гутралд орж амиа хорлодог. Мөн австрали, канадад хамгийн дээд тал нь 7,8 хоног ажилладаг. Учир нь уул уурхайн салбар байнга тоосжилттой газар ажилладаг. Хүний уушги долоо хоног амрахад өөрийгөө цэвэрлэдэг. Гэтэл бид 50 гаруй хоног ажиллуулж байхад уушги яаж цэвэрлэгдэх вэ. Өнөөдрийн  мөнгөний төлөө ярьж байгаа зүйл ирээдүйд маш олон мэргэжлээс шалтгаалсан өвчний бий болгоно. Мөн ядаргаанаас болж үйлдвэрлэлийн асуудал үүснэ. Үүнээс л урьдчилан сэргийлэх гэж байгаа хэрэг.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн